Гурван улсын үлгэр | 101 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна. 


 

II БОТЬ -  101 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЛУНШАНГААР ГАРЧ ЖУГӨ ЛЯН САХИУС ЧИМЭГЛЭСЭН

ЗЯНЬГӨД ОДОЖ ЖАНХӨ АРГАНД УНАСАН

 

Өгүүлэх нь: Кунмин цэрэг хасаж зуух нэмэх аргыг хэрэглэж Ханьжунд цэрэг эгсний хойно Сьма И бүгсэн цэрэг буй болов уу хэмээн болгоомжилж нэхсэнгүй. Бас ч цэргээ хурааж Чан Аньд эгэв. Тийнхүү цэрэг зогсоход нэг хүн хохирсонгүй. Кунмин олон цэрэгт шагнаж дуусаад Чөндүд орж Хоужуд золгоод айлтган өгүүлрүүн: “Хөгшин сайд би Ци Шань уулыг гараад Чан Анийг авсугай хэмээж байтал гэнэт хаан зарлиг бичиг буулган намайг хойш авчирсан нь ямар их хэрэг байхыг мэдэхгүй?” хэмээсэнд Хоужу өчих үггүй болж нэлээн удаад сая өгүүлрүүн: “Би чансанд удаан өдөр учирсангүй тул дотроо асар их мөрөөдөөд тийнхүү тусгайлан дуудан авчирсан бөлгөө. Өөр хэрэггүй!” хэмээжээ. Кунмин өгүүлрүүн: “Энэ хааны уг санаа бус эрхгүй зальхай түшмэл, надад өөр сэтгэл буй хэмээн ховлон хэлсэн болой” хэмээсэнд Хоужу үгийг сонсоод огт өчих үггүй болжээ. Кунмин өгүүлрүүн: “Хөгшин сайд би урьд хааны зузаан хишигт хүртсэн тул амалдаж үхэхээр хариулмуй. Эдүгээ хэрвээ дотоодод зальхай гажуу ард буй болбоос би яахан хулгайг дийлж чадах аж?” хэмээсэнд Хоужу өгүүлрүүн: “Би тайган нарын үгэнд ороод чансанг нэгэн цагт мунхарч дуудан авчирчээ. Энэ өдөр миний бөглөрснийг сая сэхээрүүлэв. Гэмшивч гүйцэхгүй!” хэмээсэнд Кунмин даруй олон тайган нарыг дуудаж байцаан асуусаар сая Гоу Аньгийн цуу үг задруулсныг мэдээд хүн зарж барихаар илгээвээс хэдийн Вэй улсад оджээ. Кунмин хаанд гүтгэн айлтгасан тайганчуудыг алж бусыг цөм ордноос хөөж гаргаад Зянвань, Фэй И нарыг зальхай гажуу ардыг байцаасангүй, дэмий хаанд айлтгасныг эс хориглов хэмээн буруушаан хэлсэнд хоёул ял хүлээв. Түүнээс Кунмин, Хоужугаас салаад дахин Ханьжунд эгж нэгэнтээгүүр Ли Янийг цэрэгт амуу хүргэж ир хэмээн бичиг хийж хүн зараад бас цэрэг гаргасугай хэмээн зөвлөхөд Ян И өгүүлрүүн: “Урьд хэдэн удаа цэрэг зүдсэний дээр амуу өвс бас гүйцэхгүй тул эдүгээ цэргийг хоёр жасаа хуваан гурван сараар хугацаа болгоход хүрэхгүй. Үлгэрлэвээс хорин түмэн цэрэг болбоос арван түмийг Ци Шань уулнаас гарган гурван сар суусан хойно одоо энэ арван түмээр халуулж ээлжлүүлбээс цэргийн хүч цөхөхгүй. Алгуураар орсонд Жун Юаньгийн газрыг хичээвээс болмуй”. Кунмин өгүүлрүүн: “Энэ үг чив миний санаанд нийлжээ. Би Жун Юаньгийн газрыг дайлах нь нэгэн өдөр нэгэн шөнийн хэрэг бус. Энэ чухам өнө удааны арга болой” хэмээгээд цэргийг хоёр жасаа зохиогоод зуун өдрөөр хугацаа болгож ээлжлүүлэн халмуй. Хугацаанаас зөрчвөөс цэргийн цаазаар аваачмуй” хэмээв.

Түүнээс дахин бадруулагчийн есдүгээр оны хаврын хоёр сард Кунмин дахин цэрэг гарч Вэй улсыг байлдахаар одов. Тэр үес Вэй улсын Тайхөгийн тавдугаар он бөлгөө. Вэй улсын эзэн Цаорүй нь Кунмин бас Жун Юаньгийн газрыг дайлахаар ирснийг мэдээд яаран Сыма Иг авчирч зөвлөвөөс Сыма И айлтгаж өгүүлрүүн: “Эдүгээ Цао Зыдань нэгэнтээ үгүй болсон тул сайд би нэгээхэн хүний чинээгээр хулгайг арилгаж хаанд хариулсугай!” хэмээсэнд Цаорүй ихэд баярлаж хурим бэлтгэн хуримлав. Жич өдөр хүн мэдүүлрүүн: “Шу улсын цэргийн байлдахаар ирэх нь асар шахам” хэмээсэнд Цаорүй Сыма Иг гарч “Дайсныг халхал!” хэмээгээд биеэр хотын гадна хүртэл үдэв. Сыма И хаанаас салаад шууд Чан Аньд хүрч олон замын цэргийг цуглуулж Шу улсын цэргийг эвдлэх аргыг зөвлөхүйд Жанхө өгүүлрүүн: “Би нэгэн салааны цэрэг аваад Юн, Мэй хотыг сахихаар одож Шу улсын цэргийг тулахыг хүсмүй”. Сыма И өгүүлрүүн: “Манай өмнөд цэрэг ганцаар Кунмингийн олныг тулж чадахгүй атал бас цэрэг хувааж өмнө хойно болох нь дийлэх арга бус болой. Харин цэргийг үлдээж Шангүйг сахиад үлдсэн олныг цөм авч Ци Шань уулын зүг одоход хүрэхгүй. Авгай чи гавшгай болмуй уу?” хэмээсэнд Жанхө ихэд баярлаж өгүүлрүүн: “Би язгуураас шударга журмыг өвөрлөж сэтгэлийг гүйцэтгэн улсад ач хүргэсүгэй хэмээвээс гагц сэтгэлийг мэдэгчдэд учирсангүй бөлгөө. Эдүгээ Дүдү надад энэ хүнд тушаалыг тушааваас хэдий түмэн зэрэг үхэвч маргахгүй!” хэмээсэнд Сыма И даруй Жанхөг гавшгай болгож олон цэрэг бүгдийг захируулав. Бас Гуохуайгаар Лунси газрын олон хотыг сахиулаад, үлдсэн жанжин нарыг авч тус бүр зам хуваан оров. Өмнө цэргийн харуулын хүн хэлрүүн: “Кунмин их цэрэг аваад Ци Шань уулын зүг ирлээ. Өмнө гавшгай Ванпин, Жан И нь, Чөньцаныг гараад Зяньгөг өнгөрч Саньгуань боомтоор сегүгийн зүг ирмүй” хэмээсэнд Сыма И Жанхөд өгүүлрүүн: “Эдүгээ Кунмин шууд орж ирсэн тул эрхгүй Лунси газрын буудайг хадаж цэргийн идэхэд тусалмуй. Чи хүрээ байгуулж Ци Шань уулыг сахь! Би Гуохуай лугаа хамт одож Тяньшуй хотын харьяат олон хотыг цагдаж хулгайн цэрэг буудай хадахыг сэргийлсүгэй!” хэмээсэнд Жанхө дөрвөн түмэн цэрэг авч Ци Шань уулыг сахихаар одов. Сыма И их цэргийг аваад Лунсигийн зүг явав.

Тэндээс Кунмингийн цэрэг Ци Шань ууланд хүрээд хүрээ буусан хойно Вэйшүй голын хүрээнд Вэй улсын цэрэг сэргийлэн буусныг үзээд олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Энэ хүрээнд эрхгүй Сыма И буй. Өнөө амуу дутагдах тул дахин давтан Ли Янийг хурдан амуу хүргэж ир хэмээн хүн зарсан боловч эдүгээ болтол хүрч ирээгүй. Би санахад Луншангийн газрын буудай нэгэнтээ боловсорсон ажгуу. Сэмээр цэрэг авч хадуулбаас болмуй” хэмээгээд Ванпин, Жан И, Ү Бань, Ү И дөрвөн жанжинг үлдээж Ци Шань уулын хүрээг сахиулаад Кунмин биеэр Зянвэй, Вэй Янь нарыг авч урьдаар Лүчөн хотод хүрэв. Тэр хотын тайшоу түшмэл язгуураас Кунминийг таних тул яаран хэрмийн хаалгыг нээн гарч дагав. Кунмин тохинуулсан хойно асууруун: “Эдүгээ аль газрын буудай боловсорсон буй?”. Тайшоу түшмэл хэлрүүн: “Луншан газрын буудай боловсорчээ” хэмээв. Кунмин Жан И, Мажунг үлдээн Лүчэн хотыг сахиулаад өөрийн бие олон жанжин нарыг аваад Луншангийн зүг одоход харуулын хүн ирж хэлрүүн: “Сыма И цэрэг авч энд буй” Кунмин хиртхийж өгүүлрүүн: “Энэ хүн миний буудай хадахаар ирэхийг урьдаас төсөөлөв!” хэмээгээд даруй бие угаан хувцас халаад нэгэн адил дөрвөн хүрдэт тэргийг гурав түлхэн гаргаж тэдгээрийг цөм нэгэн янзаар чимэглэжээ. Энэ тэргийг Кунмин Шугийн газарт урьдаас үйлдэж бэлтгэсэн ажгуу. Тухайд Зянвэйг нэг мянган цэрэг дагуулан тэргийг хамгаалан таван зуун цэргээр хэнгэрэг дэлдүүлж Шангүйн хойдод бүг! Мадайг зүүн этгээдэд Вэй Янийг баруун этгээдэд бас ч тус бүр нэг мянган цэрэг авч тэргийг хамгаалан, таван зуун цэргээр хэнгэрэг дэлдүүлж тэрэг бүрт хорин дөрвөн хүн цөм бараан хувцас өмсөн хөл нүцгэлж үсээ тавин илд бариад гарт нь долоон од зурсан далбааг бариулан зүүн баруунаас тэрэг түлхтүгэй хэмээн зарласанд гурвуул аргыг хүлээн тус тусдаа тэрэг түлхэж одов. Кунмин бас гурван түмэн цэргийг цөм хадуур дээс бэлтгүүлж буудай хадахыг хүлээлгэв. Бас хорин дөрвөн идэр залуу ардыг сонгож цөм хар дээл өмсгөн үс тавин хөл нүцгэлэн жад сэлэм бариулан дөрвөн хүрдэт тэргийг хамгаалуулж үүнийг “Тэрэг түлхэх хүн” хэмээмүй. Бас Гуаньсинг Тяньпин тэнгэрийн жанжны125 адил болгоод гарт долоон од зурсан бараан далбаа бариулж тэрэгний өмнө явган явуулаад Кунмин тэргэнд төв сууж Вэй улсын цэргийн хүрээний зүг ирэв.

