ОХУ-ын хөлбөмбөгийн дээд лигийн "Сочи" багийн дасгалжуулагч Роберт Морено багийн бэлтгэл, тактикт ChatGPT ашигладаг байсан нь тогтоогдож, улмаар ажлаасаа халагджээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард дасгалжуулагчийн ажлаас халагдсан юм. Тухайн үед Оросын дээд лигт долоон тоглолтоос нэг оноо авч, тааруу амжилтын улмаас халагдсан гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байв. Гэтэл дөнгөж саяхнаас түүнийг хиймэл оюуны чат ашигладаг байсныг багийнх нь удирдлагууд илчилжээ.
"Сочи" багийн ерөнхий захирал асан Андрей Орлов хэлэхдээ “Морено бэлтгэлийн хуваарь гаргах, учраа багийн тактик судлах, түүнд тохирсон багийн тактик сонгохдоо байнга ChatGPT ашигладаг байсан” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьжээ.
Оросын лигийн хамгийн урт аялал болох Хабаровск руу аялан тоглолтоор явахад түүний ChatGPT ашигласан нь тодорхой болсон байна. Учир нь төлөвлөсөн нислэгээр бус хиймэл оюуны тодорхойлсон маршрутаар олон цаг аялах болсон нь тоглолтын үр дүнд нөлөөлжээ. Тоглолт болохын өмнө багийн удирдлагууд товч маршрутаар явах ёстой гэсэн ч Морено маршрутдаа ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.
Өөрийн гэсэн арга барилгүй, ChatGPT-с хэтэрхий хамааралтай байдал нь халагдах үндэс болжээ.
Түүнчлэн "Сочи" багийн довтолгооны гурван тоглогч болох Владимир Писарский, Павел Мелешин, Артуш Шушеначёвоос ChatGPT рүү үндсэн үзүүлэлтийг нь оруулж, нэгтгэн дүгнээд улмаар хиймэл оюун Шушеначёвыг сонгосон нь багийн эцсийн шийдвэрт шууд нөлөөлжээ. Тэр нь алдаатай байж, багийн амжилтад сөргөөр нөлөөлсөн билээ.
Роберт Морено нь Испанийн шигшээ багийг 2019 онд богино хугацаанд, "Монако" болон "Гранада" клубийг тус бүр нэг улирал дасгалжуулж байсан түүхтэй. Улмаар 2023 оны 12-р сард Оросын хөлбөмбөгийн “Сочи” багтай нэгдэж байлаа. Харамсалтай нь түүнийг дасгалжуулагчаар ирсэн анхны улиралд дээд лигээс доош унаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )