Өнгөрсөн гурван жилд “CS2” төрлийн The MongolZ хэмээх баг яг л галт шувуу адил үнсэн дээрээс өндийж, хэд, хэдэн томоохон тэмцээнд түрүүлж, мейжорт аман хүзүүдэн дэлхийн И-Спортын ноён оргилд гарч чадсан юм. Энэ баг чухам юуны учир өндөр хөгжилтэй улс орнуудын, чамгүй чадвартай тамирчдыг ардаа орхиод асар богино хугацаанд, ийм том амжилт үзүүлж чадсан бэ?
2013 он: The MongolZ баг байгуулагдав
The MongolZ-ийн түүх 2013 онд эхэлсэн. Тухайн үед Л.Түвшинбилэг “oroitsonboroo” эх орондоо и-спортын чадварлаг тамирчдыг нэгтгэж баг байгуулахаар зориг шулуудав. Тухайн цаг үед Монгол Улсад “Дота 2” алдартай байсан тул анхны баг ч энэ тоглоомын хүрээнд байгуулагдаж байв.
Үүнээс хоёр жилийн дараа Улаанбаатар хотын PC тоглоомын газруудад өсвөр насныхан дунд counter-strike мандаж байв. Яг энэ үетэй зэрэгцэн Л.Энхтайван “Machinegun”, Б.Тэмүүлэн“Zilkenberg" болон багийн одоогийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa” нар counter-strike төрлийн “The MongolZ” багийг байгуулсан түүхтэй. Энэ багийн анхны амжилт нь 2016 онд Тайваньд зохиогдсон “Intel Extreme Masters X” тэмцээнд түрүүлснээр эхэлсэн. Яг тэр жилд нь болсон “ASUS ROG Masters 2016” тэмцээнд түрүүлснээс гадна өөр хэд, хэдэн тэмцээнд амжилттай оролцсон ч дэлхийн шилдэг баг болоход нэг л зүйл дутаад байлаа. Тухайн үед эх оронд нь ивээн тэтгэгч барагтай, төрийн дэмжлэг ч сул байж. Тоглогчид бэлтгэл сургуулилт хийх байр сав, нөөц бололцоо дулимагийн дээр олон улсын тэмцээнд оролцох виз авахад байнга саад тулгарч байв. Нөхцөл байдалтай нийцүүлэн багийн бүрэлдэхүүнээ хэд, хэд сольсон ч амжилт үзүүлж чадсангүй. Ингээд эцэст нь 2022 оны сүүл гэхэд тоглогчид багаа орхисноор “The MongolZ” баг цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болсон юм.
2023 он: “The MongolZ” дахин төрөв
Тулах цэггүй “The MongolZ” баг ингээд дуусаж болох байсан. Аз болж Монголд и-спортын дэмжлэг эрс сайжирч, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулах хүсэлтэй шинэ үеийн тамирчид гарч ирсэн нь эргэлтийн цэг болсон юм.
Монголд 2023 он гэхэд counter-strike төрөлд “IHC Esports” баг номер нэг байлаа. Дээрх багийн бүрэлдэхүүнд Б.Гарьдмагнай “Blitz”, М.Содбаяр “Techno4K”, Б.Баатархүү “Bart4k”, Н.Түвшинтөгс "Annihilation", Б.Чингүүн “hasteka” нар багтсан юм. Тухайн үедээ BLAST.tv Парис мейжор 2023 тэмцээний ази-номхон далайн бүсээс шалгарахын төлөө бэлтгэлээ базааж эхлэв.
Ази тивийн шилдэг баг болох тэмүүлэлтэй энэ баг бүрэлдэхүүнээ шинэчлэхээр шийджээ. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “MaaRaa”-гийн хамтаар багийн бүх гишүүн “IHC Esports” багийг орхиж “The MongolZ” нэрийн эрхийг аван цоо шинэ төрхөөр эргэн ирэхээр болсон юм.
Өмнө нь “IHC Esports” багийг ивээн тэтгэж байсан “1xBet” олон улсын бренд шинээр байгуулагдсан “The MongolZ”-ийн хүсэл тэмүүлэл, амжилтын төлөөх хөдөлмөрт нь итгэл үзүүлж хамтран ажиллахаар болов. Шинэ тутам байгуулагдсан багийг хөл дээр нь босгох, тоглогчдыг нь чадваржуулах, Европын шилдэг багуудаас суралцах боломжоор хангах, байнгын бэлтгэл хийх нөхцөлөөр хангагдсан түүх нь гэвэл ийм.

