Монгол Хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд 90-д жагсаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөний талаарх ээлжит индексээ гаргалаа.

2022 оны хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол улс өнгөрсөн жилээс 22 байр ухарч, 180 улсаас 90 дүгээр байрт бичигдсэн байна. Тайланд дурдсанаар Монголд ерөнхийдөө хэвлэлийн эрх чөлөө, олон ургалч үзлийн зарчим мөрдөгдөж байгаа ч эх сурвалжийн аюулгүй байдлыг хангах эрх зүй хангалтгүй хэвээр байна гэж бичжээ.

Мөн тайланд “Монголд хэвлэлийн зах зээлийн 60 хувийг телевиз эзэлдэг. МҮОНТ нь телевиз, радио, сайтаас бүрддэг цорын ганц медиа групп гэж тэмдэглэжээ. Гадаадын зургаан хэл дээр гардаг сонинтой МОНЦАМЭ агентлаг нь 1998 онд гарсан хэвлэлийн эрх чөлөөний хуулийг үл тоомсорлон төрийн өмч хэвээр байгаа. Шинжээчдийн бодлоор Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газар, ямар нэг улс төрийн намд харьяалагддагаа нуудаггүй. Сэтгүүлчид хөндлөнгийн хянагчаар оролцох боломжийг улс төрчдийн дарамт шахалтаар хязгаарладаг. Хүний нэр төрийг гутаах талаарх хууль нь дутагдалтай тул сэтгүүлчдийн эсрэг шүүх ажиллагаа олон болдог. Их хэмжээний торгууль төлөх болдог нь хэвлэлийн газруудын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Нэр төрөө сэргээлгэх гэж шүүхэд хандсан гомдлын ихэнх нь улс төрчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдын зарга байдаг. Монголын гурван сая хүн амд 500 хэвлэл мэдээллийн хэрэгсэл оногдож байна. Хэвлэлийн хэрэгслийн эзэд орлого олох, өөрийн эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах гэж л сэтгүүл зүйд ажилладаг. Ажлын ачаалал их, цалин бага тул Монголын сэтгүүлчид захиалгат контент хийхийг зөвшөөрөхөөс аргагүйд хүргэдэг. Энэ нь эргээд ард түмний хэвлэлд итгэх итгэлийг үгүй болгодог. Судалгаанаас үзэхэд Монголын хүн амын 44 хувь нь Үндэсний радио, телевизэд итгэдэг бол өдөр тутмын сонинд 10 хувь, интернэт сайтад дөнгөж 5 хувь нь итгэдэг дүн гарлаа” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top