ДАШТ-2026 | Германы хөлбөмбөгийн холбоо бойкоттолж магадгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Германы хөлбөмбөгийн холбоо 2026 онд АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-нийг бойкоттлох тухай хэлэлцэж эхэлжээ. Германы хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Оке Гёттлих хэлэхдээ “Энэ тухай нухацтай авч үзэх цаг болсон. 1980-аад онд хүйтэн дайны үед ЗХУ-д болсон олимпийг бойкоттолж байсан. Одоо цаг үед үүнтэй адил нөхцөл үүсэж байна” гэсэн байна. Энэ сарын эхээр Германы Бундетагийн гишүүн Юрген Хардт мөн адил “Трампын байр суурьд нухацтай хариу өгөхийн тулд эрс шийдвэр гаргах ёстой” гэж байсан юм.

Данийн вант улсын харьяанд орших Гринланд арлыг АНУ-д нэгтгэх эсэх, цэрэг оруулах тухай санааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цухалзуулж, улмаар эх орондоо цагаачлалын радикал бодлого баримталж байгаа нь бойкотт зарлахуйц нөхцөл байдал үүсгэсэн юм.

Германы шигшээ баг түүхэндээ дөрвөн удаа 1954, 1974, 1990, 2014 онд түрүүлж байсан билээ. Хэрэв Германы шигшээ ДАШТ-нд оролцохгүй бол тасалбарын борлуулалт эрс буурах эрсдэлтэй тулгарах юм.

Германы хөлбөмбөгийн холбоо ирэх сард багтан ДАШТ-нд оролцох эсэхээ шийдвэрлэнэ.

Германаас гадна Их Британид ч ижил байр суурь давамгайлж байна. Учир нь энэ жилийн ДАШТ-нд Англи, Шотландын шигшээ оролцоно. Либерал ардчилсан намын гишүүн Люк Тейлор хэлэхдээ “Ихэрхсэн бардамналд хариу барих ганц арга зам нь ДАШТ-нийг бойкоттлох байж магадгүй” гэж байсан юм. Одоогоор Англи болон Шотландын хөлбөмбөгийн холбоо албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Харин Францын парламентын гишүүн Эрик Кокорел хэлэхдээ “Францын шигшээ баг бойкотт зарлах хэрэгтэй. Эсвэл АНУ-д болох тоглолтыг Мексик, Канадын аль нэгэнд зохиох санаачилга гаргавал оролцож болно” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top