Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирэх хаврын ээлжит чуулганаар 20 орчим хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр хуулийн төслүүдэд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл багтаж байгаа бөгөөд тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллага, сонирхогч иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан “Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-д Монгол Улс 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан.
Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ.” гэж заасны дагуу Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 45-д Монгол Улсын Засгийн газар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар тусгасан.
Дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагын улмаас Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалаар байгуулсан. Тус Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөл нь нийтийн эрх ашгийн төлөө Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад гол зорилго нь оршиж байгааг онцлов.
Монгол Улсын хувьд 2002, 2016, 2023 онуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж, мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна.Үүний нэг жишээ нь улсын хөгжлийг хойш татаж байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн тухайн иргэнийг хамгаалах эрх зүйн орчныг тодорхой болгох асуудал нэн чухал байна.
Тиймээс тухайн хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын сайн туршлагаас санаа авч, олон талын эрдэмтэн судлаач, хуульчдын бүрэлдэхүүнтэй Ажлыг хэсэг байгуулагдаж, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсныг дурдлаа. Мөн хэлэлцүүлгийн хүрээнд хуулийн төслийг илүү боловсронгуй болгоход анхаарах асуудлууд дээр оролцогчдын байр суурь, саналыг сонсон иргэдийн эрх ашигт нийцсэн, чанартай хууль болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )