Рашаантын даваанд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн нутаг Рашаантын даваанд "Ангалгын ар" гэдэг газар / Аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/, ой хээрийн түймэр гарч буй талаарх дуудлага Онцгой байдлын газрын 7038101 дугаарын утсанд өчигдөр /2022.09.08/ орой 18.00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу Хилийн 0257 дугаар ангийн 304 дүгээр салбарын 10 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж цурманд оруулан, 20:55 цагт бүрэн унтраасан байна. 

Ой хээрийн түймрийн улмаас 200 м.кв ой, 400 м.кв хээр нийт 600 м.кв талбай шатсан аж. Дээрх үйл явдалтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэд, малчид, тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргүүлжээ. 

Тодруулбал: 

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Ой, хээрийн ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,
  • Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах, араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
  • Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах
  • Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд тухайн сум орон нутгийн засаг захиргаанд болон Онцгой байдлын газрын 7038101 утсанд дуудлага мэдээллийг хугацаа алдалгүй өгөхийг гэх мэт асуудлыг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цо(66.181.183.251) 2022 оны 09 сарын 09

Цагаан уулд ОБ ын анги байдаг биздээ тэд гол ажлаа хийхгүй муу хилчид л үүргийн дагуу дайчлагдсан бн . ОБ ын тэжээврүүдээ цурам сахиулж хонуулаххэрэгтэй

0  |  0
Зочин(64.119.22.98) 2022 оны 09 сарын 10

Самарчидтай хатуу тэмцэхгүй бол шатаагаад дуусна шүү,

1  |  0
Top