25 настай швед довтлогч Александер Исак Английн “Ньюкасл”-тай хамт Ази руу яваагүй нь гэмтэлтэй гэсэнтэй шууд холбоотой байлаа. Гэвч багийнхныгаа явсны дараагаар эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээнд ороход ямар ч гэмтэлгүй нь тогтоогджээ. Энэ нь Исак болон түүний агентын үгсэн тохирч, Англид үлдээд “Ливерпүүл”-тэй яриа хэлэлцээр хийхэд ойрхон байх гэсэн мөн “Ньюкасл”-д шахалт үзүүлэх гэсэн оролдлого байсан бололтой.

Гэмтэлгүй нь илэрсний дараагаар Исак “Ньюкасл”-д биш хуучин баг Испанийн “Реал Сосьедад”-ын бэлтгэлийн баазад очиж, бэлтгэл хийж эхэлсэн юм. Энэ нь мөн л “Шаазгайнууд”-аас явахыг хүсэж буйгаа илэрхийлсэн нэг төрлийн шахалт.
“Ливерпүүл” Исакийг авахаар 110 сая паунд буюу Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнийг санал болгосон. Гэлээ ч “Ньюкасл” татгалзсан хариулт өгөөд байна.
“Нюкасл”-ын дасгалжуулагч багийнхантайгаа Сөүлд очиж, бэлтгэл хийчихээд эргэх замдаа Исакийн энэ гаргаж буй зан байдлын талаар болон мөн багийн бэлтгэлд хамруулсан эсэх талаарх асуултад хариулт өгчээ.

“Бидэнтэй хамт бэлтгэл хийх эрхээ тэр олж авах хэрэгтэй. Бид “Ньюкасл”-ынхан. Энэ хөлбөмбөгч гэрээгээр клубтэй холбоотой тул хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэх ёстой. Биеэ зөв авч явах ёстой.
Ер нь манай багийн хэнбугай ч бидэнтэй хамт бэлтгэл хийх эрхтэй байхын тулд өөрөөс шалтгаалах зүйлээ хийсэн байх ёстой. Нэг ч хөлбөмбөгч биеэ буруу авч явах эрх байхгүй” хэмээн хатуухан үгс хэлжээ.
“Ньюкасл”-ын хувьд Исакийг зарвал 150 сая паунд орчим үнээр л өгнө гэсэн хатуу байр суурь баримталж буй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )