RT: Лавровыг Монголд уламжлал ёсоор ааруултай угтав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Түүний айлчлалын талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Тухайлбал, RT агентлаг “Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг өнөөдөр өглөө /2022.07.05/ Улаанбаатар хотын нисэх буудалд буухад нь уламжлал ёсоор ааруултай угтлаа. Сергей Лавров айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана” гэж мэдээллээ.

Тэгвэл РИА Новости агентлаг “Гадаад хэргийн сайдыг үндэсний хувцастай охид угтан авч, монгол амттангаар дайлав. Сергей Лавров өнөөдөр Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийнэ. Хоёр талын хэлэлцэх гол асуудлууд нь худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт байх болно” гэж мэдээлсэн байлаа.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр улс 2020 оны гуравдугаар сарын 10-нд зогсоосон байсан төмөр замын харилцаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард сэргээснийг онцолжээ. Коронавирусний халдварын тархалтын улмаас зогссон байсан төмөр замын харилцаа сэргэж, эхлээд Эрхүү, Улаанбаатар чиглэлд иргэд төмөр замаар зорчиж эхэлсэн юм.

Б.Батцэцэг, Сергей Лавров нарын уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд Оросын талаас хөрөнгө оруулалт хийн, хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцах аж.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.8) 2022 оны 07 сарын 05

Зөв, зөв.

0  |  0
хашир(150.129.143.101) 2022 оны 07 сарын 05

”Газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах” ... энэ хүрээнд шатахууны үнэ буурах, буурдаггүй юмаа гэхэд өсөхгүй байх нөхцөл бүрдэх бол уу гэж горьдоно.

3  |  0
орхон(66.181.160.54) 2022 оны 07 сарын 05

ёс ёмгор төр төмбөгөр гэдэг зөвөө

6  |  0
Top