Голсон юм голд орж, Николас Жексоны онгоцыг ухрааж нисгэх болов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 31

Хөлбөмбөгийн захын үүд хаагдахад хэдхэн цаг үлдээд байна. Энэ хэдхэн цагт Английн “Челси” зунжингаа явуулчих гээд чадахгүй байсан сенегал довтлогч Николас Жексоныг Дэлхийн хамгийн өндөр үнэтэй зээллэг болгож Германы “Байерн Мюнхен”-д өгөхөөр тохироод, нисгэсэн юм.

Николас Жексон Мюнхенд буугаад фанатуудад гарын үсгээ баяр жаргалтайгаар зурж өгөөд, шинэ сайхан улирлыг бэлгэдэж байтал Лондонд “Челси”-гийн шинэхэн довтлогч Лиам Делап гэмтэл авчих нь тэр. Тэгмэгц Лондоны клуб бодлоо өөрчилж, Николас Жексоныг 15 сая еврогоор зээллэгээр өгөхөө больж буйгаа Мюнхений клубт мэдэгдэж, тэр даруй буцаан татахаар болов.

Гэтэл тоглоом даажин хийгээд буй юм шиг энэ байдалд эгдүүцсэн Николас Жексоны талынхан буцаж очихгүй гэлээ. “Бид эндээс явахгүй. Онгоц ухарч нисдэггүй” хэмээн хөлбөмбөгчийн агент мэдэгдлээ.

Гэлээ ч гэрээнд гарын үсэг зурчихаагүй, эрүүл мэндийн үзлэгт ч орж амжаагүй байсан тул Мюнхений клуб түүнийг үлдээхэд эрх мэдэл дутав. “Байерн”-ы cпортын албаны захирал Макс Эбэрль “Бид шийдвэр гаргахгүй эрхгүй. Лондон руу буц гэж хөлбөмбөгч болон түүний агентад бид хэлсэн. Яагаад гэвэл Жексон “Челси”-гийн тоглогч” гэлээ.

Харин Лондоны клубын дасгалжуулагч Энцо Мареска “Делап эвгүй гэмтэл авчих шиг боллоо. Өөр довтлогчийн талаар ярих гэхээр бид дөнгөж сая тоглолтоо дуусгаад хэвлэлийн хурлын зааланд орж ирсэн болохоор ярилцсан юм алга” гэж хэлсэн байна.

Николас Жексон 2023 оны зун Испанийн “Вильярреал”-аас авснаас хойш 81 тоглолтод гарахдаа 30 гоол оруулж, 12 гоолын дамжуулалт өгсөн юм. Гэвч энэ зуны наймааны цонхоор Лиам Делап, Жоао Педро нарыг авснаар Николас Жексон довтолгооны гурав дахь сонголт болсон. Харин Делап гэмтсэн нь “Челси”-г үзүүрийн ганц довтлогчтой үлдээсэн учир түүнийг эргүүлэн татаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top