2023 он: Шилдэг 20-д багтав
Өмнөх багийн нэр л солигдсоноос өөрөөр багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй тул BLAST.tv Парис Мейжор тэмцээний зохион байгуулагчид Азийн бүсийн сонгон шалгаруулалтад орох зөвшөөрлийг "The MongolZ"-д саадгүй өгчээ. Шинэ нэртэй болсноос хойш ердөө долоо хоногийн дараа азийн бүсийн сонгон шалгаруулалтаас торох юмгүй гарч ирэв. Ингэснээр тэд анхны мейжор тэмцээний утаа үнэрлэхээр Парисыг зорих боломжтой болсон юм. Эхний тэмцээн тийм ч гайхалтай байсангүй. Тэд хэсгийн шатанд ердөө ганцхан хожил байгуулж 20-22-р байр эзлэв. Анхны юм бүхэн амаргүй байдаг ч тэдний олж авсан туршлага үнэлж баршгүй байсан юм.
Мейжор тэмцээний дараа 2023 оны тавдугаар сард багийн бүрэлдэхүүнээс хоёр тоглогч хасав. Б.Баатархүү “Bart4k”-ийн үзүүлэлт тааруу, Н.Түвшинтөгс "Annihilation" тогтвортой тоглож чадахгүй байсан тул тэднийг багаас хасжээ. Ийнхүү Б.Баатархүү “Bart4k”-ийн төрсөн дүү болох Б.Аюуш “mZinho” багт нэгдэв. Тухайн үед ердөө 15 настай байсан ч өсөх ирээдүйтэй тоглогч болох боломж дүүрэн байсан нь гарцаагүй. Инээмсэглэл цацруулсан өсвөр насны энэхүү эмээгийнхээ ачаар и-спорттой замналаа холбожээ. Б.Аюушд компьютер авах мөнгө байгаагүй ч и-спортод сонирхолтой байсан тул эмээ нь тэтгэврийн зээл авч анхны компьютерийг нь өгснөөр бахдам амжилтынх нь эхлэл тавигдсан түүхтэй.
Багт нэгдсэн дараагийн тоглогч нь Б.Өсөхбаяр “910” байсан юм. Тухайн үедээ тэрээр “Clutch Gaming” багийн нэг хэсэг болж өөрийн ур чадвараа гайхуулж эхлээд байлаа. Түүний хувьд и-спортын замналаа “Дота 2”-оор эхлүүлж, чамгүй амжилт үзүүлсэн. Гэвч цаашдын замналаа “counter-strike”-тай холбожээ. Улаанбаатар хотоос 200 км зайд Дарханд амьдарч байсан тул тэмцээнд оролцохын тулд галт тэргээр нийслэл хотыг зорьдог байсан юм. Ялалтын тэмүүлэл нь тэнд ингэж суусан байж болох юм.
Ийнхүү бүрэлдэхүүнээ зузаатгаж байсан ч “ахмад” тоглогч Б.Чингүүн “hasetka” 2023 оны есдүгээр сард багаас гарч буйгаа зарласан юм. Тухайн үед 25 настай байсан Б.Чингүүн “hasetka” энэ шийдвэрээ багийн уур амьсгалыг өөрчлөх, шинэ үед орон зай олгохын тулд байсан гэж тайлбарлав. Түүний орыг “HKT” багийн гишүүн 17 настай М.Азбаяр “Senzu” залгасан юм.
Багийн бараг бүх тоглогчид өмнө нь биесээ мэддэг байсан нь онцлох ёстой зүйл. Б.Гарьдмагнай “Blitz”, М.Содбаяр “Techno4K” нар Монголын өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан бол Б.Аюуш “mZinho”, М.Азбаяр “Senzu” нар багаасаа нөхөрлөсөн андууд.
Баг дөнгөж бүрэлдэн тогтож байхдаа чадвараа сайжруулах, тогтсон стратегитай болоход зорьж байсан тул 8-11 дүгээр сарын хооронд багийн чансаа 19-50-р байрт хэлбэлзэж байв. Гэсэн ч тэд 2023 оны эцэс гэхэд HLTV чансааны 20-р байрт баттай багтдаг болж, ур чадвартай гэдгээ дэлхий дахинд харуулсан билээ.
2024 он: Шилдэг 10-т багтах болов
2024 оны эхэн гэхэд counter-strike тоглоомыг хөгжүүлэгч “Valve” компани багийн албан ёсны зэрэглэлийн системийг нэвтрүүлэв. Энэ мөчөөс эхлэн counter-strike төрлийн тэмцээнийг зохион байгуулагчид “Valve”-ийн дэлхийн чансаанд эзэлж буй байраар нь үнэлэн багуудад урилга өгөх болжээ. The MongolZ баг шинэ системийн үнэлгээгээр харьцангуй өндөр буюу 25-р байрт эрэмбэлэгдсэн юм.
