_73538.jpg)
Японы Хоккайдо мужийн амбан захирагч Наомичи Сүзүки Томари атомын цахилгааны станцын гуравдах реакторыг дахин ажиллуулахыг дэмжих шийдвэр гаргажээ. Ингэснээр Японы орон нутгийн удирдлагын түвшинд үйл ажиллагааг нь зогсоогоод байсан атомын цахилгаан станц дахин ажиллуулах тухай хоёрдох шийдвэр сарын дотор гарчээ.
Өнгөрсөн сарын сүүлээр дэлхийн хамгийн томд тооцогддог реакторуудын нэг болох Кашивазаки Карива атомын цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээхийг Нийгата мужийн амбан захирагч дэмжсэн билээ.
Томари атомын цахилгаан станцын гурав дахь реакторыг 2027 онд ажиллуулж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Үүнээс өмнө шинэ далан болон цөмийн түлш тээвэрлэх шинэ боомт барих шаардлагатай аж. Реакторын аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээнд нийт 630 тэрбум иений хөрөнгө оруулалт шаардлагатай.
2011 онд Фүкүшима атомын цахилгаан станц дээр осол гарахаас өмнө тус улсад нийт 54 атомын цахилгаан станц ажиллаж байсан бөгөөд тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 гаруй хувийг хангадаг байжээ. Ослын дараа бүх станцуудыг зогсоожээ. Сүүлийн жилүүдэд тус улс аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч, зарим станцуудыг ажиллуулж эхэлсэн байна. Өдгөө Японд 14 реактор дахин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )