Английн “Манчестер Сити”-гийн 54 настай дасгалжуулагч Пеп Гвардиола хөлбөмбөгийн шинэ улирлын эхэнд 30 жил ханилсан Кристина Серрагаас салахаас өөр замгүй болсон тухай мэдээлж эхэллээ.
Хэдийгээр Гвардиола гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн боловч сүүлийн саруудад тэдний түр сэргэсэн харилцаа эргээд амаргүй байдалд орсон байна. Энэ нь Гвардиолагийн өнгөрсөн өвөл гаргасан шийдвэртэй шууд холбоотой. Юун шийдвэр вэ гэвэл “Манчестер Сити”-д үлдэж ажиллахаар гэрээгээ сунгасан нь юм.

Кристина Серра эхлээд нөхрөө дагаж Манчестерт ирсэн ч гэлээ таван жилийн өмнө тэвчихээ болиод Испани руу буцаж, тэндээ ажлаа үргэлжлүүлэх болсон юм.
Серра нөхрөө энэ зун гэхэд “Манчестер Сити”-тэй гэрээ нь дуусаад эргээд эх орондоо ирнэ гэж найдаж хэдэн жилийн турш хүлээсэн ч Гвардиола ажлаа илүүд тавьсан нь тэдний харилцаанд цэг тавьсан алхам болжээ.
.jpg)
Серра одоо түргэхэн гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн байна. Энэ нь Гвардиолагийн сэтгэл санаанд цохилт болж, улмаар ирэх улирлын багийнх нь дүнд ч шууд нөлөөлөх магадлалтай гэж хэвлэлүүд тэмдэглэж эхэлсэн байна.
Гвардиола 2027 оны зун “Манчестер Сити”-тэй гэрээ дуусгавар болмогц өөртөө анхаарна гэж саявтархан өгсөн ярилцлагдаа дурдсан нь эхнэрээ аргадах гэсэн нэгэн арга байсан байж болох гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гвардиола Улаан өндөгний баяраар Барселон дахь гэртээ очиж, салахаар шийдсэн эхнэртэйгээ гурав хоногийг хамт өнгөрүүлсний дараагаар зөөлрүүлж чадсан ч энэ зун байдал эргээд дорджээ.


Сэтгэгдэл ( 0 )