Сангийн яамнаас зарласан тендерт ашиг сонирхлын зөрчил илэрчээ

Б.Цог | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Төрийн аль ч шатны байгууллагад тендер, төслийн сонгон шалгаруулалтын маргаан, авлига, ашиг сонирхлын асуудал яригдсаар ирсэн нь нууц биш. Үүний нэг жишээ нь, Сангийн яамнаас зарласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалт юм.

Тус сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж, зохих шаардлагыг хангасан компаниуд оролцох ёстой атал Сангийн яамнаас илтэд давуу талыг баримтлан, багагүй зөрчилтэй нэгэн компанийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шууд шалгаруулсан нь ихээхэн маргаан үүсгээд байна.

Тухайлбал, Сангийн яамны цахим систем дээр шалгарсан гэх “Цагаан хорол” нэртэй тус ХХК нь гэрээ дүгнэсэн акт байхгүйн дээр зөвхөн улсын комиссын актыг хавсаргасан, тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн зэрэг зөрчлүүд нь АТГ-ын шалгалтаар илэрч, энэхүү сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэхэд хүрсэн аж.

Угтаа бол, дээрх зөрчил нь ТШЗ-16.1-д тодорхой заасан, бүрдүүлэх ёстой бичиг баримтын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэх наад захын журмыг зөрчсөн үйлдэл боловч Сангийн яамнаас үүнийг хянан үзэлгүй, дур мэдэн шалгаруулсан нь будлиан үүсгэх гол шалтгаан болжээ.

Иймд тендерт оролцсон компаниудын зүгээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өргөдөл гаргаж, асуудлыг хууль ёсны дагуу нарийвчлан шалгаж өгөх хүсэлтээ гаргажээ. Тендерийн үнэлгээний хороо нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3-д заасны дагуу хууль ёсны үйлдэл хийхгүй байх, 3.1.4-д зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг далдуур бий болгож байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж байгаа аж. 

Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалын давуу талаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлоо төрийн ажлаас дээгүүрт тавьсан дарга нарын хууль бус шалгаруулалтын цаана хэчнээн иргэн, аж ахуйн нэгж, компаниуд цаг зав, мөнгө санхүүгээрээ хохирч үлддэгийг тоолоход бэрх. Тэгвэл одоо зөвхөн яам, агентлаг гэлтгүй төрийн аль ч шатны байгууллагад нүүрлэсэн энэ мэт бугшмал асуудлыг АТГ-аас хэрхэн хянаж, авлигын сүлжээг таслан зогсоохыг харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АВЛИГАЧИД(192.82.78.32) 2022 оны 09 сарын 20

Бүгд авлигачид Төр дампуурсан

0  |  0
Top