Биткойн боломж эсвэл БООЦОО

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

Биткойны ханш өслөө, маргааш нь буурлаа гэх мэдээ уншигч танд танил сонсогдож байж мэдэх юм.  Яг одоо нэг биткойны ханш хэд байгааг сонирхвол 40.2 мянган ам.доллароор хэмжигдэж байна. Ердөө хоёр долоо хоногийн өмнө 33 мянган ам.доллар баййсныг бодвол энэ бол маш том өсөлт. Гэхдээ тавдугаар сарын дундуур нэг биткойн 50 мянган ам.доллар хүрч байсныг харвал “галзуу хулгана” мэт савладаг гэдгийг уншигч та гадарласан байх. Монголчууд бид өсөж байгаа зүйл рүү хошуурдаг. Ерөөс монголчууд гэлтгүй хүн гэдэг угтаа тийм л амьтан. Биткойн нь л ингэж “цоороод” өсөж, буураад байгаа болохоос цахим мөнгөний зах зээлд маш олон төрлийн “койн” байгааг мартаж болохгүй. Цахим мөнгө гэдэг зүйлийг монголчууд бид биткойн гэж ойлгоод дадчихаж ээ.

 

Боломж

Анх 2008 онд нэр нь үл мэдэгдэх нэгэн этгээд “биткойн” гээчийг анхлан зохион бүтээжээ. Хэдийгээр Сатоши Накамото гэдэг хүн зохиосон гэдэг ч үүний ард нэг хүн байгаа юу, эсвэл бүлэг хүмүүс үү, байгууллага уу, компани уу гэдэг нь одоо ч бүрэн танигдаагүй байна. Тухайн үед “Биткойн: Дундын зуучлагчгүй цахим мөнгөний систем” нэртэй технологийн танилцуулга цахим  хуудсуудаар цацагдаж байлаа. Арай товчхондоо аливаа мөнгөн солилцоо нь хүнээс хүнд, дундын зуучлагч нэг үгээр гуравдагч этгээдийн оролцоогүйгээр явагдах төлбөрийн систем юм. Хэдийгээр энэ төрлийн технологийн санаа 1991 оноос эхэлсэн ч төдийлөн амжилт олоогүй байлаа. Гагцхүү блокчейн технологи бий болсон нь “биткойн” болж хүмүүсийн шүлсийг асгаруулах болсон байна. “Блок чейн” гэж чухам юу юм бэ. Энгийнээр тайлбарлах гээд оролдъё. Аливаа нэг хүн компьютер ашиглан криптовалютын аль нэг хэрэгслийг нь сонголоо гэж бодъё. Тухайн хүний процессор буюу криптовалютад холбогдсон тохиолдолд процессоор, процессор дамжин хоорондоо холбогддог технологи юм. Энэ тухай ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов хэлэхдээ  “Бид криптовалютын зах зээлийг сайтар судлах ёстой. Тийм ч учраас хууль эрх зүйн орчинд энэ зүйлийг зохицуулах нь чухал болоод байна” гэсэн байдаг. Цахим мөнгө нь бусад валютыг бодвол барих боломжгүй биет бус. Өөрөөр хэлбэл аливаа нэг компьютерийн санах ойд хадгалагдаж багйаа биет бус хэрэгсэл юм. Үүнээс гадна хамгийн томоохон нэг эрсдэл бол хэн нэгэн хүний удирдлага дор төвлөрсөн институц, байгууллага гүйлгээнд гаргадаггүй. Ингэснээр цахим мөнгөний ханш савлалаа гэхэд хариуцлага хүлээх субъект байхгүй гэж ойлгож болно. 

