АНУ-д Клубүүдийн ДАШТ үргэлжилсээр байна.Хэсгүүдийн тоглолт өндөрлөж, шөвгийн 16-гийн тов гарч, өрсөлдөх багуудын ч нэрс тодорлоо.
Хэсгүүдийн тоглолтуудын явцад стадионд хэдэн хоосон суудал байсныг багцаалж үзэхэд 1 сая гэсэн том тоо гарсан талаар хэвлэлүүд ам уралдан мэдээллээ. Гэхдээ одоо хасагдах шатны тоглолтууд илүү сонирхолтой, илүү олон үзэгчтэй болох биз ээ.
Шөвгийн 16-д Европын 9, Бразилын 4, АНУ, Мексик болон Саудын Арабаас тус бүр нэг баг шалгараад байна.
Тэмцээнийг зохион явуулагчдын албан ёсны мэдээллээр бол хэсгийн тоглолтуудыг явуулсан стадионд нийтдээ 2.95 сая хүн үзэх багтаамжтай байснаас 1.67 сая хүн давхардсан тоогоор үзжээ.
Хэсгүүдийн тоглолтуудын явцад таван удаа л стадион бүрэн дүүрсэн байна. Мөн таван удаа хэт халалтын улмаас тоглолтыг эхлүүлэлгүй хойшлуулсан явдал гарлаа. Ирэх жилийн ДАШТ-ийг зохион явуулах улсуудын нэг нь АНУ тул хэт халалтаас шалтгаалан зарим тоглолтыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрч мэдэхээр байгаа аж. Гэхдээ ДАШТ-ийн тоглолт болох стадионуудын 4-ийг нь ирэх жил гэхэд хаагддаг дээвэртэй болгочихсон байх ажээ.
Шөвгийн 16-гийн тоглолтууд өнөө шөнө 00:00 цагаас Бразилын хоёр баг буюу “Палмэйрас”-“Ботафого”-гоор эхэлж, УБ цагаар бол үүрээр 04:00-д “Бэнфика”-“Челси” тоглолттой.
Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн учраа:
“Палмэйрас” Бразил - “Ботафого” Бразил
“Бэнфика” Португал – “Челси” Англи
“Интер” Итали – “Флуминэнсэ” Бразил
“Манчестер Сити” Англи – “Аль Хилаль” Саудын Араб
“Парис Сэн Жэрмэйн” Франц - “Интер Майами” АНУ
“Фламенго” Бразил – “Байерн Мюнхен” Герман
“Боруссиа Дортмунд” Герман – “Монтеррей” Мексик
“Реал Мадрид” Испани – “Ювентус” Итали
АНУ-д очсон оддоос Килиан Мбаппэ гэдэс өвдсөний улмаас хэсгийн нэг ч тоглолтод оролцсонгүй. Гэхдээ Испанийн “Реал Мадрид”-ын шинэ дасгалжуулагч Шаби Алонсогийн өгүүлснээр бол хасагдах шатны тоглолтуудад гарах боломжтой болжээ.
Энэ тэмцээнд Бразилаас 4 баг оролцоод бүгд нь хэсгээсээ шалгарсан нь сонирхолтой амжилт боллоо.
АНУ-ын Мэжор лигийн “Интер Майами”-гийн ахлагч Лионель Месси хэдхэн хоногийн өмнө 38 нас хүрлээ. Түүний баг хэсгээсээ хоёроор шалгарч, Европын Аваргуудын лигийн аварга “Парис Сэн Жэрмэйн”-тэй таарлаа. Месси өмнө нь энэ багт хоёр жил тоглосон тул сайн мэднэ.
Мессигийн клубын эзэн Сэр Дэвид Бекхэм эмнэлэгт хэвтсэн таагүй мэдээ байна. Түүний эхнэр Викториа Бекхэм эмнэлгийн орон дээр байгаа зургийг нь сошиал хаягтаа нийтэлсэн. Мэдээллүүдээс харвал хөлбөмбөгч байх үедээ авсан бэртлийнхээ улмаас хагалгаа хийлгэх шаардлагатай болсон гэнэ. Дэвид Бекхэм хөлбөмбөгчийн замналынхаа явцад олон удаа бэртсэн ч ихэнхэд нь тэвчиж, өвчин намдаах тариа тариулаад талбайд гардаг байснаа ярьсан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )