
Аваргуудын лигийн 7-р тойрогт Португалийн Спортинг клубтэй учраа таарсан Пари Сен Жермен клуб 2-1 харьцаагаар ялагдал хүлээлээ. Тоглолт эхнээсээ ПСЖ-ийн давамгайлал дунд өрнөсөн ч, үр дүн тэдний талд байсангүй.
Бүх тэмцээнийг оролцуулаад долоон тоглолтоос зургаан ялалт байгуулсан ПСЖ урам зоригтойгоор Лисабонд газардсан. Эхний үед Витинья, Нуну Мендеш нар гоол орж болохуйц цохилт гүйцэтгэсэн юм. Эзэн баг Спортинг ч мөчөөгөө өгөлгүй хэд, хэдэн сөрөг довтолгоо хийсэн ч гоол оролгүй байсаар эхний хагас өндөрлөсөн. Хоёрдугаар хагас эхэлмэгц ПСЖ гоол оруулах гэж хичээсээр байлаа. Чухам ийм учраас бөмбөг эзэмшилт эзэн багаас илүү байсан юм. Хоёрдугаар хагасын эхэнд ПСЖ клубийн Фабиан Руизийн дамжуулалтаар Уоррен Зайр-Эмери мөргөж гоол оруулсан ч, “ВАР”-аар нягталж үзээд энэ гоолыг тооцоогүй. Энэ мөчөөс хойш Усман Дембеле цохисон ч шон оносон бол, Дезире Дуэ гоолын магадлалтай боломжоо алдсан.
Аваргууд олон боломж алдсаны шийтгэлийг эзэн багаас 74 дэх минутад амсуулж Луис Суаресийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Гэвч эзэн багийн гоолын баяр удаан үргэлжилсэнгүй. Энэ гоолоос ердөө 5 минутын дараа Усман Дембелегийн гайхалтай дамжуулалтаар Квица Кварацхелиягийн гоолоо тэнцүүлсэн. Үүнээс хойш зочин баг гоол оруулах гэж, эзэн баг гоол алдахгүйн төлөө хичээсэн юм. Гэхдээ эзэн баг ПСЖ-ийн гоолын шахалтыг ашиглан өөрсдөө оноо авах гэж боломж үүсгэж байсныг дурдах нь зүйтэй. Спортингийн хичээл зүтгэл талаар болсонгүй тэд тоглолтын эцсийн мөчид 90 дэх минутад Тринкаогийн цохилтыг хаахад ирсэн бөмбөгийг Луис Суарез мөргөж оруулснаар эзэд тэргүүллийг авч чадлаа. Хэдийгээр ПСЖ клуб тэнцүүлэх гэж хичээсэн ч үр дүнд хүрэхгүй байсаар энэ үр дүнгээрээ өндөрлөсөн юм.
Спортинг клуб Францын багуудын эсрэг гайхалтай тоглодог үр дүнтэй байна. Тэд Францын багуудын эсрэг 10 тоглолтод найман удаа ялалт байгуулсан гэх гайхалтай амжилттай байна. Өнгөрсөн шөнийн тоглолтод Спортинг клуб ялалт байгуулсанаар 13 оноотой зургаадугаарт эрэмбэлэгдэж байна. Харин ПСЖ клуб ялагдал хүлээснээр мөн 13 оноотой гоолын зөрүүгээр Спортингийн дээр бичигдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )