36 настай довтлогч Роберт Левандовски Польшийн шигшээдээ буцаж очихоор болжээ. Сар гаруйн өмнө тэрбээр “Хэрвээ Михал Пробеж шигшээгийн дасгалжуулагч хэвээр байх юм бол би дахин тоглохгүй” гэж мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдлээс хойш ердөө 4 хоногийн дараа буюу зургаадугаар сарын 12-нд Михал Пробежийг халж, долоодугаар сарын 17-нд Ян Урбаныг шинэ дасгалжуулагчаар томилсон.
Левандовскигийн уурлаад оролцоогүй хоёр тоглолт болох Молдав, Финляндийн эсрэг Петр Зеленскийг ахлагчаар гаргасан. Тэгвэл одоо Левандовски буцаж ирснээр ахлагчийн туузыг хэн зүүх нь сонирхол татаж байна.
Яагаад Левандовски дасгалжуулагчтайгаа зөрчилдсөн тухайгаа ярихдаа “Гэнэт Михал Пробеж залгаад, ахлагчийн туузыг надаас авч буйгаа хэлсэн. Яг тэр үед би хүүхдээ унтуулах гэж байсан болохоор тийм зүйл ярих сэхээгүй байлаа. Хэдхэн минутын л яриа болсон. Тэгж ярилцсанаас хойш хэнтэй ч зөвлөлдөж, ярилцаж амжаагүй байхад сайтуудаар ахлагч биш болсон тухай мэдээ гараад эхэлсэн.
Тийм мэдээг тэгж дуулгасанд би их гайхсан. Миний бодлоор бол ийм асуудлыг арай өөрөөр шийдэх ёстой. Зүгээр л утсаар яриад шийдчихдэг зүйл биш. Ийм байж таарахгүй ээ. Дасгалжуулагч миний итгэлийг хөсөрдүүллээ. Шигшээ баг бол миний хувьд хамгийн чухал, хамгийн эрхэм. Тиймээс ч их эмзэглэсэн. Ахлагчийн туузыг авч буйд нь биш харин яаж тэр шийдвэрээ хэлсэнд нь эмзэглэсэн. Их богинохон яриа болсон болохоор яагаад тэгж шийдсэнийг нь ч мэдээгүй. Хэвлэлүүдийн дарамтанд орчихсон юм шиг санагдсан. Уг нь ярилцсан, тохиролцсон зүйл байсан юм.
Өнгөрсөн баасан гаригт уулзахад юу ч яриагүй хэрнээ тэгж залгасан нь хачин. Энэ шийдвэр олон ч хүнийг цочирдуулсан байна лээ. Надад ингэж хандсанд хүмүүс харамсаж буйгаа ч хэлж байна. Яг одоо бухимдаж, харамсах зэрэгцээд хэцүү байна. Шигшээ багийнхаа төлөө яаж санаагаа зовоодог билээ дээ. Би тэр хэвээрээ л байгаа” гэж тухайн үед Роберт Левандовски ярьж байсан юм.
Одоогоор Польшийн шигшээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан G хэсэгт гуравдугаар байрт явна. Гурван тоглолтоос 6 оноо авсан. Дараагийн тоглолт нь есдүгээр сарын 4-нд Нидерландтай.
Левандовскигийн хувьд 85 гоолтойгоор Польшийн шигшээ багийн түүхэн шилдэг мэргэн бууч. Мөн 158 тоглолтод оролцсоноороо шигшээ багтаа хамгийн олон тоглосон хөлбөмбөгч юм. 2014 оноос хойш шигшээ багийнхаа ахлагч болсон.
Сэтгэгдэл ( 0 )