Барселона клуб Испанийн супер цомд Реал Мадридыг 3-2 харьцаагаар хожиж түрүүлсэн. Хэдийгээр тооны харьцаа ойрхон боловч талбайд эзэрхсэн нь Барса. Гэвч үүний нууц нь юу байв аа. Барселона клубийн тоглогчид ялалтын баяраа тэмдэглэж байхад Ламин Ямал талбайн зах руу явж байгаа нь камерийн дуранд өртсөн. Үргэлжлүүлээд ажиглаад л байвал тэр ганцаараа зогсоод медаль руугаа анхааралтай гэгч нь ширтсээр л байв. Тэр нүдэндээ нэг нарны шил, толгой дахиад нэг шил зүүсэн байлаа. Зураглаач түүнийг ажиглаж байгааг мэдсэн Ламин Ямал алтан медаль руугаа, дараа нь цамцныхаа Барса клубийн сүлд рүү заасан. Тэр энэ үйлдлээ хэдэн удаа давтаж хийсэн билээ.
Ердөө 18 настай Ламин Ямал “ТикТок”-ын 38 сая дагагчийнхаа хамтаар хувцас солих өрөө рүү баяраа тэмдэглэхээр оров. Балде, Касадо, Барджжи нартай хамт бүжиглэх бүжгээ магадгүй тэр аль хэдийн толгойдоо төсөөлчихсөн байсан нь гарцаагүй.
Ийнхүү Барселона клуб дараалсан гурван шигшээ тоглолтод Реал Мадридыг буулган авлаа. Энэ бол тэдний клубийн түүхийг шинээр бичсэн үйл явдал. Өмнө нь тэд хэзээ ч гурав дараалсан “Эль Классико”-д ялалт байгуулж байгаагүй юм. Олон судлаачдын үзүүлэлтээр Реал Мадрид бол шигшээ тоглолтын хаан. “DAZN”, “1xBet”-ийн судалгаагаар тэд 106 шигшээ тоглолтод оролцож, 68-д нь ялалт байгуулсан бахдам түүхтэй. Дээр нь тэд зөвхөн Барсатай 20 шигшээ тоглолтод таараад 11 удаа хожчихсон байлаа. Гэвч байдал эргэж Барса тэргүүлэх магадлалтай боллоо.

Барсачууд сүүлийн гурван жилийн хугацаанд Реал Мадридыг дөрвөн шигшээд хожсон. Тоочвол 2023, 2025, 2026 оны Супер цом, мөн өнгөрсөн улирлын Эзэн хааны цом юм. Барсагийн 120 гаруй жилийн түүхэнд тэд Мадридыг ердөө таван шигшээ тоглолтод л хожиж байлаа. Үүнийг илтгэх нэг үгийг Терри Анригийн хэлсэн нь “Европын бүх клубууд Реал Мадридаас, Реал Мадрид Барселонагаас айдаг” юм. Анри энэ үгийг 2022 оны тавдугаар сард хэлж байв. Барсагийн одоогийн залуу бүрэлдэхүүн түүний хэлснийг батлахаар зорьж байна. Зүтгэж байна. Хэдийгээр эдгээр залуучууд Реал Мадрид клуб Аваргуудын лигт дараалан түрүүлэхийг харж өссөн байж болох ч одоо байдал өөр болсныг тэд тэмцлээрээ харуулсаар байгаа. Одоо тэдэнд Ямалаас гадна “Ла Масиа”-гийн бүтээгдэхүүн Лопес, Балде, Кубарси байна. Чухам тэдний ачаар Барсагийн тоглолт өөрчлөгдсөн юм. Заналт дайсныхаа сүрдэм амжилтаас айлгүй тоглолтын ур чадвараа харуулж, бэлтгэл байгаа мэт чөлөөтэй, өөртөө итгэлтэй тоглож байна. Нийтлэлийн эхэнд дурдсан Ямалын гаргасан үйлдэл үүний нэг жишээ. Тэр бол ялалт байгуулчхаад түүнийгээ илэрхийлж чаддаг тоглогч. Ихэнх каталончууд тийм биш. Тэр бол каталончуудаас арай өөр хүн. Ялангуяа 2024 оны аравдугаар сарыг санах хэрэгтэй. Тэр үед Ламин Ямал 17 насандаа Реал Мадридын талбай дээр гоол оруулснаа гоолын баяраа гайхалтай тэмдэглэсэн. Ямал хувьд болдог л тоглолтод оролцож, хийдгээ л хийсэн мэт байв. Тэр дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн тайзан дээр байгаагүй юм шиг л аашилсан. Өнгөрсөн аравдугаар сард талбайн гадна байгаа байдал, “Эль Класико”-гийн өмнө олон сэтгэл илэрхийлсэн нь нийтэд таалагдаагүй. Гэхдээ тэр хэнээс ч илүү чөлөөтэй тоглож чаддаг шүү гэдгээ харуулсан нь тэр байлаа. Чухамдаа түүний өөртөө итгэх итгэл, клубийнхээ бусад гишүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тоглолтын хэв маягаас нь харж болно.
“Европын бүх клубууд Реал Мадридаас, Реал Мадрид Барселонагаас айдаг”
Тьерри Анри
Барселона бодит байдал дээр дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их өртэй клуб. Мөнгө санхүүгийн байдал нь солилцоо наймаан дээр хангалттай ажиллаж чадахгүйд хүргэж байгаа. Гэвч энэ үнэний эсрэг өөр нэг үнэн байгаа нь “Ла Масиа”. Барсагийн залуучуудын академи клубийн амин сүнс байсаар ирсэн. Барсагийн санхүүгийн хүндрэл нь “Ла Масиа”-гийн залууст өмнө нь байгаагүй их боломж олгосон. Лопес, Мартин, Кубарси үүний эхлэл. Эдгээр тоглогчдоос гадна Педри, Касадо, Бернал, Гави ч үүнийг гэрчилнэ. Барсагийн шинэ үеийнхээ тоглолтоос тоглолтод ур чадвараа сайжруулж, итгэх итгэлээ сэргээсээр байна. Үүнийг амжилт нь гэрчилнэ. Тэд өнгөрсөн улиралд дотооддоо гурван цом өргөсөн. Манай цагаар даваа гарагийн шөнө Супер цомд ялалт байгуулсан нь ч шинэ түүхийн гэрчлэл. Одоо тэд Ла Лигийн хүснэгтийг хоёрдугаар байрын Реал Мадридаас дөрвөн оноогоор тэргүүлж байна. Супер цомын ялалт нь дараа, дараагийн амжилт ойрхон байгаа гэх найдвар төрүүлсэн. Куле нарын хувьд 2015 оноос хойш түрүүлж чадаагүй байгаа Аваргуудын лиг. Түрүүлэхийн тулд тэд одоо байгаагаасаа ч сайжрах ёстой. Довтолгооны Левандовски, Рафинья гэх гайхалтай хослол юу хийж чаддагаа аль хэдийнээ харуулчихсан. Хэдийгээр тэд 2025 оны аравдугаар сард Ла Лигийн ээлжит тойрогт Реалтай учраа таарч 2-1 харьцаагаар хожигдсон ч Реалын хүчтэй өрсөлдөгч болсон нь гарцаагүй байна.

“Би өнгөрсөн тоглолтын талаар боддоггүй. Үргэлж дараагийн тоглолтын тухай л боддог. Энэ ялалт, энэ цом бидэнд үнэхээр чухал байсан. Учир нь Реалын эсрэг тоглох нь үргэлж өөр байдаг”
Ханси Флик
Өмнө нь Барсагийн тоглолтыг хожиж байсан ч хожигдох магадлалтай гэх мэдрэмжээр үздэг байв. Одоо харин эсрэгээрээ эргэж хожигдож яваа ч хожиж магадгүй гэх мэдрэмжээр үздэг боллоо. Яаж ингэж өөрчлөгдсөн бэ гэвэл зөвхөн ур чадвартай залуус байгаад зогсохгүй дасгалжуулагч чухал. Ханси Фликийн залуустаа итгэж байгаа нь, системийн ур маяг нь энэ амжилтийн гол нууц. Тэрээр тэдэнд нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харах, хөлбөмбөгийг таашаал авах гэж тогло гэж ойлгуулж буй хүн нь. Учир нь тэр ч ийм л тактикаар тоглосоор ирсэн. Тэрээр хэлэхдээ “Би өнгөрсөн тоглолтын талаар боддоггүй. Үргэлж дараагийн тоглолтын тухай л боддог. Энэ ялалт, энэ цом бидэнд үнэхээр чухал байсан. Учир нь Реалын эсрэг тоглох нь үргэлж өөр байдаг” гэсэн юм.
Үнэхээр гайхалтай. Фликийн Барса Мадридыг шигшээ тоглолтод хэрхэн ялах жорыг олсон бололтой.

Сэтгэгдэл ( 0 )