Энэ он бол “The MongolZ” багийн хувьд амжилт, баяраар бялхсан жил байлаа. Тэд eXTREMESLAND 2023, MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 тэмцээнүүдэд түрүүлснээс гадна тухайн жилийн хоёр мейжор тэмцээнд хоёуланд нь шалгарч PGL Копенгагены мейжор тэмцээнд 15-р байр, Шанхайн мейжор тэмцээнд 5-р байр эзлэв. Тухайн жилийнхээ хоёр дахь мейжорт шалгарахаас өмнө түнш байгууллага болох 1xBet бренд тэдний алдарыг цуурайтуулах зорилгоор нийслэл хотод графити бүтээлгэсэн билээ. Битлзийн хөшөөний дэргэд ийнхүү и-спортын шилдэг тамирчдыг алдаршуулсан бүтээлж төр, хүн бүр харж бахдах боломжтой болсон юм.
Тухайн жилдээ “The MongolZ” баг оролцсон бүх тэмцээнээс нэг сая гаруй ам.долларын шагнал цуглуулсан нь counter-strike төрөлд шагналын орлогоороо эхний тавд бичигдэх үзүүлэлт байлаа. Ур чадвар нь хурдан дээшилсэн энэ баг 2024 оны долоодугаар сард анх удаа дэлхийн шилдэг 10 багийн нэг болсон юм. Тэд Valve чансааны дөрөвдүгээрт, HLTV чансааны долоодугаарт эрэмбэлэгдсэн билээ.
2025 он: Дэлхийн шилдэг баг болов
И-спортын төрөлд гайхалтай амжилт гаргасныг нь үнэлэн “The MongolZ”-ийг Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2025 оны хоёрдугаар сард албан ёсоор орууллаа. Монгол Улсын Засгийн газар ч бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Яг энэ цаг үетэй зэрэгцэн The MongolZ баг эх орондоо ирж, MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээнд оролцов. Хуучин багийн бүрэлдэхүүнтэй тоглох, сонирхолтой форматтай дээрх тэмцээн и-спорт сонирхогчдын цөсийг хөөргөж, амжилт ялалтаар нь бахдах боломж олгосон юм.
Энэ улирлын эхний хагаст “The MongolZ” баг оролцсон бараг бүх тэмцээнийхээ плей-офф шатанд шалгарч, анхны цомоо өргөх хүсэл тэмүүлэл нь бадарсан билээ. Тэд 2025 оны тавдугаар сар гэхэд HLTV чансааны эхний тавд эрэмбэлэгдэж эхлэв. Зуны амралт эхлэхээс өмнө “The MongolZ” багийнхаа төдийгүй, улсынхаа и-спортын түүхийг шинээр бичих бахдам амжилтаа үзүүлсэн билээ. Тэд 2025 оны зургаадугаар сард BLAST.tv Остин мейжор тэмцээний хэсгийн шатнаас 3-2 амжилтаар шалгарав. Шөвгийн наймд "Faze Clan" багийг 13:9, 13:11 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд тэд Өмнөд Америкийн “paiN Gaming” багийг 13:5, 13:5-аар торох юмгүй буулган авав. Ингээд тэд Остин Мейжорын шигшээ тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч “Vitality” багтай учраа таарсан билээ.
Цагийн зөрүүнээс шалтгаалан ихэнх тэмцээн Монголын цагаар шөнийн 03:00 цагт үзэгчдийн хүртээл болж байсан юм. Гэвч цагийн зөрүүг үл ажран Монголын хүүхэд, залуус и-спортын шилдэг багаа хөгжөөн дэмжсэн билээ. Тэд шигшээд шалгарсан нь л өөрөө түүх байлаа. Ази тивээс мейжор тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 3-4-р байр байсан юм.
Шигшээ тоглолт үлгэрийн гэмээр эхэлсэн. “The MongolZ” баг дэлхийн чансааг тэргүүлэгчдийг эхний үед Мираж дээр 13:5-аар илүүрхэн шуугиан тарив. Гэвч тэд дараалсан хоёр үед 4:13, 6:13-аар хожигдол хүлээн мейжорын цомоос атгаад алдсан юм. Тэдний тухай дэлхийн хэвлэлүүд шуугьж, ярих ярианы сэдэв болоод зогсохгүй HLTV чансаанд анх удаагаа гуравдугаарт эрэмбэлэгдэв.
Зуны завсарлагын дараа “The MongolZ” баг BLAST Bounty Fall 2025, FISSURE Playground №2 тэмцээнд аман хүзүүдэж, 2025 оны Esports World Cup тэмцээнд түрүүлсэн юм. Ийнхүү тэд 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр HLTV чансааг тэргүүлж, дэлхийн тэргүүн багийн оройд заларлаа. Тэд үүнээс гадна Valve чансааг ч тэргүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )