ТАНИЛЦ: "Эрдэнэс Монгол"-ын ШИНЭЭР ЗУРАГЛАСАН 89 орон тоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Монгол” бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, цэвэр менежментийн компани болгоно гээд “Эрдэнэс Монгол” компанийн шинэчлэлийн бүтцийг танилцууллаа. Түүнээс мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 

"Эрдэнэс Монгол" ХХК -ийн менежментийг сайжруулж, гадаад дотоодод өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татан төвлөрүүлэхийн тулд тус компанийн бүтцийг шинэчилж, 89 орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

"Эрдэнэс Монгол" ХХК-д хийж буй энэ өөрчлөлт нь төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой, орон тоог цомхон, чадварлаг байлгах тогтолцоо руу шилжиж байгаагийн эхлэл юм. Мөн компанийн удирдлагын албан тушаалд “дарга” гэдэг нэршлийг хэрэглэхээс татгалзаж, давуу эрх эдэлдэг, тусгай хангамж шаарддаг байдлыг зогсоож байна.

Ийнхүү шинэ бүтцийн дагуу 7 газрыг 7 ахлах менежер удирдана. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос явуулж эхэлнэ.

Их, дээд сургууль, төрийн алба, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон 9 хүнтэй комисс сонгон шалгаруулалтыг явуулж, олон улсын жишигт нийцсэн тест, ярилцлагын шалгалтууд авах юм.

Цаашид "Эрдэнэс Монгол" ХХК-ийн энэхүү бүтцийг бусад төрийн өмчит компаниудад бий болгож, компанийн хүний нөөцийг олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлдэг болно.  Ингэснээр төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөөлөл, намын харьяалал болон танил талаараа ажилд ордог асуудлыг зогсоох боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 24

ХУЛГАЙЧ ТӨРТЭЙ ХОГИЙН НИЙГЭМ , 76 ХУЛГАЙЧ

1  |  0
Top