АНУ-ын Хөгжлийн агентлагийг ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ гэж дүгнэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг луйврын шинжтэй өргөн хүрээний ажиллагаа явуулж байсан гэж тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп үзэж байна.

“АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг гэж сайхан сонсогдож байгаа боловч луйвар хавтгайрсан газар юм. АНУ-ын Ардчилсан нам ийм зөрчлүүдийг тоохгүй байгаа бөгөөд манай засаг захиргааны арга хэмжээг эсэргүүцэж байгаа” гэж Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Түүний хэлснээр, Ардчилсан намынхан манай улсын Үндсэн хууль зөрчигдөж байна хэмээн байнга ярьдаг боловч олон тэрбум доллар хаашаа алга болсныг огт ярьдаггүй, эрж хайхыг хүсдэггүй ажээ. Мэрилэнд муж улсын холбооны улсын тойргийн шүүгчийн гаргасан тогтоолыг Доналд Трамп шүүмжлээд, давж заалдана гэж мэдэгдсэн байна. Дээрх агентлагийн үйл ажиллагааг хязгаарлах, олон тооны ажилтныг нь халах тухай Трампын шийдвэрийг шүүгч хууль бус гэж үзсэн аж. Шүүгч АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ зарцуулсан мөнгө хаашаа алга болсныг тогтоох ёстой байсан юм гэж Трамп хэлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа хоёрдугаар сарын 3-нд тус агентлагийн үйл ажиллагааг үндсэндээ зогсоосон юм. Энэ байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио томилогдсон билээ. Америкийн засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх агентлагийн удирдагч Илон Маскийн санаачилгаар USAID агентлагтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top