Хоёр гоол оруулсан Эрлинг Холанд ажлаа хийж чадаагүй гэж өөрийгөө шүүмжлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Европын Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо.. “Монако”-гийн талбайд Английн “Манчестер Сити” зочлон тоглолоо.

Эрлинг Холандын хоёр гоолоор 1:2-оор хожиж явсан ч тоглолтын төгсгөлд Нико Гонсалес алдаа гаргаж, хаалгандаа пенальти заалгаснаар тэнцэж дууслаа. Талбайгаас гарахдаа норвег довтлогч толгойгоо байн байн сэгсрэн бухимдуу байгаагаа илэрхийлж байв.

Нико Гонсалесийг алдаа гаргасан гэж пенальти заахад “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола ихэд бухимдсан бол харин Холанд багийнхнаа болон өөрийгөө хожихоор хэмжээнд тоглоогүй гэж шүүмжилжээ.

“Хожоогүй болохоор сайхан биш байна. Бид хоёрдугаар үед сайн тоглосонгүй. Тиймээс хожиж чадсангүй. Манай багт юу дутсан бэ гэвэл эрч хүч. Бид өрсөлдөгчдөө дарамт мэдрүүлж, байнга шахаж тоглох ёстой. Эхний үед тэгж тоглож чадсан. Хоёрдугаар үед чадаагүй” хэмээн Холанд өгүүлсэн байна.

Пенальти заасан нь зөв шийдвэр байсан эсэх тухай асуухад “Би тэр агшинг хараагүй. Хэрвээ хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн юм бол пенальти л зааж таарна. Гэхдээ би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна.

Аваргуудын лигийн тоглолт бүр хэцүү байдаг. Өнгөрсөн жил бид тийм учраас л хасагдсан. Энэ удаад ч хэцүү л тоглолт боллоо” гэжээ.

Холанд эхний хүрэлтээр тоглолтын эхний гоолыг оруулсан бөгөөд заавал бөмбөгөнд олох хүрэх нь чухал биш гэж хэлсэн байна. “Бөмбөггүй хөдөлгөөн, гүйлтээрээ би багийнхандаа сул орон зай гарган өгч, тоглолтод оролцож, нөлөөлж байна гэж боддог. Бөмбөгөнд хэдэн удаа хүрэх нь чухал биш. Тоглолтод нөлөөтэй байх нь чухал. Тоглолтод оролцох, нөлөөлөх олон арга байдаг. Энэ бүх аргыг хэрэглэдэг байх ёстой. Энэ удаад би эхний үед ажлаа хийж чадсан. Харин хоёрдугаар үед чадаагүй. Мэдээж, би тоглолтын хувь заяаг шийдэх ялалтын гоолыг оруулаагүй болохоор ажлаа хийж чадаагүй гэсэн үг” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top