1986 оны 11 дүгээр сарын 13-нд Невада-дель-Руис галт уул дэлбэрч, ойролцоохь Армеро хотыг бүхэлд нь үнсэн товорго болгосон юм.
Энэ хотын 13 настай охин Омайра Санчес 60 цагийн турш бохир усанд бэлхүүснээсээ доош салгахын аргагүй зүйлд ороогдон шигдэж, олон телевизийн камер, гэрэл зурагчдын дурангийн өмнө амиа алдсан эмгэнэлт түүхтэй.
Улаан загалмай нийгэмлэгийнхэн охиныг аврахаар хэдэн цагийн турш хичээн ажилласан ч ямар ч аргагүй гэдгийг ойлгож, охиныг үхэлтэй нүүр тулган орхижээ. Омайра Санчес гурав хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 16-нд нас барахаас өмнө Францын гэрэл зурагчин Франк Фурньегийн дарсан кадр тэр жилийн World Press-ийн шилдэг гэрэл зургаар нэрлэгдсэн юм.
Охин амьдралынхаа сүүлийн мөчид “Ээж ээ, би тандаа маш их хайртай. Аав аа, би танд хайртай. Ах аа, би танд хайртай” гэж хэлсэн байна. Үхэл ойртох мөчид охин дэмийрч “Би математикийн шалгалтандаа очиж амжихгүй, хоцрох нь ээ” хэмээн хэлсэн гэдэг.
Нас барахынх нь өмнөхөн зураг дарсан Франк Фурньег буруутгах хандлага ч их гарчээ. “Тийм ээ, тийм яриа гарсан. Гэхдээ би энэ түүхийг өгүүлэх ёстой гэж бодсон юм. Хүмүүст харуулбал хараагүйгээс дээр гэж бодсон. Ямар нэгэн хариу үйлдэл, мэдрэмж аваасай гэж би хүссэн юм. Би ажлаа зүй ёсоор нь хийхийг хичээдэг. Энэ зургийн ачаар тэр аймшигтай гамшгийн хор уршгийг арилгах их хандив цугласан гэж боддог. Тэнд хэн ч манлайлан ажиллаагүй. Нүүлгэн шилжүүлээгүй. Тэгсэн хэрнээ эрдэмтэд галт уул дэлбэрч болохыг урьдчилан сануулж байсан. Үхлээ эр зоригтойгоор, тэвчээртэйгээр хүлээж буй охины өмнө би аргагүйдэн сөхөрсөн. Охин мөдхөн үхнэ гэдгээ ч мэдэж байсан.
Одоо ч хүмүүс энэ зургийг хараад сэтгэл нь түгшдэг. Энэ зураг бол тэр бяцхан охины асар их зориг, тэвчээрийг харуулдаг. Би охиныг бусад хүмүүстэй холбосон гүүр болсноороо азтай. Өөрийг нь аврахыг хичээж буй хүмүүстэй охин маш их хүндлэлтэй харилцаж, аврагчдад “Та нар харьж амраад, эргээд ир” гэж хүртэл хэлж байсан. Аав, ах хоёр нь аймшигт гамшигт өртөж нас барсан байлаа. Харин ээж нь Богота хотод ажлаар очсон хойгуур тэр явдал болсон. Боготагаас охиндоо очих боломж ч олдоогүй тул зурагтаар л охиныхоо тэмцлийг харсан” хэмээн гэрэл зурагчин Фурнье ярьжээ.
Галт уул 69 жилийн турш аниргүй дүнхийсэн болохоор хотын иргэд дэлбэрнэ гэж болгоомжлоогүй гэдэг. Гэиэл гэнэт дэлбэрч Армеро хотын 28 мянган иргэний 23 мянга нь амь үрэгджээ. Мөн 2000 гаруй нь ор сураггүй алга болсонд тооцогдсон байна.
Галт уул дэлбэрснээс хойш 12 цагийн дараа аврагчид Армеро хотод очиж чадсан байна. Тэгэхэд шархдсан хүмүүсийн ихэнх нь нас барсан байлаа. Амьгүй цогцос, унасан моддоор дүүрсэн тэр хотыг өмнө нь “Цагаан хот” гэж нэрлэдэг байсан бол гамшгийн дараагаар үлдсэн иргэд нь хөрш хот руу нүүцгээж, хотын суурь балгас болж, хий үзэгдлийн хот гэж нэрлэгдэх болжээ.
Сэтгэгдэл ( 0 )