ПСЖ клубийн соёлыг үндэслэгч, анхны ахлагч Жеан Жоркаефф

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

Аливаа том клубийн түүх хэн нэгэн хувь хүнээс эхэлдэг. Парис Сен Жермен клубийн хувьд Жеан Жоркаефф бол түүхэн хүн юм. Чухамдаа тэр л Парисыг европын хөлбөмбөгийн элит тавцанд гаргасан анхны ахлагч нь билээ.

Хаант Орос задран унахтай зэрэгцээд Жоркаеффийн гэр бүл Францын Шарвье-Шавано гэх жижиг тосгонд нүүн ирж, суурьшжээ. Энэ гэр бүлд Жеан Жоркаефф мэндэлсэн юм. Аав нь халимаг гаралтай, ээж нь польш гаралтай. Үүгээрээ монголтой ямар нэгэн сэжмээр холбогддог нь сонирхол татна. Тэрээр мэргэжлийн замналаа Лион клубээс эхэлсэн. Олимпик Лион клубт найман жилийг өнгөрөөхдөө Францын цомд түрүүлж нэр алдараа цуурайтуулж байлаа. Тэрээр багийн ахлагч байгаад зогсохгүй хамгаалалтын ноён нуруу нь байсан юм. Удалгүй Жеан Жоркаефф Францын үндэсний шигшээд дуудагдаж, хамгаалалтын жанжин байгаад зогсохгүй 1966 онд Дэлхийн аваргад өөрийгөө ямархан нөөц бололцоотойг харуулж чадсан юм. Дэлхийн аваргад гялалзсаны дараа Жоркаефф Олимпик Марсельд очиж, тэндээ дөрвөн жилийг үдэхдээ Францын цомд дахин түрүүлж чадсан билээ.

Шинэ амьдралыг хайн Францад ирсэн цагаач гэр бүлд өссөн Жоркаефф багаасаа л тэмцэгч араншинтай байлаа. Чухам энэ нь тоглолтын ур маягт нь нөлөөлж хамгаалалтын бүх л байрлалд тоглох төрөлх чадварыг нэмэгдүүлсэн юм. Тэрээр төвийн болон жигүүрийн хамгаалалтын аль, алинд нь тоглох ур чадвартай. Жоркаефф хэвлэл мэдээллийнхний дунд ч, багийнхандаа ч, Францын ард түмэнд ч хүндлэгдсэн нэгэн. Төрөлхийн хамгаалах ур чадвартай тэрээр 1970 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшсэн нь гайхаад байхаар зүйл биш байв.

Түүнийг дэлхийн шилдэгт нэр дэвшиж байхтай зэрэгцэн Парис Сен Жермен клуб байгуулагдав. Том зорилготой, тэмүүлэл ихтэй клуб байгуулагдсан ч үүнийг амьдралд хэрэгжүүлэх ур чадвартай хэн нэгэн ус агаар мэт хэрэгтэй байлаа. Яг энэ үед Жеан Жоркаеффийг эгнээндээ нэгтгэв. Энэ шийдвэр нь бүрэлдэхүүнийг зузаатгаад зогсохгүй мөн чанарыг нь олох жор гэж үзээд клубийн ахлагчийн туузаа түүнд зүүж өгсөн юм. Түүний үүрэг талбай дээр бөмбөг өшиглөхөөс хамаагүй илүү байлаа. Клубийн удирдлагууд Жоркаеффийн хандлага, харилцаа, залуу тоглогчдод нөлөөлөх харизм нь багийг нэг цул болгоно гэдгийг хэдийнээ гадарлаж байсан юм.

Парисчууд үүсгэн байгуулагдсан 1970-71 оны анхны улиралын эхэнд хоёрдугаар лигийн дундуурхан л өрсөлдөж байлаа. Улирлын дундуур тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, улмаар нэгдүгээр байраа хадгалсаар дээд лигт дэвшсэн юм. Тухайн үед Парис Сен Жермен клуб гоолыг бороо мэт оруулдаг байсан ч нэг гайхалтай зүйл нь хамгаалалтын шугам хана хэрэм мэт байсан. Тэд улирлын 30 тоглолтод ердөө 23 гоол алджээ. Шинэ тутам байгуулагдсан клубийн хувьд энэ бол бахдам амжилт. Үүний гол нууц нь Жоркаеффийн тоглолтын ур маяг, чадвартай салшгүй холбоотой. Тэрээр Парисчуудын нэрийн өмнөөд дэлхийн бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн анхны тоглогч юм.

ПСЖ-ийн анхны ахлагчийн нөлөө зөвхөн хувь тоглогчийн замналаар хязгаарлагдахгүй. Түүний хүү Юрий Жоркаеффийн замнал ч салшгүй холбоотой. Тэрээр 1995-96 оны улиралд ПСЖ клубийн түүхэн дэх европ тивийн анхны цомыг өргөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн 1998 оны Дэлхийн аваргад түрүүлж, 2000 оны Европын аваргад ч түрүүлсэн гавьяатай.

ПСЖ клубийн бүрэлдэхүүнд Роналдиньо, Златан Ибрагимовичоос эхлээд Килиан Мбаппе, Леонел Месси зэрэг дэлхийн шилдгүүд багтаж байсан түүхтэй. Одоо ч энэ багийн хамгаалагч Виллиан Пачо нэр алдраа мандуулсаар байна. Гэхдээ ПСЖ клубийн хамгаалалтад манлайлах, ур чадвараа харуулахын тулд 50 жилийн өмнө Жеан Жоркаеффийн тавьсан шалгуурыг хангадаг байх ёстой. Өнөөдөр ПСЖ клуб нутгийнхаа лиг, цаашлаад Аваргуудын лиг, Европын супер цомд түрүүлсэн шилдэг клуб болжээ. Гэвч 1970-аад онд энэ клуб байгуулагдахад олон хүн өнөөгийн амжилтад хүрнэ гэж таамаглаж байгаагүй юм. Өдгөө буурал тивийн хөлбөмбөгийн нийслэл нь яах аргагүй Парис болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top