АЙЛЧЛАЛ: “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.Зам харгуйгүй, бартаа ихтэй газраар их буу чирэн явж байгаа монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд ЗХУ-д дулаан хувцас, хүнс нийлүүлж, хагас сая агт морио илгээн, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хүлээлгэн өгч байсан зэргийг бэлгэдсэн хүндэтгэлийн дурсгал юм.

Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тавьж, 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр буюу Ялалтын баярын өмнө Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Г.Ганбаяр энэ хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээсэн байна. 2.5 тн жинтэй хөшөөний суурийг архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу босгожээ. "Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь 11 метр урт, 3 метр өргөн, 2.70 метр өндөртэй, найман тонн жинтэй бөгөөд 1000 жилийн баталгаатай хүрэл цутгамал бүтээл. Хөшөө 375 сая төгрөгийн өртгөөр боссон бол тохижилтын ажлын зардал болох 250 мянган ам.долларыг ОХУ-ын Засгийн газар өөрсдөө шийдэж байжээ.

“Аугаа Эх Орны дайны үед Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол адуу байсан юм. Монгол адуу жижиг боловч их тэсвэр тэвчээртэй, хүчтэй. Фашизмтай тэмцэхэд их хувь нэмэр оруулсан Монголын ард түмэнд бид үргэлж талархаж явах болно” хэмээн Төрийн Думын Холбооны Хурлын "Шударга Орос" намын бүлгийн тэргүүн С.Миронов “Дайны замаар” хөшөөний нээлтийн үеэр онцолж байжээ.

Дашрамд дурдахад Дэлхийн II дайнд Монгол Улс хамгийн эхний өдрөөс эхлэн Оросын ард түмэнд морины сайныг шилж хагас сая адууг фашизмтай тэмцэх үйлст хандивлан, дайны хүнд хүчир таван жилийг Оросын ард түмэнтэй хамт туулсан түүхтэй билээ.

Хүндэтгэлийн дэнж нь Аугаа их Эх орны дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхөлсөн Москвагийн гол үзмэрүүдийн нэг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.73.40) 2021 оны 12 сарын 17

teghed heden morio end alj hyadaj ustagaj baidag

0  |  0
Top