Олимп шүүмжилсэн Ю Жэ Сокийн Хятад дахь фэн клуб хаагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Өмнөд Солонгосын MBC телевизийн “Hangout With Yoo” шоуны үеэр хөтлөгч нар Бээжин олимпын талаар товч ярилцжээ. Өнгөрсөн олимпын наадамд Хятад, Өмнөд Солонгосын шорт-трекийн тамирчид хэд хэдэн удаа сөргөлдсөн. 1000 метрийн уралдааны хагас шигшээд Солонгосын Хван Дэ Хон, И жүн Со нар хасагдаж, Хятадын Жэнь Цзы Вэй, Ли Вэнь Лун хоёр алт, мөнгөн медаль хүртсэн билээ.

Хөтлөгч Шин Бон Сон “Миний уур их хүрсэн шүү” гэж хэлэхэд Ю Жэ Сок “Би тэр өдөр өдөржингөө ууртай явсан. Хэдэн өдрийн дараа Хван Дэ Хон өөр зайд алтан медаль авахаар нь л тайвширсан” гэж хариулсан юм.

Маргааш нь Хятад дахь Ю Жэ Сокийн фэн клуб “Yoo Jae Suk Yooiverse” бүр мөсөн хаагдаж байгаагаа зарлахдаа “Бидний зам салах боллоо. Үзэл бодол огт өөр юм байна” гэж мэдэгдсэн.

Харин төрийн хэвлэл Global Times “Ю Жэ Сок бол Хятад, Өмнөд Солонгост их нөлөөтэй жүжигчин. Тийм болохоор хоёр орны харилцааг муутгах юм хэлэхгүй байх ёстой байлаа. Түүний үгийг сонссон хүмүүс Бээжин олимпод шүүгч нар алдаа гаргасан юм байна гэж ойлгох болно” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top