Луис Суарес: Гараараа бөмбөг хаасандаа уучлалт гуйхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Уругвай довтлогч Луис Суарес хөлбөмбөгчийн замналынхаа турш сайн муугийн хамгийн тод жишээ болсоор ирсэн нэгэн. Бурхан, чөтгөр хоёрын буйлж эзэгнэсэн эдлэн гэдэг шиг довтлогчийн чадвар, гоолын мэдрэмж, ялалтаар ангаж цангасан зан, дайчин чанараараа Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг мөнөөсөө мөн. Мөн хамгийн овилгогүй, бүдүүлэг, зальжин үйлдлээрээ Дэлхийн хамгийн увайгүй хөлбөмбөгчдийн нэг ч мөн адил мөн.

Өрсөлдөгчөө хэд хэдэн удаа хазаж, олон сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж, улсынхаа Ерөнхийлөгчөөр өмөөрүүлж, гэртээ бүгэж явсан Луис Суаресийн замналдаа шигшээ багтайгаа хүрсэн хамгийн том амжилт нь хүртэл сайн муу хоёр талтай. Энэ бол 2010 оны ДАШТ-д Уругвайн шигшээ багийг шөвгийн дөрөвт гаргасан нь юм.

Шөвгийн наймын Уругвай-Ганын шигшээгийн тоглолтын үндсэн болон нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөх сүүлчийн агшинд Африкийн багийн тоглогчийн мөргөсөн бөмбөг яг хаалганд нь орохоор нисэхэд гараараа бөмбөг хаасан нь өөр хэн ч биш Суарес л байлаа. Шүүгч эргэлзээгүйгээр шууд улаан хуудас өргөсөн. Луис Суарес ч сэтгэл хөдлөлөө нуулгүй, нулимс дуслуулж, өмсгөлөөрөө нүд нүүрээ арчсаар талбайг орхисон.

Гэвч гараараа бөмбөг хаасны улмаас заасан пенальтийг Ганын түүхэн дэх шилдэг хөлбөмбөгчдийн нэг Асамоа Гьян хөндлөвчинд ойлгон алдсан билээ. Африкийн хөлбөмбөгийн түүхэн амжилтад хүрэхэд ганц л цохилт амжилттай гүйцэтгэх ёстой болсныгоо ийнхүү алдаж орхисон. Ингээд тоглолтын дараахь пенальтиар Уругвайн шигшээ хожсоноор Суарес ардын баатар болж, шигшээ багаа шөвгийн дөрөвт гаргаж чадсан юм.

2022 онд буюу бүтэн 12 жилийн дараа Луис Суарес “Одоо ч намайг Ганад чөтгөр гэдэг гэсэн. Гараараа бөмбөг хаасан ч гэлээ би уучлалт гуйхгүй ээ. Та нар нэг юмыг сайн ойлго. Ганын шигшээ багийн тоглогч өөрөө л пенальтиа алдсан. Тэрнээс биш би цохиогүй. Өрсөлдөгч багийнхаа тоглогчийг гэмтээгээд улаан хуудас авсан бол уучлалт гуйх л байлаа. Гэвч надад улаан хуудас өгөхдөө шүүгч пенальти заасан. Тэр пенальтийг би цохиогүй учраас миний буруу байхгүй. Пенальтиа алдсан хөлбөмбөгч хүртэл “Би ч гэсэн тэр мөчид тэгэх л байсан” гэж хэлсэн шүү дээ” хэмээн Луис Суарес өгүүлсэн юм.

Тэрхүү пенальтийг алдсан Асамоа Гьян “Түүнээс хойш намайг мөн ч олон хүн харааж, доромжилсон доо. Өөр тоглогчоор цохиулах байсан юм гэх мэт яриа их гарсан. Тэр тоглогчид чинь өөрсдөө цохихгүй юугаа хийж байсан юм бэ? Бүгдээрээ л айж хулчийгаа биз дээ? Хулчгар л байхгүй юу. Шулуухан хэлчихье, тэр цохиогүй тоглогчид чинь хулчгарууд.

Яахаараа намайг пенальтийг зориуд алдсан гээд байгаа юм бэ? Ямар шалтгааны улмаас би зориуд алдах уу? Ганын шигшээ багийн пенальтчин нь би байсан. Тэгтэл яагаад араар минь муулаад, шивнэлдээд байгаа юм бэ? Фанатууд юу хүссэнээ ярьж болно. Гэхдээ заримдаа юу ярьж байгаагаа ядаж ойлгох хэрэгтэй. Тэр үед миний төлөө нэг ч хүн ам нээгээгүй шүү” гэж өгүүлсэн байдаг.

Ганын шигшээ багийн тоглогч Ричард Кингсон “Манай багийн пенальтчин нь Гьян байсан. Пенальти цохих болоход бөмбөг авна гэдгийг нь бүгд мэдэлгүй яахав. Тиймээс ч Аппиа бөмбөгийг аваад шууд Гьянд өгсөн. Зарим нь тухайн үед Аппиа цохихыг хүссэн гэдэг юм. Тэгсэн Гьян цохиулаагүй ч гэх шиг. Энэ бол худлаа яриа. Гьян үргэлж пенальти өөрөө цохидог. Аппиа ч цохих гээгүй” гэж өгүүлжээ.

Нэгэн сэтгүүлч Асамоа Гьянаас тухайн үед Стефен Аппиа түүнд юу гэж хэлснийг сонирхоход “Урам зориг өгөх гэж хэдэн үг хэлсэн. Намайг юу чаддаггийг мэднэ гэх мэт үгс” хэмээн хариулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top