Орлого, зарлагаа бодитой тооц гэх зөвлөмжийг ҮЛ ХЭРЭГСЭЖ, төсвийг ₮31 их наяд давуулж тэлэх нь...

2024 оны 05 сарын 29

Монгол Улсын нэгдсэн төсөв 2019 оноос анх удаа 10 их наяд төгрөг  давж байсан бол ирэх 2025 онд 31 их наяд хүрч, зургаан жилийн дотор 21 их наядаар тэлэх нь.

Тодруулбал, өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд, төсвийн орлогыг 29.4 их наяд төгрөг, зарлагыг 31.3 их наяд төгрөг, ДНБ-ий өсөлтийг 8%, инфляцыг 6% хүрнэ гэсэн тооцооллыг тусгажээ. 

Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн.

Төсвийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасан. Түүнчлэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлсэн юм. 

Тодотгоход, төсвийн  орлогын эх үүсвэр хумигдмал хэвээрээ нөхцөлд  төсвийн зардлын  тэлэлтийг дагасан үр ашгийг эхэнд авч үзэх ёстой талаар байнга л яригдаж буй. Төсөв гэдэг бол энэ улс орон боломж нөөцөө хэрхэн ашиглаж,  хэдий хэмжээний орлого олж, хэрхэн яаж зарцуулах вэ.

Гаргаж буй зардлууд эргээд хэдий хэмжээний орлого дагуулах боломжийг бүрдүүлэх вэ гэдэгт чиглэх ёстой. Гэвч манай тухайд нүүрс, зэсийн экспортдоо гол найдвараа тээгээд, төсвийн урсгал зардлуудынхаа араас давж сэтгэхгүй байна.

Тав, зургаахан жилийн дотор ийм өндөр дүнгээр төсөв тэлсэн ч,  өгөөж нь хаана илүү тусаад байна вэ. Ажилгүйдэл, ядуурлын суурь шалтгаан руу чиглэсэн зарцуулалт гэж байна уу гэдэгт тоймтой анхаарах шаардлагатай. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ сарын 16-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай”  зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгч буй дүгнэлт, зөвлөмж болон холбогдох мэдээллүүдийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийсэн. 

Мэдээлэлдээ, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайланд тусгагдсан эдийн засгийн таамаглал, гадаад дотоод эдийн засгийн эрсдэл, төсвийн үзүүлэлттэй зарим талаар нийцтэй бус байна гэж дүгнэснээ дурдсан.

Мөн цар тахлын дараагийн жилээс нүүрсний экспортын орлогыг дагаж төсвийн зарлага ихээхэн өссөн нь цаашид эдийн засагт дарамт учруулах хэмжээнд хүрч болзошгүй байна.

Иймд цаашид тулгарч болзошгүй түүхий эдийн үнийн уналт, экспортын орлогын тасалдал, төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж төсвийн орлого, зарлагын өсөлтийг зайлшгүй сааруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 

Түүнчлэн  Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан нүүрсний экспортын орлого, улмаар төсвийн нийт орлого нь бодит байдлаас ихээхэн өндөр, хэт өөдрөг төлөвлөгдсөн гэж үзэж буйгаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдэгдсэн.

Гэвч Засгийн газар, УИХ  уг зөвлөмжийг үл хэрэгсэж төсвийг 31 их наяд төгрөг давуулан тэлэх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top