"The Glory" киноны зохиолч охиноосоо сэдэвлэн зохиолоо бичиж эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Энэ сарын 10-аас эхлэн "The Glory" киноны хоёрдугаар бүлэг "Netflix"-ээр цацагдаж эхэлнэ. Хоёрдугаар бүлэг гарахтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус киноны зохиолч Ким Ын Сүг зохиолын санаагаа хэрхэн олсон тухайгаа хуваалцжээ. 

Түүнийг өмнө нь болж байсан ижил төстэй явдлуудаас сэдэвлэн уг кино зохиолыг бичсэн хэмээн таамаглаж байсан. Харин тэрээр зохиолын санаагаа охиноосоо авсан тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр дурджээ. 

 

 

Охин нь түүнээс нэг удаа цочирдмоор асуулт асуужээ. Энэ тухай Ким Ын Сүг "Охин маань нэг өдөр "Ээж ээ, хэрэв би хэн нэгнийг үхтэл нь зодох юм уу эсвэл хэн нэгэнд үхтлээ зодуулаад ирэх хоёрын алинд нь сэтгэл тань хамгийн их шархлах вэ?" гэж надаас асуусан. Энэ асуултад нь би маш их цочирдсон. Энэ асуултаас үүдэн "The Glory" киноны зохиолыг бичихээр шийдсэн. Зохиол бичиж байх явцдаа түүний асуусан асуултын хариултыг олж чадсан. Хэрвээ миний хүүхэд гэртээ үхэх шахам зодуулаад ирсэн бол би асуудлыг шийдэх арга олох байсан. Гэмт этгээдүүдийг тамын ёроол хүртэл хөөх мөнгө надад байгаа. Тиймээс би хүүхдээ үхэх шахам зодуулаад гэртээ ирсэн нь дээр гэж бодож байна. 

 

 

Гэхдээ кинон дээрх дүрийн хувьд тийм хэрэгсэл байгаагүй. Үнэндээ дэлхий дээрх олон Дун Ынд тийм хэрэгсэл байхгүй. Тэд мөнгөтэй учраас мөнгөгүй эцэг эхчүүдтэй уулзах боломжгүй. Гэр бүлийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзээд би тэдэнд туслахыг хүссэн. Бодит байдал дээр ийм зүйл болдог учраас кинон дээр Дун Ыныг өшөөгөө амжилттай аваасай гэдэг үүднээс зохиолоо бичихийг хичээсэн" гэжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top