Үерээр дэлгэгдсэн авлигын утасны үзүүр ба Засгийн газрын шийдвэрүүд

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 18

Монголын улс төрд 30 жил далд сүндэрлэсэн авлига, луйвар, хулгайн “цамхаг” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэргүүлж ажилласан гурван жилд нурж уналаа. Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгай гэхчлэн эхнээс нь илрүүлж явтал байгаль дэлхий хүртэл хүч нэмэн дэмжив үү гэлтэй өнгөрсөн зуны үер нийслэлд бугшсан газрын авлигын утасны үзүүрийг ил гаргасан. Тухайлбал, үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан.

Нийслэлийн зургаан дүүргийн 18 цэгт үерийн эрсдэл үүссэн бол голын голдирлыг шахаж барилга барьсан “S Outlets” дэлгүүр, “Авлига хороолол”-д газрын зөвшөөрөл хэн өгсөн бэ гэдэг асуулт гарсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр үерт автсан Сэлбэ болон Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очиж нөхцөл байдалтай танилцаад УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгсөн. Үүнд үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуул гэв. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд барилгыг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд олгодоггүй байх хууль санаачлахыг холбогдох газруудад даалгасан. Мөн БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах үүрэг өгсөн. Үүний дараа үер усны далан, суваг хааж газар олгосон, барилга барьсан албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах үүрэг өгч байв. Мөн шаардлагатай тохиолдолд дээрх барилга байгууламжийг нураах үүргийг ч бас өгсөн юм.

Нийслэлд олон жил бугшиж ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй гаднаас нь тэмцээд нэмэргүйг Ерөнхий сайд ойлгосон байх. Учир нь тэрбээр танхимынхаа нэг сайдыг сугалан хот руу илгээсэн. Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилсноос ийм дүгнэлт хийж болох юм. Хотод бугшсан хэргүүдтэй тэмцээд иртэл дунд шатанд үүссэн асуудал их байгаа нь ойлгомжтой болж эхэлсэн гэж ойлгогддог. Тухайлбал, Х.Нямбаатарын Хотын даргын ажлыг хүлээж аваад хэлсэн үгнээс зарим зүйл тодорхой харагддаг.

Тэрбээр “...Улсын Их Хурал, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд төвлөрч, сүүлийн 30 жил нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос нийслэл хот маань өнөөдөр авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болон хувирчээ. Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс баяжиж хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, зөвшөөрлөө аваад байшин барих биш, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол бид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх вэ?

Улсын Их Хурал, Засгийн газраар баталсан хууль, стандарт, дүрэм яагаад 30 жил огт хэрэгжсэнгүй вэ? Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэн боссон тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр амьдрах вэ?

Нийтийн тээвэрт монополь тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон хорлогдож, ашигтай шугамын наймааны төлөө иргэдийн эрх зөрчигдсөөр байх вэ? Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газрыг тасдаж аваад хувийн хороолол босгон, ичих ч нүүргүйгээр өөрсдөө амьдарч буй хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрч амьдрах вэ?

Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ?

Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотоллоо” хэмээн хэлсэн нь одоо ч асуулт дагуулж, хариу нэхсээр байгаа юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Хотын дарга болсноор “Ногоон автобус”-ны цавчаа гэх авлигын том хэрэг илэрсэн. Ёстой л түүний хэлснээр “Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирсан” нь улам тодорхой болсон. Тиймээс том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна” хэмээгээд УИХ, Засгийн газраас дэмжлэг хүссэн. УИХ ч, Засгийн газар ч бүхий л боломж, бололцоогоор дэмжихээ амласан. Засгийн газрын зүгээс хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад анхаарч, төвлөрлийг сааруулах ажлуудыг шат дараатай хийж байгаа.

Мөн нийслэлд улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж Х.Нямбаатарыг томилсон гэдгээ Ерөнхий сайд хэлж буй.

Үерээр дэлгэгдсэн авлигын утасны үзүүрийг Х.Нямбаатар хөвөрдөж дуусгах хүртэл хугацаа бий. Засгийн газрын шийдвэрүүд эхнээсээ гарч байгаа ч хүлээгдэж байгаа асуудлууд ч байна. Хэрхэхийг цаг хугацаа шат дараатай бас цогцоор нь харуулах биз ээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.21.124.3) 2024 оны 01 сарын 19

ЗГ-аас авлигатай тэмцсэн, шахсан, бас дээр нь үер овоо юмыг дэлгэж өгсөөн өгсөн

0  |  0
Novsh(66.181.161.39) 2024 оны 01 сарын 18

Xeden avilagachin shorond yavsnii toogoor ene ajkiin yr dyn tootsogdono.

0  |  0
Сайнбилэг(202.21.107.56) 2024 оны 01 сарын 18

Л.Оюунэрдэнэ ЕС Нямбаатөр хотын мер байсан цагт л УБ-ын буглааг шахаж чадна даа

1  |  0
Top