Аваргуудын лигийн шинэ форматтай болсон хоёр дахь улирлын лигийн шатны сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө болж Барселона клуб талбайдаа Данийн Копенхаген клубийг 4-1 харьцаатай хожиж шилдэг наймд шалгарлаа. Ингэснээр шөвгийн 16-д плей-оффын тоглолт хийлгүй шууд шалгарах эрхтэй болсон юм. Испанийн аваргууд ийнхүү бүх тэмцээнд 10 дараалсан ялалт байгууллаа.
Тоглолтын эхэнд талбайн эздийн хамгаалалт сул байсан нь шангаа өгч Копенхагенийн 17 настай Виктор Дадасон гоол оруулж дөрөв дэх минутаас эхлэн тэргүүллийг гартаа авсан юм. Талбайн эзэд гоол алдсанаас хойш довтолгоогоо эрчимжүүлсэн. Ялангуяа Дани Олмо идэвхтэй байсан. Гэвч Копенхаген клубийн 4-5-1 хувилбар Барсагийн довтолгоонд саад учруулж байсныг дурдах нь зүйтэй. Тэд Барсаг шахаж, ихэнхдээ гоолын боломжийг нь үгүй хийж байлаа. Хэдийгээр Барсагийн бөмбөг эзэмшилт 80% байсан ч эцсийн мөчид гоол орохгүй л байв. Талбайн эздээс хэд, хэдэн аюултай цохилт хийснээс Эрик Гарсиагийн шон оносон цохилтыг дурдах нь зүй. Эсрэгээрээ Даничуудаас хааяа нэг довтолж, хагас хамгаалалтын шугамд Биргер Мелинг, Жордан Ларссон нар сайн тоглолт үзүүлсэн. Чухамдаа тэдний сайн тоглолтын ачаар эхний үе зочдын давамгайллаар өндөрлөсөн юм.
Барселона клуб ийнхүү бүх тэмцээнийг оролцуулаад 10 дараалж ялалт байгууллаа...
Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд Барсагийн уулгалсан довтолгоо зогссонгүй. Ялангуяа эхний хоёр минутад Копенхагенийн хаалгач Котарски завгүй байлаа. Барсагаас Ламин Ямаль, Марк Бернал нар хаалга руу хэд, хэд цохив. Марк Бернал хоёрдугаар үед Эрик Гарсиагаар солигдон талбайд гарч ирсэн юм. Ийнхүү хоёрдугаар үе эхлээд хоёр минутын дараа 48 дахь минутад Ламин Ямалийн гайхалтай дамжуулалтыг Польш довтлогч Роберт Левандовски чулуу болгож тоглолтыг тэнцүүлэв. Ийнхүү тэрээр Аваргуудын лигт 107 дахь гоолоо оруулж түүх бүтээлээ. Ийнхүү талбайн эздийн довтолгоон улам сэргэсэн. Тоглолтын 60 дахь минутад Фермин Лопезийн дамжуулалтаар Ламин Ямаль ур чадвараа гайхуулсан гоол оруулав. Хоёр дахь гоол ороод 7 минут ч өнгөрөөгүй байхад торгуулийн талбайд Левандовскиг унагааж, эзэд 11 м-ийн торгуулийн цохилт цохих эрхтэй болсон. Торгуулийн цохилтыг Рафинья гайхалтай гүйцэтгэж, эзэд тэргүүллээ баталгаажууллаа. Эздийн тоглолтод хожих магадлал өндөр байсан ч, шилдэг наймд багтахын тулд дахин гоол оруулах шаардлагатай байсан. Копенхаген олдсон хэдэн боломжоо ашиглан хаалга руу цохисон ч харамсалтай нь үр дүнд хүрээгүй.
Тоглолтын сүүлийн 10 минутад Барса гоол оруулахын тулд хичээсээр л байлаа. Улмаар Олмогийн оронд сэлгээнээс орж ирсэн Маркус Решфорд чөлөөт цохилтоор гоол оруулж, 4-1 харьцаагаар тэргүүлж эхлэв. Тоглолтод өөр гоол оролгүй энэ хэвээр өндөрлөж, эцсийн мөчид Барселона клуб Аваргуудын лигийн тавдугаар байраар шалгарч, шөвгийн 16-д шууд шалгарсан юм. Ийнхүү Данийн Копенхаген клуб Европын тавцанд Испанийн багуудтай хийсэн 17 тоглолтын дөнгөж нэгэнд нь л ялалт байгуулж, бусдад нь хожигдсон гэх тааруу статистиктай үлдлээ. Данийн клубийн хувьд Европын аялал нь энэ хүрээд өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )