Европын Аваргуудын лигийн сугалаа өчигдөр шөнө боллоо. Нэг том хэсэгт орсон 36 баг өрсөлдөгчдөө энэ сугалаагаар мэдэж авлаа.
Хамгийн хол зорчиж өрсөлдөгчийнхөө стадионд очих нь Испанийн “Реал Мадрид” болов. Тэд Казахстаны “Кайрат Алматы” багтай тоглохын тулд зарим хэвлэлүүдийн мэдээлснээр бол 6420 километр туулах ёстой болжээ.
.jpg)
Мөн Мадридаас 12 цаг нисэж байж Алматыд хүрнэ. Деннис Бергкамп шиг онгоцоор нисэж чаддаггүй хөлбөмбөгч одоо цагт байгаа бол 89 цагийн турш буюу бараг 4 хоног машинаар явж очих ёстой болох нь.

“Кайрат Алматы” бол ЗХУ задарч, Казахстан улс тусдаа улсын аваргаа тодруулахад анхны аваргын цомыг гардсан клуб юм. Хоч нь “Ард түмний баг”. ЗХУ-ын АШТ-д Казахстанаас Дээд лигт шалгаран өрсөлдөж байсан ганц клуб тул энэхүү хочийг түмэн олноосоо хүртсэн юм байна. Казахстан улсаас өмнө нь Аваргуудын лигийн хэсэгт “Астана” өрсөлдөж байлаа. Алматы хот бол 2 сая гаруй хүн амтай бөгөөд нийслэл Астанагаас ч олон хүн амтай.

Мөн БНХАУ-ын хилээс ойролцоогоор 280 километрийн зайд оршдог. Ер нь Казахстаны нутаг дэвсгэрийн 85 хувь нь Төв Азид, үлдсэн хувь нь Зүүн Европын нутагт хамаардаг тул Европын Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон юм. Европоос Уралын нурууг давж байж Алматыд хүрнэ.


“Кайрат” сугалаагаар Испанийн “Реал Мадрид”-тай гэртээ тоглохоор болж, фанатуудынхаа магнайг тэнийлгэснээс гадна Бельгийн “Брюгге”, Грекийн “Олимпиакос”, Киприйн “Пафос”-той талбайдаа тоглох юм. Харин Италийн “Интер”, Английн “Арсенал”, Португалын “Спортинг”, Данийн “Копенгаген”-тай зочлон тоглоно.

“Кайрат”-ын дасгалжуулагч Рафаэль Уразбахтин “Яг бидний ярьснаар боллоо, залуус аа! Бид хийж чадлаа. Одоо хамгийн гол нь итгэл. Сайн тоглож чадна гэдэгтээ л итгэ. Энэ амьдралд болохгүй юм гэж байхгүй шүү. Бид эх орондоо том баяр бэлэглэлээ” хэмээн өгүүлжээ.
Хөлбөмбөгийн хорхойтнууддаа Аваргуудын лигийн сугалааг бүтнээр нь харуулъя.





Сэтгэгдэл ( 0 )