О.Энхжавхлан: Сонины хуудсан дээрх нийтлэл, дэвшүүлсэн асуудал бүр цаг үеийнхээ тусгал болж үлддэг

2023 оны 12 сарын 13

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэлээ.


Монголын өдөр тутмын сонинуудаас өөрийн гэсэн өнгө төрх, нийтлэлийн бодлогоороо ялгардаг “Өглөөний сонин”-ы бүтээлч хамт олондоо 4000 дахь дугаарын баярын мэнд хүргэе.

Үндэснийхээ уран зохиолыг түгээн сурталчлах, үе үеийн авьяаслаг зохиолч, яруу найрагчдыг уншигч олон түмэнд танилцуулах, бүтээл туурвилыг нь олон нийтэд хүргэхэд “Өглөөний сонин” онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэр тусмаа энэ сонины редакцид МЗЭ-ийн шагналт, Гомбын Сэр-Одын шагналт, МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагчид ажилладаг нь энэ сонины редакцын бусдаас ялгарах бас нэгэн өнгө, онцлог юм. Тэр ч утгаараа“Өглөөний сонин”-ы нийтлэлийн бодлого, сонинд гарч байгаа нийтлэлдэх хэл, язгуур өв соёл, эх түүх, үндэсний уран зохиолоо дээдэлсэн, хойч үедээ өвлүүлэх, танин мэдүүлэх агуулгатай нийтлэл, бичвэр гардаг.

Миний бие олон жилийн дараа өдөр тумын сонинд ирж ажиллах шийдвэр гаргаж, “Өглөөний сонин”-д хэсэг хугацаанд ажиллахдаа энэ сонины бүтээлч хамт олны нэг хэсэг болж, өөрийн чадлын хэрээр хувь нэмрээ оруулж явсандаа баяртай байдаг. Тухайлбал, “Иргэний манлайлал”, “Ном эрдэнэ”, “Шинэ нэр” буланг санаачлан, “Зууны 100 эмэгтэй” нийтлэлийн номыг “Өглөөний сонин”-ы авьяаслаг хамт олонтойгоо хамтран бүтээсэндээ баяртай байдаг.

Өнөөдөр цаасан хэвлэл шахагдаж байна, сонины захиалга буурч байна гэж хүн бүхэн ярьж, цахим талбар руу хошуурах болсон. Яг энэ л үед харин ч цаасан сонины үнэ цэн, цаасан хэвлэл, ном сонины үнэ цэн улам өсөж байгаа санагддаг. Яагаад гэвэл шуугиан дуулиан тариад өнгөрсөн цахим талбар эргээд шүүхэд ч бай, хаана ч бай очиход баримт нотолгоотой эх сурвалж болж чаддаггүй. Тэгвэл сонины хуудсан дээр хэвлэгдсэн баримт, тэнд нийтлэгдсэн нийтлэл, дэвшүүлсэн асуудал бүр өнөөдрийн цаг үеийнхээ тусгал болж түүхэн үнэнийг бичиглэн үлдээдэг. Тийм ч учраас их яруу найрагч Б.Явуухулан “Дэлгээд тавихад сонины хуудас дэлэм хэмжээнд хүрэхгүй ч гэлээ Дэлхий ертөнцийг хүн ардтай нь дээрээ багтаасан талбар билээ” гэсэн гайхалтай шүлгээ бичсэн байдаг.

Энэ л цаг үед өнөөдөр Монголд шударга үнэний дуу хоолой улам ихээр үгүйлэгдэж, иргэний байр суурийг эрх баригчид, бодлого боловсруулагчдад бодитой хүргэдэг, иргэнлэг бөгөөд хүнлэг нийгмийн төлөө өнцөг санааг нийтлэлийн бодлогодоо тусгадаг хэвлэл мэдээлийн хэрэгсэл маш чухал хэрэгтэй байна. Энэ орон зайд, энэ өргөн талбарт чармайн зүтгэж байгаа өдөр тутмын цөөн хэдэн сонин иргэдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэж, дөрөв дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгэсээр байна. Бичсэн бүхэн нь дурайтал баримт болж үлддэг болохоор сонины сэтгүүлчид ур чадварын хувьд ч, үйлдэл, үгийн хувьд ч хянамгай нягт байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр Монголын өдөр тутмын сонины сэтгүүлчид гэдэг мэргэжлийн сэтгүүл зүйн хамгийн гол талбарын тоглогч, дайчид юм.

Өнгөрсөн хугацаанд гаргасан 4000 дугаар бүхэн иргэний байр суурь, хөндлөнгийн харах өнцөг болж ирсэн. Цаашид ч өснө гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингээд 4000 дахь дугаарын баяраа тэмдэглэж байгаа “Өглөөний сонин”-ы авьяаслаг сэтгүүлч та бүхэндээ үзэг нь улам хурц байж үйлс нь улам ундран дэлгэрэхийг ерөөл дэвшүүлье.

 

МЗЭ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-Ы ОРЛОГЧ ЭРХЛЭГЧ АСАН О.ЭНХЖАВХЛАН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top