Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

 

Шүүх, шүүгчдийн эргэн тойронд сэдвээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга асан, эрх зүйч Г.Болормаатай ярилцлаа.


-“Авлигачдын өмнө анхан шатны шүүх жижигдэх болсон” гэх шүүмжлэл яригдсаар өнөөдөр авлигын хэргийн дагнасан шүүхтэй болох гэж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?

-Мэдээж авлигын гэмт хэргийг таслан зогсоох нь маш чухал асуудал. Гэхдээ бид Үндсэн хуульт улсад амьдарч байна. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 / ...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг гэтэл авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон  хүний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, бусад гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэгэн адил гурван шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргах эрх зөрчигдөхөд хүрч байна.

Авлигын гэмт хэргийг шийдвэрлэх нь шүүгчээс тусгай мэдлэг, ур чадвар төдийлөн шаарддаггүй. Хууль хэрэглээний хувьд хамгийн ойлгомжтой томъёологдсон. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, авлигын эсрэг хууль тогтоомжууд, Эрүүгийн хуулийг хэрэглэж авлига, албан тушаалын хэрэг маргаан шийдвэрлэхэд хуульчаас, шүүгчээс тусгайлан бэлтгэгдсэн байх, ажлын олон жилийн дадлага туршлагатай байхыг шаарддаггүй.

Гагцхүү шүүгч хэнээс ч хараат бус байж хэрэг маргааныг зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр өргөсөн тангарагтаа үнэнч байх нь л чухал. Гэтэл шүүгч нарыг авлигачнаар нь цоллосон эрх баригч нам авлигын шүүхдээ ажиллах шүүгч нараа хэрхэн яаж сонгох, шилж олох нь эргэлзээтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь эсхүл авлигын гэмт хэрэг шийдвэрлэх шүүгч нараас тусгайлан шалгалт авах уу. Давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар авлигын хэргийг шийдвэрлэдэг болвол давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь анхан шатны шүүхийн шүүгчээсээ илүү шударга, авлигачин биш гэсэн үг үү тэгвэл авлигын хэргийг л шударга давж заалдах шатны шүүгч нараар шүүлгээд бусад хэргийг авлигачин шударга бус хонгил гэж цоллуулж байгаа анхан шатны шүүхийн шүүгч нар шүүж шийдвэрлэх үү? Ард түмэн нь тэгвэл шударга бус анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлээд авлигачид нь шударга давж заалдах шатны шүүхээр шүүлгэх үү? Нэг мөсөн анхан шатны шүүхийн тогтолцоогоо тэр чигт нь тэгвэл аваад хаячихвал ямар вэ? Энэ мэт олон асуултыг хууль санаач­лагчаас асуумаар байна.

-Авлигын хэргүүд шүүх дээр удаж байна гэлцдэг. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн гэмт  хэрэг шүүхээр хэрхэн  шийдвэрлэгдэж ирсэн бол?

-Авлигын буюу цагаан захтны хэрэг нь Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн маш бага хувийг эзэлдэг. Улсын хэмжээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөвхөн 2022 оны байдлаар 16355 хэрэг шийдвэрлэсэн. Харин 2020, 2021, 2022 оны байдлаар авлига албан тушаалын 515 хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Тэгэхээр нийт хэрэгтэй харьцуулахад бага хувь эзэлдэг хэрэгт зориулж тусгай шүүх байгуулах ашиг сонирхол хэнд байна вэ. Эрх барьж буй намын хувьд бүрэн эрхийн хугацаандаа бүтэн гартаа оруулж чадаагүй ганц салбар нь шүүх байсан. Тиймээс энэ долоон жилийн хугацаанд тэдний гол довтлох газар нь шүүх, шүүгч нар байсаар ирсэн. Сөрөг хүчнээ сөрсөн бүхнээ намнах хамгийн гол хэрэгсэл нь хуулийн байгууллагуудыг гартаа авах энэ гинжин хэлхээний хамгийн эцсийн хамгийн чухал зангилаа болох шүүхийг гартаа авахад Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиар баталгаажсан шүүгч хараат бус байж гагцхүү хууль захирагдах зарчим өнөөдөр ардчилсан Монгол Улсад арай ч бүрэн алга болчхоогүй байгаа тулдаа эрх баригч намын гарт бүрэн орсонгүй үлджээ. Харин эрх баригч нам үгэндээ ордоггүй 500 гаран шүүгчтэй учраа олох гэж толгойгоо өвтгөж байснаас үгэндээ оруулахад амархан авлигын шүүх нэртэй хэдхэн шүүгчтэй учраа олох нь илүү амар санагдсан бололтой. Ер нь бол Монгол Улсад энэ  анхны тохиолдол биш.