125 Тяньпин Юаньшуай буюу өрлөг жанжинг зааж байна. Эртний домог ярианд байдаг тэнгэрийн сахиус болой.

Үүнийг харуулын хүн үзээд хүн буюу чөтгөр буюу хэмээн сэжиглэн ихэд айж мэнд санд Сыма Ид хэлэхээр ирсэн хойно Сыма И хүрээнээс гарч үзвээс гагц Кунмин зэмсэгт малгай, тогоруун нөмрөг өмсөж гартаа өдөн гөвүүр бариад дөрвөн хүрдэт тэргэнд төвлөн суужээ. Хоёр этгээдэд хорин дөрвөн хүн үс тавьж илд барьжээ. Өмнө талд нэгэн хүн бараан далбаа бариад бүрэг бараг тэнгэрийн сахиус мэт үзэгдмүй. Сыма И өгүүлрүүн: “Энэ бас ч Кунмингийн шимнус нь болой!” хэмээгээд даруй хоёр мянган цэрэг салгаж сурган өгүүлрүүн: “Та нар очиж тэргийг хүнтэй дуусган барьж ир! хэмээсэнд Вэй улсын цэрэг захиаг хүлээн нэхэхээр очив. Кунмин Вэй улсын цэрэг нэхэж ирснийг үзээд тэргийг даруй эгүүлэн өөрийн хүрээний зүг алгуур одов. Вэй улсын цэрэг цөм морио тавьж нэхэхэд ганц жигтэй салхи босож жихүүн будан тунармуй. Хүчний чинээгээр нэгэн өртөө нэхвээс гүйцэхгүй тул олон цөм гайхаад морийг татаж зогсоод өгүүлрүүн: “Юутай гайхамшигтай! Бид шахамдаж гучин газар гартал нэхэвч өмнө үзэгдээд гүйцэгдэхгүйг хэрхвээс сайн?” хэмээн хэлэлцмүй. Кунмин Вэй улсын цэрэг нэхэхгүй зогссоныг үзээд бас тэргийг эгүүлэн эсрэг хандуулан зогсоов. Вэй улсын цэрэг сэжиглэж удтал санаад бас морийг тавьж нэхэхээр ирэхэд Кунмин дахин тэргийг буцуулж түлхэн алгуурхан эгж одов. Вэй улсын цэрэг бас хорин газар илүү нэхвээс гагц өмнө үзэгдэх бөгөөд гүйцэгдэхгүй тул олон цөм тэнэг мэт болжээ. Кунмин тэргийг эгүүлэн зогсоожээ. Вэй улсын цэргийн зүг хандуулаад сөргүү түлхэн явахад Вэй улсын цэрэг бас нэхсүгэй хэмээтэл Сыма И цэрэг авч ирээд зарлаж өгүүлрүүн: “Кунмин Бамэнь дүньзя хэмээх сургаалыг сайн сураад Людин, Люзя хэмээх хувилгааныг зарж чадмуй. Тэр люзя хэмээх тэнгэрийн бичгийн доторх газар эвхэх126 арга болой. Нэхэж болохгүй!” хэмээсэнд олон цэрэг сая морь татаж эгсүгэй хэмээтэл гэнэт зүүн этгээдээс хэнгэргийн дуу ихэд гарч нэгэн багийн цэрэг байлдахаар ирэв.

126 Зүүн Хань улсын Фэй Чанпан гэдэг хүн нэгэн өдөрт мянган газрын алс дахь хэд хэдэн газрын хүнтэй учирч чаддаг увдистай байсан гэж эртний домог ярианд байдаг. үүнийг хүмүүс газар эвхэх арга гэдэг билээ.

