Украины эрчим хүчний салбарын авлига, хулгайн хэргийг мөрдөн шалгана

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

Украины авлигатай тэмцэх байгууллагуудаас явуулж буй эрчим хүчний салбарт гарсан авлига, хулгайн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг тус улсын ерөнхийлөгч  Владимир Зеленский дэмжиж байгаа ажээ.

Украины Авлигатай тэмцэх үндэсний товчооноос “Квартал 95” компанийн нэг эзэн, Зеленскийн түрийвч хэмээн нэрлэгддэг Тимур Миндичийн хамаарал бүхий газруудад болон түүнтэй ойр дотно байдаг Эрчим хүчний сайд асан Герман Галущенкогийн гэрт хийгээд “Энергоатом” компанид нэгжлэг явуулсан байна. Тус товчооноос мэдээлснээр, Украины эрчим хүчний салбарт дээрх гэмт бүлэглэл 100 сая орчим ам.долларын хөрөнгө угаасан ажээ.

“Авлигын эсрэг үр дүнтэй тэмцэх нь маш чухал. “Энергоатом” компани Украины эрчим хүчний хэрэгцээний хамгийн их хувийг хангадаг. Энэ компанийг цэвэр байлгах нь эн тэргүүний зорилт юм. Ийм гэмт бүлэглэлд оролцсон бүх хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэж Зеленский Telegram сувгаар дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top