П.Бүрэнтөгс аваргын санаачилсан “БҮРЭН МОНГОЛ” төсөл нээлтээ хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01

Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол” төслийн нээлт өнөөдөр (2022.08.01) Увс аймгийн Улаангом хотод боллоо.  

Энэхүү төсөл нь 21 аймагт хэрэгжих бөгөөд Монгол үндэсний болон Монгол туургатны эв нэгдлийг цогцлоох, уламжлалт өв соёл, тэр дундаа Үндэсний бөхийн дархлааг бэхжүүлэх, суртчлан таниулах, нийгмийн хөгжил дэх залуусын оролцоог нэмэгдүүлэх гол зорилготой юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн удирдлагууд, нутгийн зон олон оролцжээ.
 


“Бүрэн Монгол” төслийн хүрээнд “Бүрэн Монгол гэр” төслийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлжээ. “Бүрэн Монгол гэр” төсөл нь мөн л 21 аймагт хэрэгжих бөгөөд Үндэсний өв соёл, ёс заншил, биет болон биет бус өвийг тээж яваа, мөн амьдрахын төлөө хичээн зүтгэж байгаа залуу дунд үеийн төлөөлөл болсон гэр бүлийг аймаг бүрээс тодруулж иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж байгаа юм байна.
 


“Бүрэн Монгол гэр” төслийн хүрээнд Увс аймгаас сонгогдсон гэр бүл бол С.Төртогтохынх. С.Төртогтохынх ам бүл дөрөв. Эхнэр хоёр хүүхдийн хамт нагац ахынхаа хашаанд амьдардаг. Өөрөө 100 хувь харааны бэрхшээлтэй. Эхнэр Т. Минжигмаа нь 70 хувь харааны бэрхшээлтэй. Залуу хосуудын хайрын түүх гайхалтай бөгөөд ээдрээтэй. Хосууд Баяд түмний ёс заншлын дагуу хурим найраа хийжээ. Төртогтох харааны бэрхшээлтэй гээд халамж хүртэн гар хумхин суусангүй. Хотод бариа заслын сургалтад удаа дараа сууж мэргэжил дээшлүүлжээ. Одоо Увс аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн байранд бариа засал хийж аж амьдралаа авч явна.  

 

 

Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын төлөө зүтгэсэн ийм нэгэн гэр бүлийг “Бүрэн Монгол” төслийн хамт олон сонгож иж бүрэн тавилгатай, таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. Мөн “Бүрэн Монгол” төслийг Увс аймгийн удирдлагууд дэмжиж байгаа илэрхийлжээ. Тухайлбал Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд С.Төртогтохын ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг нь дэмжих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ хэлсэн байна. Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр С.Төртогтохын гэр бүлд шинэ гэр барих газрыг шийдэж өгөхөө нээлтийн үеэр уламжилжээ.  

Увс аймгаас эхэлж буй төслийн үйл ажиллагаа баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай,Архангай, Завхан аймгуудад ирэх өдрүүдэд үргэлжлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top