Цахим орчин “аймшгийн газар” байсаар байх уу...

2023 оны 12 сарын 22

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЭСРЭГ ДАМ ХАЛДЛАГА ҮҮСГЭСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬ

Үнэт зүйлсийн боловсролын академийн тэргүүн, эрх зүйч Ганболдын Болормаа бичиж байна.


Түрүүч нь №204 (4005) дугаарт

ЦАХИМ ОРЧИН “АЙМШГИЙН ГАЗАР” БАЙСААР БАЙХ УУ...

Цахим, интернет орчин нь хүүхэд танин мэдэхүйн мэдлэг боловсрол олж авах, өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл сурах  өргөн боломж байдаг. Гэтэл манай улсад цахим орчин нь үнэндээ ямар ч хяналтгүй dark web болсон нь харамсалтай. Сайд Х.Булгантуяа ч энэ байдлыг хамгийн сайн мэддэг тухайгаа телевизийн дэлгэцээр ам уралдуулан ярьж суусан цаг саяхан. Харин “амьдрал дээр гэдэг” шиг Хуулийн төсөлд энэ талаар тун бүрхэг тусгагджээ. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контент, бүтээл гэдэгт ямар шалгуур тавьж байгаа нь тодорхойгүй, хэн үнэлэлт дүгнэлт гаргах нь  мөн тодорхойгүй байна. Мөн хориотой, хортой контент, бүтээл мөн эсэх асуудлаар маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх механизм хуулийн төсөлд тусгагдаагүй байна. 

Хуулийн төслийн 3.4 дүгээр зүйлийн 3-т “...хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлээс хамгаалах орон тооны бус дэд зөвлөл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана” гэж заасан боловч энэхүү орон тооны бус зөвлөлийн гишүүдийг хэрхэн сонгох, орон тооны бус зөвлөлийг хэн байгуулах, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх, ямар чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх, шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байх эсхүл зөвлөмжийн шинжтэй байх эсэх зэрэг холбогдох зохицуулалтууд хуулийн төсөлд тусгагдаагүйгээс хэрэгжих боломжгүй хуулийн заалт, ажиллах боломжгүй нэг бүтэц шинээр үүсч болзошгүй байна. Мөн зүйлийн 4-т “энэ зүйлийн 3-т заасан орон тооны бус дэд зөвлөл ...цахим орчин дахь хүүхэд хамгааллын салбарын дундын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавина” гэжээ. Салбарын бодлого хэрэгжүүлж, хяналт тавих чиг үүрэг нь Яамны эрх зүйн байдлын тухай хууль болон Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар яам, агентлагийн чиг үүрэгт хамаарах тул чиг үүргийн давхардал үүссэн бүтэц шинээр бий болохоор байна.

Мөн хуулийн төслийн 3.4 дүгээр зүйлийн 9-т “Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг баталж ...” гэж заасан нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 9.6 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Иймэрхүү байдлаар энэ хууль батлагдвал Цахим орчин “аймшгийн газар” байсаар байх болно. Бид асуудал аль хэсэгт байгааг харж сурах нь чухал. Монгол Улсад бүтээгдсэн контент, нэвтрүүлэг цахим орчинд цацагдаад түүнээс хүүхдийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм уу эсхүл цахим орчинд эцэг эхийн хяналтыг хэрэгжүүлэх, хүүхдийн цахим орчны хэрэглээнд хяналт тавих боломжийг бий болгох нь чухал уу гэдэг асуултыг эрхэм сайд эргэн харж хууль сахиулах байгууллага, прокурор, шүүхийн төлөөллийг оролцуулж энэхүү хуулийн төсөлдөө үзэл, санааг нь тусгах нь зүйтэй биз ээ.

Миний бие эрүүгийн шүүхийн Тамгын даргаар ажиллах хугацаанд цахим орчин нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх хамгийн таатай орчин бодлогыг эрүүгийн шүүхээр шийдвэрлэгдсэн олон хэрэг, кэйсүүдээс харж, сонсож байсан. Хуурамч нэр хаяг бүхий аккаунтаар хүүхэдтэй холбоо тогтоож тэднийг бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн хохирогч болгосныг нь харлаа. Наад зах нь дэлхийн олон оронд эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог хүүхдийн порнографыг хориглосон, түүнтэй тэмцэх зохицуулалт манай улсын хууль эрх зүйн тогтолцоонд алга байгааг анзаарч харах хэрэгтэй гэж үзэж байна. Сайд таны боловсрол эзэмшсэн барууны өндөр хөгжилтэй оронд хүүхдийн бэлгийн эсрэг цахим мэдээлэл, тэр дундаа хүүхдийн нүцгэн зураг бичлэг зэргийг хадгалах нь хүнд ялтай гэмт хэрэг болдог шүү дээ.

МАЛЧИД ХҮҮХДЭЭ ХҮНД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛСЭН ГЭЭД ШИЙТГЭГДЭЖ Ч БОЛОХ НЬ ЭЭ

Хуулийн төслийн 3.1-р зүйлийн 5-д “эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээндээ ажиллуулахыг хориглоно” гэж заасан. Энэ заалтыг Монголын уламжлалт нүүдэлчин ахуйгаас зааглаж өгөхгүй бол малчин эцэг эх хүүхдээ хонинд явуулах, адуугаа манах, усанд явуулах, түлээ хагалуулах зэрэг үйл бүхэнд ээж аав нь хууль зөрчигч болж болзошгүй байна. Хууль тогтоомжийг нутагшуулах гэдэг чухал ойлголт эрх зүйн шинжлэх ухаанд бий.

Монгол Улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг нь нүүдлийн мал аж ахуй байсаар ирсэн. Олон мянган жилийн турш малчид хүүхдээ багаас нь мал маллах арга ухаанд сургах уламжлал байдаг болохыг захын хүн мэдэх билээ. Мөн хуулийн төслийн 3.1-р зүйлийн 9-д “Эцэг, эх нь хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас зохион байгуулах хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж тодорхойлолт авсны үндсэн дээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6 буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1.1 /жирэмсэн эхийн тэтгэмж/, 5.1.2 /0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж/-т заасан тэтгэмжид хамрагдана” гэж заажээ. Хууль санаачлагч чухам ямар зорилгоор эцэг, эхийг сургалтад хамрагдах шаардлага тавьж байгаа нь тодорхой биш, энэ талаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй байна. Мөн энэ сургалтыг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа бүх эцэг, эхэд хийх хүний нөөцийн боломж  байгаа эсэх, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эх, эцэг энэ сургалтад суух цаг, зав байх эсэх, амьдралд хэрэгжих боломжтой эсэхийг эргэн авч үзэх шаардлагатай байна. Сургалт нэрийн дор болсон болоогүй хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага гаргаж ямар ч үр дүнгүй татвар төлөгчдийн мөнгийг үргүй хоосон үрсэн ажил болох вий гэхээс санаа зовохгүй байхын арга алга.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top