Сыма И яаран цэргээр байлдуулбаас Шу улсын цэргийн дундаас хорин дөрвөн хүн үсээ тавьж илд бариад бараан хувцас өмсөөд хөл нүцгэлж нэгэн дөрвөн хүрдэт тэргийг түлхэж гарав. Тэргэнд Кунмин төвлөн сууж зэмсэгт малгай, тогоруун нөмрөг өмсөөд гартаа өдөн дэвүүр бариад сажилж буй. Сыма И ихэд гэлмэж өгүүлрүүн: “Анхан сая тэр тэргэнд суусан Кунминийг тавин газар нэхээд завдсангүй бөлгөө. Яахан энд бас нэг Кунмин байх буй? сонин, сонин!” хэмээн хэлж дуусахын урьд баруун биеэс хэнгэргийн дуу бас үүсэж нэгэн багийн цэрэг гарч ирэв. Дөрвөн хүрдэт тэргэн дээр бас Кунмин сууж буй. Зүүн баруун этгээдэд бас хорин дөрвөн хүн бараан хувцас өмсөөд үсээ тавин илд барьж тэргийг хамгаалж ирмүй. Сыма И ихэд сэжиглэн хойш хандаж олон цэргийн зүг өгүүлрүүн: “Энэ эрхгүй хувилгаан цэрэг бөлгөө!” хэмээсэнд цэргийн дотор ихэд самууран эмээж байлдсангүй. Тус тусдаа буруулан явав. Тэндээс чив явж атал гэнэт хэнгэргийн дуу ихэд гарч бас нэгэн багийн цэрэг байлдахаар ирмүй. Өмнөд нэгэн дөрвөн хүрдэт тэргэнд Кунмин төв цэх суужээ. Зүүн, баруун, өмнө, хойно тэргийг түлхэн дагах ард мөнхүү урьдын хүний адил тул Вэй улсын цэрэг эс гайхсан нь үгүй. Сыма И хүн чөтгөрийг ялган олохгүйн дээр бас Шу улсын цэрэг хэдий байхыг мэдэхгүй тул ихэд айж санд мэнд цэргээ авч Шангүй хотод ороод хаалгыг хааж гарч ирэхгүй болов. Тэр үес Кунмин хэдийн гурван түмэн шилсэн цэргээр Луншан газрын буудайг дуусган хадаж Лүчэн хот руу зөөж ээн хатаахаар очжээ. Сыма И Шангүй хотод суугаад арван өдөр айж хотоос гарсангүй. Хожим Шу улсын цэрэг эгснийг сонсоод сая харуул гаргаж цагдуулсанд замд Шу улсын цэргийг нэг барьж олоод Сыма Ид уулзуулахаар аваачив. Сыма И асууваас тэр хүн хэлрүүн: “Би буудай хадах хүн. Морийг гээсэн тул танд баригдав” хэмээмүй. Сыма И өгүүлрүүн: “Тэр өдрийн ирсэн нь ямар сахиулсан цэрэг буй?” Тэр хүн өчрүүн: “Гурван замын бүгсэн цэрэг цөм Кунмин бус Зянвэй, Мадай, Вэй Янь болой. Зам бүрт гагц нэг мянган цэрэг тэргийг хамгаалж таван зуу нь хэнгэрэг дэлдмүй. Анх тэргүүнд өдөхөөр тэргэнд сууж ирсэн нь Кунмин болой” Сыма И дээш хандан урт шүүрс алдаж өгүүлрүүн: “Кунминд чөтгөр сахиулсан мэдэхгүй арга буй болой!” хэмээв. Гэнэт мэдүүлрүүн: “Мөрний Дүдү Гуохуай золгохоор ирэв” хэмээхэд Сыма И угтаж оруулаад ёслон дууссан хойно Гуохуай өгүүлрүүн: “Би сонсвоос Шу улсын цэрэг арвингүй. Эдүгээ Лүчэн хотод буудай төгсөж буй. Байлдахаар очвоос зохимуй”. Сыма И урьд үйлийг нэг нэгээр хэлсэнд Гуохуай инээж өгүүлрүүн: “Гагц нэгэн цаг мэхлэгдмүй. Өнөө нэгэнтээ аргыг ухваас төдий буй за. Юунд эмээмүй! Би нэгэн анги цэрэг авч түүний хойдыг байлдсугай! Чи нэг анги цэргээр өмнө талыг байлдах болбоос Лүчэн хотыг эвдэлж Кунминийг амьдаар бариваас болох болой”. Сыма И үг дагаж даруй цэрэг хуваан хоёр замаар оров.

Тэндээс Кунмин Лүчэн хотод буудай төгсөж агаад гэнэт олон жанжин нарыг дуудаж зарлан өгүүлрүүн; “Энэ үдэш дайсан эрхгүй хотыг байлдахаар ирмүй. Би бодвоос хотын зүүн хойд буудайн тарианд цэрэг бүгж болмуй. Хэн миний төлөө нэгэнтээ одмуй?” Зянвэй, Вэй Янь, Мадай, Мажун дөрвөн жанжин хамтаар гарч өгүүлрүүн: “Бид одохыг хүсмүү”. Кунмин ихэд баярлаж: “Вэй Янь, Зянвэй тус бүр мянган цэрэг авч зүүн өмнө, баруун хойд хоёр газарт бүг! Бас Мадай, Мажун тус бүр хоёр мянган цэрэг авч зүүн хойно баруун өмнө хоёр газарт бүг! Гагц буун дууг сонсвоос дөрвөн зовхисоос хамтаар байлдахаар ир!” хэмээсний хойно дөрвөн жанжин аргыг хүлээн аваад цэрэг авч одов. Кунмин өөрийн бие зуу илүү гал, буу барьсан хүнийг авч гараад буудайн тарианд бүгж хүлээв.

Тэндээс Сыма И цэрэг авч Лүчэн хотын доор хүртэл нэгэнтээ гэгээ тасарсан тул олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Хэрвээ өдөр наранд цэрэг орвоос хотын доторх эрхгүй бэлтгэмүй. Энэ үдэш байлдваас хот богино, гуу гүехэн тул эвдэлж болмуй” хэмээгээд хотын гадна хүрээ буув. Нэг жингийн үес Гуохуай бас цэрэг авч ирээд хоёр этгээд цэрэг нийлүүлж нэгэнт хэнгэрэг дэлдмэгц Лүчэн хотыг төмөр суулга мэт хаасанд хотын дээрээс түмэн зэвийг цугаар харваж чулууг бороо мэт хаяхад Вэй улсын цэрэг ойр давшиж чадахгүй бүхүйд гэнэт Вэй улсын цэргийн дундаас тэмдэгт буун дуу гарсанд олон цэрэг ихэд гэлмэж хаанаас цэрэг ирснийг мэдэхгүй хэмээсэнд Гуохуай хүн зарж буудайн тариаг нэгжин үзүүлэхээр илгээвээс дөрвөн зүгт галын гэрэл огторгуй тулан хашхирах дуу гарч Шу улсын цэрэг дөрвөн замаар байлдахаар иртэл Лүчэн хотын дөрвөн хаалгыг мөн нээж хот доторх цэрэг байлдахаар гараад дотор гаднаас хавчин байлдсанд Вэй улсын цэргийн үхсэн нь маш олон. Сыма И цэрэг авч үхэн байлдаж хаасан газраас гараад уулан дээр зогссонд Гуохуай бас дарагдсан цэргийг авч уулын хойдод хүрээ буув. Кунмин хотод ороод дөрвөн жанжинг хотын дөрвөн зовхист хүрээ буулгажээ. Гуохуай Сыма Ид өчиж өгүүлрүүн: “Бид Шу улсын цэрэг лүгээ тулалцаж өдөр удтал эгүүлэх аргагүй. Эдүгээ нэгэн зэрэг байлдаад бас гурван мянга илүү цэрэг хохирчээ. Хэрвээ хурдан хичээхгүй болбоос хожим эгүүлэхэд бэрх болмуй”. Сыма И өгүүлрүүн: “Тийм болбоос яамуй?”. Гуохуай өгүүлрүүн: “Дүдү бичиг илгээн Юнжоу, Лянжоугийн газрын цэргийг цуглуулж хүч нийлж байлдсугай! Би нэгэн салааны цэрэг аван Зяньгөг байлдаад түүний эгэх замыг таслах болбоос тэдгээрийн амуу өвс нэвтрэхгүй болж олон цэрэг самуурмуй. Тэр цагийг тухайлан байлдсанд дайсныг сөнөөж болмуй”. Сыма И тэр үгийг дагаж даруй бичиг үйлдэж шөнө дөл Юнжоу, Лянжоу хоёр мужаас цэрэг салган авахаар илгээв. Удсангүй их жанжин Сүньли Юнжоу, Лянжоугийн олон газрын хүн морийг дагуулан ирсэнд Сыма И даруй сүньлиг Гуохуай лугаа хамт “Зяньгөг авахаар од!” хэмээн илгээв.

Тэндээс Кунмин Лүчэн хотод удаан өдөр суутал Вэй улсын цэрэг гарч байлдахгүй тул даруй Мадай, Зянвэйг хотод оруулаад зарлаж өгүүлрүүн: “Эдүгээ Вэй улсын цэрэг уулын хавцлыг сахиж суугаад үл байлдах нь нэгд болбоос бидний буудай дууссанд амуугүй болмуй хэмээн боджээ. Хоёрт болбоос цэрэг илгээж бидний амуу зөөх замыг тасалсугай хэмээн Зяньгөг байлдмуй. Таны хоёул тус тусдаа нэг түмэн цэрэг авч урьд хавцал ам чухал газрыг сахихаар од! Вэй улсын цэрэг бидний бэлтгэснийг мэдвээс өөрөө эгмүй” хэмээсэнд хоёул цэрэг авч одов. Чанши түшмэл Ян И орж хэлрүүн: “Урьд өдөр чансан их цэргийг нэг зуун өдөрт нэгэнтээ халмуй хэмээсэн бөлгөө. Эдүгээ хугацаа дүүрээд Ханьжунгийн халах цэрэг нэгэнтээ Чуанькоу амыг гарч ирсэн албан бичиг хүрч ирээд, гагц цэрэг халахаар ирэхийг хүлээж амуй хэмээмү. Энд байх найман түмэн цэргийн доторхи дөрвөн түмэн цэрэг нь жасаа халбаас зохих нь болой”. Кунмин өгүүлрүүн: “Нэгэнтээ зарласан тул даруй түргэн явуулагтун!” хэмээснийг олон цэрэг сонсоод тус бүр хөсөг засаж эгэхийг бэлтгэн бүхийд гэнэт “Сүньли Юнжоу, Лянжоу хоёр мужаас хорин түмэн цэргийг авч туслан байлдахаар ирээд Зяньгөг сундлахаар одов. Сыма И биеэр цэрэг авч Лүчэн хотыг байлдахаар ирэв” хэмээн хэлсний хойно Шу улсын цэрэг эс айсан нь үгүй. Ян И яаран орж Кунмингийн зүг өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг ирэх нь асар түргэн хэмээмүй. Чансан жасаа халах цэргийг түр агуулж дайсныг эгүүлээд шинэ цэрэг ирэхийг хүлээж жич илгээвээс зохимуй”. Кунмин өгүүлрүүн: “Болохгүй! Би цэрэг хэрэглэж жанжинг зарахад батаар үндэс болгомуй. Нэгэнт урьд зарласныг хэрхэн хэмээн батыг алдаж болмуй? Жасаа дууссан цэрэг гэртээ эгмүй хэмээн тэгшлэн бөгөөд тэдний эцэг эх, эм, хөвгүүн өдөр бүр хаалганд зогсож ахуу болой. Эдүгээ надад хэдий их зовлон байвч эдгээрийг огт үлдээж болохгүй” хэмээгээд жасаа дууссан цэргийг тэр өдөртөө даруй мордож од хэмээн цааз тараасанд олон цэрэг сонсоод цөм их дуугаар хэлрүүн: “Чансан манай олонд энэ мэт хишиг хүртээвээс бид түр эгэхгүй амийг гүжирлэж Вэй улсын цэргийг нэгэн зэрэг алаад чансангийн ачийг хариулахыг хүсмүй!”. Кунмин өгүүлрүүн; “Та цөм гэртээ эгвээс зохих тул яахан дахин энд үлдэж болмуй?” Олон цөм “Дуртайяа гарч байлдмуй! Эгэх дургүй!” хэмээх тул Кунмин өгүүлрүүн: “Та нар нэгэнт надад байлдаж өгсүгэй хэмээвээс хотыг гарч хүрээ байгуулагтун! Вэй улсын цэрэг хүрч ирэхийг хүлээж түүний амрахын урьд түргэлэн байлд! Энэ нь амраар цөхсөнийг тулж авах арга болой” хэмээсний хойно олон цэрэг захиаг хүлээн тус бүр зэвсэг барьж баярласаар хотоос гарч жагсаал жагсааж хүлээв.

Тэндээс Силянгийн цэрэг морь хүрч ирсэн тул хүн мохож морь ядраад сая хүрээ байгуулсугай хэмээтэл Шу улсын цэрэг нэгэн хүчээр урагш дэвшээд хүн бүр баатарлан ороход жанжин хурц цэрэг хучирхэг тул Юнжоу, Лянжоу хоёр мужийн цэрэг тэнцэхгүй даруй буруулан явсанд Шу улсын цэрэг хойноос нэхэж алсанд Юнжоу, Лянжоугийн цэргийн үхдэл хээр тал дүүрч цус гол мэт урсжээ. Кунмин хот гарч дийлсэн цэргийг хураан хотод ороод цэрэгт шагнав. Гэнэт хүн ирж хэлрүүн “Ли Янь яаруу бичиг хүргэж иржээ” хэмээмүй. Кунмин ихэд гэлмэж бичгийг нээж үзвээс бичгийн үг нь :

“Ойр сонсвоос Зүүн Ү улс Луо Янд хүн зарж Вэй улс лугаа ханилсанд Вэй улс, Ү улсад захиж “Шу улсыг байлд!” хэмээжээ. Завшаанд цэрэг хөдлөөгүй асаар, өнөө Ли Янь чимээг сурвалжилж олов. Олдохул чансангийн урьдаас сайн арга бодож тогтоохыг гуймуу!” хэмээжээ.

Кунмин үзээд асар сэжиглээд яаран олон жанжинг цуглуулж өгүүлрүүн: “Хэрвээ Зүүн Ү улс цэрэг байгуулж бидний улсыг дайлахаар ирвээс би хурдан эгвээс зохимуй” хэмээгээд даруй цааз зарлан Ци Шань уулын их хүрээний цэрэг морийг Сычуаньгийн зүг эгэгтүн. Сыма И миний цэрэг энд бүхийг мэдсэнд яавч нэхэхгүй бөлгөө” хэмээсний хойно Ванпин, Жан И, Ү И, Ү Бань нарын цэрэг хоёр замаар салж Сычуаньгийн зүг алгуураар эгж одов. Жанхө, Шу улсын цэрэг эгснийг мэдээд арга буй болов уу хэмээн аймшиггүй нэхсэнгүй. Цэрэг авч Сыма Ид золгохоор ирээд өгүүлрүүн: “Эдүгээ Шу улсын цэрэг эгж одов. Ямар санааг мэдэхгүй!”. Сыма И өгүүлрүүн: “Кунминд зусар арга их тул хөнгөнөөр нэхэж эс болмуй. Бэхлэн сахиж түүний амуу дуусваас аяндаа өөрөө эгэх болой”. Их жанжин Вэйпин өгүүлрүүн: “Шу улсын цэрэг Ци Шань уулын хүрээг эвдэж эгсэнд чухам нэхвээс зохих атал Дүдү цэрэг хөдөлгөхгүй, Шу улсаас хорт барс мэт аймуй. Дэлхий дахины хүн элэглэхээс эмээхгүй үү?” хэмээсэнд Сыма И огт үг дуугүй болов. Тэндээс Кунмин Ци Шань уулын цэрэг нэгэнтээ эгснийг сонсоод Ян И, Мажунг цацарт дуудаж нягт арга сургаж: “Нэг түмэн холховч нум барьсан цэрэг авч урьд Зяньгөд одож Мү Мэньдао хэмээх замын хоёр талд бүг! Хэрэв Вэй улсын цэрэг нэхэхээр ирвээс миний буун дууг сонссонд чулуу мод өнхрүүлэн түүний одох замыг хаагаад хоёр хажуугаас хамтаар харва!” хэмээсэн хойно хоёул цэрэг авч одов. Бас Вэй Янь, Гуаньсинг дуудаж: “Цэрэг авч хойдыг хайгуувчлагтун! Хотын дээр туг хиур хатгаад хотын дотор газар газарт өвс овоолж хоосон гал тавь!” хэмээгээд их цэргийг цөм Мү Мэньдаод авч одов.