-Тэр нь юу билээ?

-Онцгой бүрэн эрхт комисс гэгчийг байгуулж 1937 онд эх орноосоо урвасан, эсэргүү, гадаадын тагнуул, хар шар феодал, хөрөнгөтөн гэх нэр хоч зүүж сүртэй нэртэй хэргүүдийг зохиож, Монголын сор болсон сэхээтнүүдийг сорчлон хядсан түүх өнөөдөр авлигын гэх нэртэй шүүхийг байгуулж түлхүүрийг нь гартаа атгаад шударга бусын хонгилоор чирэх үүд хаалгыг нээхээр тэд зүтгэж байна. Анхан шатны шүүхээс ял аваад давж заалдах хяналтын шатны шүүхээс хэрэг нь прокурорт буцаагдаж хэрэгсэхгүй болсон жишээ нэг хоёр хэргээр тогтохгүй байгааг бас дурдах нь зүйтэй. Хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг бид мартах учиргүй, мөн давтах ёсгүй.

-Тэгвэл шүүх, шүүгчдийн нэр хүнд унах болсныг та юу гэж дүгнэх  вэ?

-Шүүх өөрөө онцлог салбар. Хүмүүс ихэнхдээ гаднаас нь өнгөцхөн харж дүгнээд байдаг. Хэн нэг буруутай болох нь тогтоогдсон хүн шүүх рүү дайрч давшилж байж ч болзошгүй. Нөгөө талаас 500 гаруй шүүгчийн дотор муу хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтээр нь харлуулж болохгүй. Миний ажиллаж байсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бол авлига, албан тушаалын хэргүүд, эрх мэдэлтнүүдийн хэргийг ихэвчлэн шийддэг. Түүгээрээ ч шүүгчид нь дайралт давшилт, сэтгэл зүйн дарамтад  их өртдөг. Гэтэл шударга биш зүйл юун дээр байна вэ. Ингээд үзэхээр эрх мэдэлтнүүдийн баталсан хууль дээр шударга бус зүйлүүд байдаг. Тэрийг авч хэрэгжүүлсэн шүүгч яахаараа шударга биш байдаг юм. Хууль нь тийм байхад ажлаа хийснийхээ төлөө шүүгч буруутдаг, муу муухайгаар хэлэгддэг. Хуульдаа бүхнийг тусгаж өгчхөөд, тэр хуулиар нь хэргийг шийдсэн шүүгч яахаараа шударга биш болдог юм бэ. Жишээ нь, хулгай хийх нь гэмт хэрэг гээд заачихсан байхад бусдын найман ишгийг хулгайлсан хүнийг нөлөө бүхий сэтгүүлч “Өө, хөөрхий энэ ядарсан хүнийг шүүлээ, хүнд ял өглөө” гээд өмөөрч шүүгчдийг буруутгасан. Яагаад тэр хуулийг баталсан улстөрчид рүү дайрахгүй шүүгчид рүү давшлаад байна вэ. Шүүгчид хуулийн дагуу ажиллана гэж тангараг өргөдөг байж цагаан дээр хараар бичсэн хуулиасаа гажуудуулж шүүж болохгүй. Бас хулгай бол хулгай, сэдэл бол сэдэл шүү дээ.

-Шүүхийн Тамгын газар бол шүүгчдийн ажиллах орчин, цалин мөнгө гээд олон асуудлыг хариуцдаг. Шүүгчдийн ажиллах орчин  нь хэр вэ?

-Шүүхийн Тамгын газар шүүгчдийн шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл боломжийг хангаж өгөх үүрэгтэй. Ерөөс тэр шүүгч хэргээ уншиж, шийдэхэд юу хэрэг болох вэ, бид тэрийг нь бэлдэж өгөх ёстой. Байрыг нь бэлэн байлгах ёстой, тухайн шүүх хуралд ажиллах нарийн бичиг, хурлын оролцогчдыг дуудаж авчрах, гарсан шийдвэрийг цаг алдалгүй хүргэх гээд хэвийн үйл ажиллагааг хангах аж ахуйн талын  бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын хувьд маш хүнд нөхцөлд ажилладаг. Би анх тэнд ажиллахаар босгыг нь алхахдаа бүхэл бүтэн Монгол улсын шүүх засаглал ямар өрөвдөлтэй юм бэ гэж бодсон . Маш олон хүнтэй бараг хөл гишгэх зайгүй нарийхан бүүдгэр коридор, тэр доторх үнэр танар гээд  маш хэцүү. Захиргааны ажилчид нэг өрөөнд маш олуулаа сууж хэргийн оролцогчдод үйлчилгээ үзүүлдэг. Цалин, жоохон бичиг хэргийн зардалтай, хуучирч муудсан байраа тордоод ажиллах ч төсөвгүй байгууллага. “Шүүхийн байрыг шинээр барья” гэхээр хүмүүс  “Муусайн шүүгчид тансаглаж том өрөөнд суух гэлээ” гэлцдэг. Гэтэл эрүүл мэнд, ажиллах орчны талаас өөрчлөхөөс аргагүй.Тэнд зөвхөн шүүгчид суухгүй иргэд бас үйлчлүүлдэг. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн асуудал ч бас  хөндөгдөнө.

-Ковидын үед танай шүүх хурлаа ч хийж чадахгүй хэмжээнд хүрсэн гэж дуулдсан?

-Хурлын заал нь жижигхэн учраас олон оролцогчтой шүүх хурлыг хийж чадахгүй байсан. Орчин нөхцөл заалны хүрэлцээгүйгээс болоод шүүх хурал хойшлох, удаашрах асуудал үүсдэг. Тэгэхээр шүүгч тансаглах гээд байна уу, шүүхийн үйлчилгээг хэвийн явуулах гээд байна уу? Гэдгийн эрх баригчид бодохыг хүсдэггүй.

-Хараат бус байх ёстой гэхээр шүүгч нар яах аргагүй хаалттай орчинд  ажиллаж амьдрах болдог. Сэтгүүлчдэд  ярилцлага өгөх ч хориотой. Гэтэл шүүгчдийг “байцаах” хүсэл сэтгүүлч бидэнд байгаад байдаг?

-Шүүгч бүх салбараас хараат бус байх ёстой. Харин шүүх нээлттэй болж шүүгч өөрөө шийдвэрлэсэн хэргийн тухай ойлгомжтойгоор тойм гаргаж нээлттэй тавьдаг болсон. Харин эрх мэдэлтнүүд шиг хүссэн үедээ хэвлэл дуудаад попроод байх эрх шүүгчдэд байхгүй тэрийг нь далимдуулж эрх баригчид юм л бол “Шүүхийг харъя”, шүүх л болохгүй байна гэж ярьж шүүхийн нэр хүндийг албаар унгаах ажиллагаа хийдэг болсон. Түүний оронд өөрсдийн баталсан хуулиа шинэчлэх хэрэгтэй шүү дээ.

-С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат нарын холбогдсон олны анхаарлыг татсан шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тэрийг дагаад шүүхийн орчин нөхцөл тааруу, агааржуулагч байхгүй зэрэг нь олон нийтэд бас хүрсэн. Тэрнээс хойш байдал дээрдээгүй юу?

-Эрх мэдэлтэй байх үедээ шүүхийн орчин нөхцөлийг анхаараагүй хэрнэ өөрсдөө тэнд ороод “Агааргүй өрөөнд хүний эрх зөрчлөө” гэж гомдол гаргаж байвал яах вэ. Өөрсдийнх нь хүний эрхийг хөсөр хаясан нөхцөл байдал тэр. Дараа нь шүүхийн түр саатуулах байр агааржуулагчтай болсон. Тэр хүмүүс гишүүн байхдаа шүүхийн төсөв ярихаар “Пүү, Паа” гээд юу ч өгөхгүй байсан хүмүүсийн л төлөөлөл. Гэтэл цагаан захтнууд шоронд орж үзсэнээрээ шүүхийн түр саатуулах байр агааржуулах системтэй болж байна шүү дээ. Хамгийн сүүлд Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурлыг зохион байгуулчхаад би ажлаасаа гарсан. 250  оролцогчтой том хэрэг. Энэ олон хүнийг багтаах хэмжээний заал, танхим Монгол Улсын шүүхийн салбарт хаана ч байхгүй. Тиймээс “Улаанбаатар чуулга”-ын заалыг түрээсэлсэн. Шүүх хурлын зориулалтын танхим биш байсан болохоор олон асуудал үүсэж байсан. Ер нь шүүх ийм хэмжээнд байдаг гэдгийг миний хувьд дотор нь орж ажилласнаар мэдэж авсан. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэдэг үг үнэн юм билээ.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.21.124.3) 2023 оны 12 сарын 08

чухам үнэнийг хэлж

0  |  0
Иргэн(103.57.92.191) 2023 оны 12 сарын 07

Авилгал, хахууль, цагаан захтны хэрэг, олигархуудад Монгол Улсын хуулийн дагуу шудрага шүүлт хийж ажиллахгүй байгаан шүүхийн байрнаас болоогүй гэж бодож бна. Цагаан захтны хэргийг энэ ишиг, сэтгүүлч, Мөнх-Эрдэнэ нарыг шийдсэн шиг ажиллахгүй байгаад гайхаж байна

0  |  0
Зочин (202.126.89.246) 2023 оны 12 сарын 05

ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМЫГ ҮГҮЙ БОЛГОЧИХСОН БАЙДАГ , ШҮҮХЭД ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ НЬ БАЙГАА , ТҮҮНИЙГ АШИГЛААД ХУУЛИА БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ , ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛААД ХУУЛЬ САНААЧЛААД БАТЛААД БАЙГАА НЬ АЖИГЛАГДДАГАА , ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛЖ БАТЛААД БАЙГАА ХУУЛИЙГ ШҮҮХИЙНХЭН ШҮҮГЧ НЬ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДНА ГЭЖ БОДДОГ \n

0  |  0
Иргэд (66.181.188.172) 2023 оны 12 сарын 05

Балай шахуу юм. Т1 АВГАЙ

0  |  1
Иргэн(202.55.191.130) 2023 оны 12 сарын 05

\n”500 гаран шүүгчтэй учраа олох гэж толгойгоо өвтгөж байснаас үгэндээ оруулахад амархан авлигын шүүх нэртэй хэдхэн шүүгчтэй учраа олох нь илүү амар санагдсан бололтой”

2  |  0
Иргэн(202.55.191.130) 2023 оны 12 сарын 05

\n”500 гаран шүүгчтэй учраа олох гэж толгойгоо өвтгөж байснаас үгэндээ оруулахад амархан авлигын шүүх нэртэй хэдхэн шүүгчтэй учраа олох нь илүү амар санагдсан бололтой”

1  |  1
Элдэв(66.181.179.29) 2023 оны 12 сарын 05

Тангарагтны шүүхээс илүү шудрага шүүх гэж бхгүй! Жинхэнэ ард түмний шүүх бол тангарагтны шүүх юм. Хувь шүүгч нар энэ том луйварчид хулгайчдыг дийлэхгүй ээ!

0  |  1
Ард(172.59.75.72) 2023 оны 12 сарын 06

Дандаа авлига авдаг байсан шүүгч авилагтай тэмцээд ирхээр балмагдаж бна. Авилагын гэмт хэрэг маш бага гэнээ. Тэд нар чинь баригдахгүы байгаа. Нийгэм чинь тэр чигээрээ авилагд идэгдчихээд иргэд аргаа барж бна шүү.

4  |  0
Ит(66.181.182.159) 2023 оны 12 сарын 05

Үндсэн хуульгүй ямар улсууд ыдаг юмбэ? Нарийг нь хэлж өгөөч

0  |  0
Zuv(103.212.116.51) 2023 оны 12 сарын 05

Unen unen

2  |  1
Top