Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор хамгийн их мөнгө зарцуулж, шинэ тоглогчид авсан клубээр Английн “Ливерпүүл” тодров.
Зөвхөн энэ зуны ч биш хөлбөмбөгийн түүхэнд Дэлхий даяар нэг наймааны цонхоор хамгийн их хэмжээний мөнгөөр шинэ тоглогчид авсан клуб боллоо. Нийтдээ 483 сая евро зарцуулсан юм. Энэ нь 2023 онд Английн“Челси”-гийн тогтоосон дээд амжилт болох 464 сая еврог давжээ.
.jpg)
Наймааны цонх хаагдахын өмнөхөн зунжингаа яригдаж, зөрчил тэмцэл болсон швед довтлогч Александер Исакийг “Ньюкасл”-аас 125 сая паунд буюу 144 сая еврогоор худалдан авснаар тэдний наймаа дууссан. Үүнээс өмнө Германы “Байер Леверкузен”-ээс Флориан Вирцийг 125 сая евро, мөн Германы “Айнтрахт Франкфурт”-аас Уго Экитикэг 95 сая евро, “Борнмут”-аас Милош Керкезийг 46.9 сая евро, дахиад Германы “Байер Леверкузен”-ээс баруун хамгаалагч Жереми Фримпонгийг 40 сая евро, Италийн “Парма”-гаас хамгаалагч Жованни Леониг 31 сая евро, Унгарын “Пушкаш Академи”-аас хаалгач Армин Печиг 1.78 сая еврогоор тус тус аваад байсан юм.

“Ливерпүүл” клубыг 1892 онд үүсгэн байгуулсан. Английн хамгийн олон цомтой, хамгийн алдартай клубүүдийн нэг. Улсынхаа аваргаар 20 удаа, Лигийн цомын аваргаар 10 удаа, Супер цомын эзнээр 16 удаа тодорсон бол Олон улсын тэмцээнд мөн амжилттай сайн тоглож, Аваргуудын лигт 6 удаа, UEFA-гийн цомд 3 удаа, Европын Супер цомыг 4 удаа түрүүлж, хүртэж байсан юм.
Хөлбөмбөгийн шинэ улирал эхэлснээс хойш Премьер лигийн эхний гурван тойрогт бүгдэд нь хожиж, тэргүүлж явна.

Сэтгэгдэл ( 0 )