Түүнээс Вэй улсын хүрээний цагдах цэрэг мэдээд Сыма Ид хэлрүүн: “Шу улсын цэрэг цөмөөр эгж одов. Гагц хотын дотор хэдий цэрэг байхыг мэдэхгүй” хэмээсний хойно Сыма И биеэр хотын дэргэд ирж хотын дээр туг хиур хатгаад, дотор утга үүсгэснийг үзээд инээн өгүүлрүүн: “Энэ хоосон хот болой” хэмээгээд хүн гаргаж үзүүлбээс үнэхээр хоосон хот бөлгөө. Сыма И өгүүлрүүн: “Кунмин нэгэнтээ эгсэн тул хэн аймшиггүй нэхэхээр очмуй?”. Гавшгай Жанхө өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй”. Сыма И зогсоож өгүүлрүүн: “Чи ааш муутай тул одож болохгүй!”. Жанхө өгүүлрүүн: “Дүдү боомт гарах цагт намайг гавшгай болгоод эдүгээ ямагт гавьяа байгуулах тухай юунд намайг хэрэглэхгүй буй?”. Сыма И өгүүлрүүн: “Шу улсын цэрэг эгэхэд эрхгүй бэрх хавцалд цэрэг бүгүүлэн тавимуй. сайтар болгоомжилж нэхвээс зохимуй”. Жанхө өгүүлрүүн: “Би нэгэнтээ олж мэдэв. Битгий олон зовогтун!”. Сыма И хэлрүүн: “Чи өөрөө одоод хожим битгий гэмшигтүн!”. Жанхө өгүүлрүүн: “Их эр амийг гүжирлэн улсад хариулахад хэдий түмэн зэрэг үхэвч хорсох газаргүй”. Сыма И өгүүлрүүн: “Чи мушгиж эрхгүй одсугай хэмээвээс таван мянган цэрэг авч урьд од! Вэйпинд хоёр түмэн явган морьт цэрэг өгч хойно дагалцуулж бүгсэн цэргийг сэргийлүүлэгтүн! Би бас гурван мянган цэрэг авч туслахаар одсугай!” хэмээсний хойно Жанхө захиаг хүлээгээд цэрэг авч ноцох гал мэт түргэн нэхэж одоод гучин газар илүү явтал гэнэт хойноос хашхирах дуу үүсэж шугуйн дотроос нэгэн багийн цэрэг гарч ирэв. Тэр тэргүүлсэн жанжин илд өргөж морио давхиулан өндөр дуугаар: “Хулгайн жанжин цэрэг авч хаашаа одмуй?” хэмээсэнд Жанхө тэргүүн өргөж үзвээс тэр Вэй Янь болой. Жанхө ихэд хилэгнэж морио давхиулан байлдаж арван удаа болсонгүй Вэй Янь хуурч буруулав. Жанхө бас гуч илүү газар нэхээд морио татаж дөрвөн этгээдийг үзвээс огт бүгсэн цэрэггүй тул бас морийг ташуурдан нэхээд сая уулын хөтөл өнгөрөход хашхирах дуу ихэд үүсэж нэгэн багийн цэрэг сүрэглэн гарав. Тэр тэргүүн их жанжин нь Гуаньсин болой. Морин дээр дам илдийг хөндлөн барьж өндөр дуугаар өгүүлрүүн: “Жанхө битгий явагтун! Би энд буй” хэмээсний хойно Жанхө морийг давхиулан байлдаж арван удаа болсонгүй Гуаньсин морио эгүүлж буруулав. Жанхө хойноос нэхсээр нэгэн зузаан шугуйн дотор хүрээд бүгсэн цэрэг буй болов уу хэмээн хүн гаргаж мэдээ авхуулбаас нэг ч цэрэггүй. Үүнд сэтгэл сулхан болж бас нэхтэл санамсаргүй Вэй Янь өмнийг тосов. Жанхө бас арван удаа байлдтал Вэй Янь бас буруулан явав. Жанхө хилэгнээд нэхэж одоход бас Гуаньсинд одох замыг тосогджээ. Жанхө ихэд уурлаж морь давхиулж арван удаа байлдсан хойно Шу улсын цэрэг дээл хуяг алив хэрэгслийн эдийг зам дүүртэл гээсэнд Вэй улсын цэрэг цөм мориноос бууж тэмцэлдэн авмуй. Вэй Янь, Гуаньсин хоёул ээлжлэн байлдахад Жанхө амийг тавьж нэхсээр нар орой болох үес Мү Мэньдао аманд хүрэхэд Вэй Янь эгж ирээд өндөр дуугаар харааж өгүүлрүүн: “Жанхө сөргүү хулгай би чам лугаа байлдахгүй байхад чи намайг нэхээд баймуй? Би одоо чам лугаа нэгэн зэрэг үхэн байлдсугай!” гэхэд Жанхө ихэд хилэгнэж жадаа өргөн морийг давхиулан Вэй Янийг зүглэн байлдахаар ирэхэд Вэй Янь илд даллан байлдаад арван удаа болсонгүй Вэй Янь буруулан яваад хуяг дуулга зэвсгийг дуусган гээж гагц мориор дарагдсан цэргийг авч Мү Мэньдаогийн зүг явахад Жанхө байлдаж халмагшсаны дээр Вэй Янь дарагдаж явсанд морь довтолгон нэхсээр тэнгэр харанхуй болох үес гэнэт буун дуу нэгэнтээ гарч уулын дээр галын гэрэл цацартал их чулуу бүдүүн мод цугаар өнхрөн ирээд одох замыг таслав. Жанхө ихэд гэлмэж өгүүлрүүн: “Би арганд унав” хэмээгээд яаран морийг эгүүлтэл арын хойно эгэх замыг хэдийн мод чулуугаар бөглөжээ. Дунддад ганц нэгэн хэсэг хоосон газар байхаас хоёр этгээд цөм хад. Жанхө одвоос эгвээс зам олохгүй бүхийд гэнэт нэгэн тогшуур модны дуу гармагц хоёр этгээдээс холховч нум мянга түмээр гарч ирээд Жанхө хийгээд нэг зуу илүү жанжин цэргийг цөм Мү Мэньдаогийн замд харваж алав.

Хожмын хүний шүлгийн үг:

“Бүгсэн холховч нум түмэн дусал од мэтээр

Бүх цэргийг Мү Мэньдаогийн дээр харвасан бөлгөө

Эдүгээ болтол Зяньгөгөөр өнгөрөн гарах хүн

Эрхэм мэргэн цэргийн багшийн эрдмийг мөнхүү сайшаамуй”

Тэндээс Жанхө нэгэнтээ үхсэний хойно Вэй улсын цэрэг дагалдаагаар хүрч ирээд зам бөглөснийг үзээд Жанхө арганд орсныг мэдэж олон цэрэг яаран эгэхэд уулын дээрээс Шу улсын цэрэг их дуугаар дуудаж өгүүлрүүн: “Жугө Лян чансан энд буй!”. Олон цэрэг үзвээс Кунмин галын гэрлийн дотор зогсоод олон цэргийн зүг зааж өгүүлрүүн: “Би энэ өдөр ав авлаад нэг морийг харвасугай хэмээсэн бөлгөө. Ташаарч нэгэн араатан оногдов. Танай олон санаа амар эгээд Сыма Жундад өглөө үдэш эрхгүй надад баригдмуй хэмээн хэлэгтүн!” хэмээв. Вэй улсын цэрэг эгээд Сыма Ид хэлсэн хойно Сыма И маш гаслаж өгүүлрүүн: “Жан Зюн И үхсэн нь миний эндүүрэл болой” хэмээгээд цэрэг хурааж Луо Янд эгэв. Вэй улсын эзэн Жанхөгийн үгүй болсныг сонсоод ихэд уйлж хүнээр ясыг хураан хүндэд оршуулав.

