Английн шигшээ болон “Манчестер Юнайтед”-ын ахлагч асан Уэйн Руни дасгалжуулагчийн хувиар хамгийн их хүндэлдэг хүн нь Луи Ван Гаал гэдгийг шулуухан хэлдэг.
Нидерланд дасгалжуулагч Луи Ван Гаал 2014-2016 онд “Манчестер Юнайтед”-ыг удирдахдаа Руниг багийнхаа ахлагчаар томилж байлаа. Одоо 74 настай дасгалжуулагчийг Руни их хөгжилтэй, амьдралын баяр баясгалан цацраасан хүн гэж хэлэх дуртай. Гэхдээ эхнэр Колинтой нь анх уулзахдаа эвгүй үгс хэлж байсныг дурсан ярьжээ.

“Их хөгжилтэй, баяр баясгалангаар дүүрэн хүн болохоор надад их таалагддаг юм. Бид багаараа гэр бүлийнхэнтэйгээ хамт зоог барихад Колинтой дасгалжуулагч анх тааралдаж, хэдэн үг сольсон юм.
Колин руу дөхөж очмогцоо “Танай хүүхдүүд аавтайгаа их адилхан юм аа” гэхэд нь эхнэр маань “Тийм ээ” гэсэн. Тэгтэл “Нөхөр чинь их хүчтэй үрийн шингэнтэй юм байна даа” гэж билээ. Тэр хоёр анх удаагаа уулзаж, үг сольж байгаа нь тэр шүү дээ! Тэр үгс н эвгүй сонсогдсон ч гэлээ бид яриагаа зүгээр л үргэлжлүүлсэн. Ван Гаал ердийн хүн биш шүү. Дэндүү хөгжилтэй. Дасгалжуулагчийн хувьд бол түүнээс хамгийн их зүйл сурсан гэж боддог” хэмээн Руни ярьжээ.

2016 онд Английн Холбооны цомд түрүүлсэнээс хойш хоёр хоногийн дараа Ван Гаал халагдсан юм.
“Тоглолтын завсарлагаар эхнэр нь халагдахаар болсон тухай нь олж сонсоод, хэлсэн юм шиг билээ. Цом гардчихаад үдэшлэг хийж байхад Луи эхнэр, хэдэн найз нартайгаа их намуухан байсан. Тийм хөгжилтэй хүнийг намуухан байхыг харах эвгүй юм билээ. Өөрөө биш, өөр хүн шиг болчихсон байсан. Тэгэхээр нь би дөхөж очоод “Босс, юу ч боллоо гэсэн та өнөөдөр зүгээр л сайхан баярла л даа” гэж хэлсэн. Их хүндэлдэг хүн тань хэцүү байдалд орчихсон байхыг харах амаргүй байдаг биз дээ. Яг л тийм байдалд би орсон.
.jpg)
Маргааш нь биднийг 8 цагт дуудаж сэрээгээд, өглөөний цайндаа орцгооё гэсэн юм. Бид бүгдээрээ шартчихсан байлаа. Тэгэхэд Луи тоглогч бүрт бичсэн тэмдэглэлээ өгч билээ. Тэмдэглэл дээр тухайн тоглогч юун дээрээ анхаарах, ямар байгаасай гэж хүсэж буйгаа дурдаад улирлын өмнөх бэлтгэлээ хэрхэн хийх ёстойг хүртэл биччихсэн байсан. Ер нь халагдсан тухай албан ёсны мэдэгдэл ирэн иртэл ажлаа хийсээр байсан юм.

Халагдаад явахад нь их гунигтай санагдсан. Миний хувьд Луи бол гайхамшигтай хувь хүн. Английн Холбооны цомын аварга болчихоод зогсож байхдаа тэр ч, бид ч халагдаж буйг нь мэдэж байлаа. Тэгсэн хэрнээ л ажлаа эцсийн мөч хүртлээ үнэнчээр хийсээр байгаад явсан” хэмээн Руни өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )