Моуриньо: Би дараа уйлъя даа!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 06

Португалын шигшээ болон “Порто”-гийн домогт тоглогч Жорже Кошта 53 насандаа зүрх нь зогссон тухай эмгэнэлт мэдээ өчигдөр цацагдсан.

Жорже Кошта бол 2004 онд Португалын “Порто” Жозе Моуриньогийн удирдлага дор Аваргуудын лигийн аварга болоход багаа ахласан тоглогч юм. Мөн Португалын шигшээ багтаа 50 тоглолтод оролцсон ард түмнийхээ сэтгэлд ойр, хамгийн их хүндлэл хүлээж, хайр татсан хөлбөмбөгчдийн нэг байлаа.
 

Эдүгээ Туркийн “Фенербахче”-гийн дасгалжуулагчаар ажиллаж буй Жозе Моуриньо энэхүү эмгэнэлт мэдээ түгсэнээс хойш клубынхээ товлосон хэвлэлийн бага хурлыг уламжлал ёсоор хийлгэлээ. Хэвлэлийн хурлын үеэр Моуриньо багийнхаа ахлагчийг дурсан ярихдаа нулимсаа барихыг хичээсэн юм.

“Багийн хамаг хар ажлыг хийж, дасгалжуулагчид чөлөөтэй сайн ажиллах боломжийг олгодог тоглогч маань Жорже байлаа. Ахлагч шиг ахлагч байсан болохоор ямар ч дасгалжуулагч түүнийг хүсэх байсан. Жоржетой хамт миний түүхийн тал нь явчихлаа. Миний амьдралын тал нь үгүй болчихлоо.
 


Хүүхдүүдийг нь би бүр бага байхаас нь мэднэ. Одоо том болцгоосон. Би түүнийг ийм үед юу хэлэх байсныг бодсон юм. “Дасгалжуулагч аа, та явж хэвлэлийн хурлаа хийлгэдгээрээ хийлгэ. Харин дараа нь тоглолтдоо хож. Намайг битгий бод” гэж тэр хэлэх байсан. Жорже тийм л хүн байлаа. Тиймээс би яг тэгэх болно. Харин дараа нь уйлъя даа” гээд Моуриньо нулимсаа арчжээ.

Жорже Кошта Аваргуудын лигийн аварга, UEFA-гийн цомын аварга, Португалын 8 удаагийн аварга. Жилийн өмнө унаган клуб “Порто”-гийнхоо спортын албаны даргаар ажиллах болсон юм. Бие нь гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдээд, хэдхэн цагийн дараагаар зүрх нь зогсжээ.
 


2004 онд Португалын “Порто” Английн “Манчестер Юнайтед”, Францын “Лион”, Испанийн “Депортиво Ла Корунья” клубүүдийг хасагдах шатанд хожоод, финалд “Монако”-г 3:0-ээр ялж, аварга болсон түүхтэй. Тэгэхэд багийн ахлагч нь Жорже Кошта байлаа.

Түүний талаар Жозе Моуриньогийн нэгэн яриа олонд их хүрсэн танд сонирхуулъя.
 


“Порто”-д надад Жорже Кошта гэдэг ахлагч байлаа. Бид “Белененсеш”-т нэгдүгээр үед 0:2-оор хожигдож явсан юм. Би ч, багийнхан ч их бухимдуу. Завсарлагаар хувцасны өрөө рүү орох гэтэл Жорже Кошта намайг зогсоогоод “Та хоёр минут хүлээчих” гэсэн. Тэгээд өөрөө дотогш ороод багийнхантайгаа ярилцсан. Дараа нь хаалга нээгээд, намайг оруулаад, тоглолтын тактик ямар байх талаар яриулсан. Тэгэхэд Жорже хамаг хар ажлыг миний өмнөөс хийж, багаа яаж зангидаж болдгийг харуулсан юм. Миний хийх муу ажлыг хийгээд өгчихсөн. Тэр тоглолтод бид 3:2-оор хожсон. Жорже Кошта хоёр гоол оруулж билээ. Өмнө нь амьдралдаа гоол оруулж үзээгүй шахам хүн шүү дээ.
 


Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? гэвэл ахлагч, манлайлагч хоёр хоорондоо ялгаатай. Манлайлагчийг худалдаж авах юмуу эсвэл бүтээж болдоггүй. Ийм манлайлагч байгаа цагт баг үргэлж нэг алхмын урд явдаг. Харамсалтай нь одоо ийм манлайлагчийг хүмүүс анхаарахаа больж, зөвхөн дүр төрх, гадаад хэлбэрт  анхаарах болжээ. Жинхэнэ манлайлагч гэж хэнийг хэлдгийг ч мэдэхээ больжээ” хэмээн ярьсан удаатай юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top