Тэндээс Кунмин Ханьжунд эгээд Чөндүд орж Хоужуд золгосугай хэмээхэд Духу түшмэл Ли Янь Хоужуд хуурч айлтгаруун: “Сайд би цэргийн амууг бэлтгээд сая чансангийн цэрэгт хүргэсүгэй хэмээн атал чансан ямар учрыг мэдэхгүй гэнэт цэрэг эгжээ”. Хоужу сонсоод даруй тэргүүн сайд Фэй Иг Ханьжунд орж Кунмингаас цэрэг эгсэн учрыг асуугтун хэмээн илгээв. Фэй И Ханьжунд хүрч хааны санааг хэлсэнд Кунмин ихэд гэлмэж өгүүлрүүн: “Ли Янь бичиг илгээж хэлсэн нь “Зүүн Ү улс цэрэг үүсгэн Сычуанийг байлдахаар ирэв” хэмээсэнд тийнхүү цэрэг эгэв”. Фэй И хэлрүүн: “Ли Янь хаанд амуу цалинг нэгэнтээ бэлтгэсэн атал Чансан учир бусаар цэрэг эгжээ хэмээн айлтгав. Тийнхүү хаанаас ийм зарлиг аж, намайг асуу хэмээн илгээв” Кунмин ихэд хилэгнэж хүн гарган байцааваас Ли Янь цэргийн амуу олохгүйд чансанг ял асуугуузай хэмээн хуурмаг бичиг илгээж хойш авчраад бас тэнгэрийн хөвгүүнд дэмий айлтгаж өөрийн эндүүрлийг халхалсугай хэмээв хэмээсэнд Кунмин ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Гагц эр өөрийн биеийн учир улс гэрийн их үйлийг саатуулав” хэмээгээд дуудан авчирч “Алсугай!” хэмээхэд Фэй И хориглож өгүүлрүүн: “Чансан урьд хааны гэрээсэлсэн санааг санаж түр уучлан хэлтрүүлэх болов уу?” хэмээсэнд Кунмин үгийг дагав. Фэй И илтгэл бичиг бичээд Хоужуд өргөсний хойно Хоужу бичгийг үзээд ихэд хилэн төрж цэргийн ардыг зандарч Ли Янийг түлхэн гаргаж алагтун хэмээхэд Цаньзюнь түшмэл Зянвань зэргээс гарч айлтгаруун: “Ли Янь хэмээгч урьд хааны гэрээсэлж тушаасан сайд тул онцгой өршөөн уучилбаас зохимуй” хэмээсэнд Хоужу үгийг дагаж Ли Янийг иргэн болгоод Зытун хошууны газар сул суулгахаар илгээв. Түүнээс Кунмин Чөндүд эгээд Ли Яньгийн хөвгүүн Лифэнг Чанши түшмэл болгоод өвс цуглуулан амуу хурааж жагсаалын сургаалыг тайлбарлан, цэргийн эрдмийг шүүмжлээд байлдах зэвсгийг тэгшлэн жанжин цэргийг тэтгэж гурван жил амруулсны хойно цэрэглэсүтэй хэмээхэд Сычуань, Дунчуаньгийн цэрэг иргэн түүний хишиг эрдмийг санаж ихэд шүтэн хүндэлмүй. Өдөр сар ус урсах мэт, санамсаргүй гурван жил болжээ. Тэр цаг дахин бадруулагчийн арван хоёрдугаар оны хоёр сард Кунмин бараалхалд орж айлтган өгүүлрүүн: “Сайд би эдүгээ цэргийг тэтгэн тэжээж нэгэнтээ гурван жил болов. Амуу өвс элбэг дэлбэг, цэргийн зэвсэг бүрэн төгс, хүн хүчирхэг, морь тарган болсон тул Вэй улсыг дайлж болмуй. Энэ удаа хэрвээ зальт хоршоог шүүрдэн арилгаж Жун Юаньгийн газрыг олохгүй болбоос ам алдаж хаанд золгохоор ирэхгүй!”. Хоужу өгүүлрүүн: “Эдүгээ гүлсийн хөлийн байдал бүтсэн бөгөөд Ү улс, Вэй улс халдахаар ирсэнгүй тул чансан эцэг юунд амгалангаар энх төвшинг эдлэхгүй аж?”. Кунмин өгүүлрүүн: “Сайд би урьд хааны өршөөсөн ачийг хүртсэн тул шөнийн зүүдэнд ч басхүү Вэй улсыг дийлэх аргыг үл бодохоор үгүй. Хүчийг дуусган шударгыг гүйцэтгэж хаанд Жун Юаньгийн газрыг эгүүлэн авч өгөөд Хань улсын төрийг дахин мандуулах нь сайд миний ерийн хүсэл болой” хэмээн үг дуусахын урьд нэгэн хүн зэргээс гарч өгүүлрүүн: “Чансан цэрэг үүсгэж болохгүй!” хэмээжээ. Олон үзвээс Цяожоу бөлгөө. Энэ чухамхүү:

“Үхоу санааг гүйцэтгээд улсын төлөө зовж

Тайши цаг улирлыг мэдээд бас тэнгэрийг шүүмжилмүй”

Эгнэгт Цяожоу ямар хэлэлцээн байхыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орчуулагч(202.21.108.159) 2023 оны 01 сарын 28

Яаж орчуулаад байгаа юм бэээ, хэний орчуулага юм бэ, translate google-дчихсэн юмуу.

0  |  0
Top