Боломжийн тухайд яривал биткойн гэхээсээ илүүтэй түүнийг хөдөлгөж буй блокчейн технологи нь манайд хамгийн их тустай. Хөгжиж буй улс орнууд үүнийг авлига, хахуулиас сэргийлэх бамбай, шилэн данстай болох гарц, төр, иргэний нийгмийн гүүр, цахим үндэстэн болох аргачлал гэж үзэн ашиглаж байна. Хамгийн гол нь манайх шиг данхгар бүтэцтэй, байсгээд л сонгуулийн өнгөөр төрхөө олох гээд байдаг төрийн алба төгөлдөрших, төрлийн алба биш болох хамгийн дөхүү гарц юм. Амжилттай ашиглаж буй улсуудаас дурдвал Эстони, Гүрж, Швед, Арбийн нэгдсэн эмирт улс, Финланд, нэгэн цагт ядуу гэгдэж байсан Эфиоп гэх улсууд байна. Эдгээр улсууд цахим сонгууль зохион байгуулахаас аваад газар болон үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрх, аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа хөтлөх системээ блокчейнд хөрвүүлэн ашиглаж байна. Блокчейн технологи хэдийгээр хөгжлийнхөө эхэн үед явж байгаа боловч улс орнууд энэ технологийг өөрийн онцлогтоо тохируулан ашиглаж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн чуулганаас блокчейн технологи нь ойрын 30 жилд хөгжлийг тодорхойлох хүчин зүйл болно гэж дүгнэжээ.

 

Бооцоо

Их ашигтай, хормын дотор мөнгө олж болох санхүүгийн хэрэгсэл гэдэг талаас нь харвал энэ бол боломж гэхээсээ илүү бооцоо болж хувирна. Бооцоо тавиад алдчихаж ч болно, эсвэл ихийг олж мэднэ. Бооцоо бол ямар ч тохиолдолд харанхуй зүйл учраас ашиг олох нь маш бага хувьтай. Ердөө гуравхан сарын өмнө “Ард койн” гэгчийн ханш өсөөд, хүмүүс дугаарлаад бөөн юм болов доо. Энэ нь хормын дотор ашиг олж болох хэрэгсэл гэж ойлгосон маш буруу ойлголтын л хар гай. Үүний хамгийн том илрэл нь ханшийн асар хурдтай хэлбэлзэл юм. Дөнгөж өчигдөрхөн нэг биткойны ханш зах зээл дээр 39.8 мянган ам.доллар байсан бол одоо 40.2 мянган ам.доллартай тэнцэж байна. Хоёр долоо хоногийн өмнө 33 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан биткойны ханш ердөө нэг сарын дотор 20 мянган ам.доллароор огцом унажээ. Магадгүй энэ нийтлэлийг уншиж байх хооронд өмнөхөөсөө өссөн эсвэл буурсан ч байж болно. Ханшийн энэ огцом өсөлт нь Илон Маск гэх технологийн тэрбумтны ашиглах, ашиглахгүйтэй холбоотой ганцхан жиргээнээс болсон гэж тооцвол асар эрсдэлтэй гэдгийг хялбархан гадарлаж болох юм. Хэдийгээр крипто валютыг “электрон мөнгө”, “цахим мөнгө” гэж нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ мөнгө гээд бат нот тодорхойлчих маш хэцүү. Мөнгө гэдэг зүйл хүн хэмээх амьтны хэрэгцэээ болсоор 800 илүү жилийн нүүрийг үзсэн ч үүнээс өмнө оон зүйлээр мөнгийг орлуулж төлбөр, тооцооны системдээ хэрэглэдэг байжээ. Зарим орон давс, цай, элсэн чихэрээр солилцож байв. Монголд одоо ч малчин айл өрхүүд малаас тооцож төлбөрөө хийсээр байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч бартерын солилцооны хэрэгслийг шууд мөнгө гэж нэрлэж хараахан болдоггүй юм. Орчин цагт дараах гурван төрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхээр мөнгө гэж нэрлэх үү, үгүй гэдгийг тогтдог. Нэгдүгээрт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, хоёрдугаарт, чөлөөтэй хөрвөх төлбөр, тооцооны хэрэгсэл болж чадаж байна уу, гуравдугаарт үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж уу гэх гурван шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлдог байна. Харин дэлхий нийтийн шуураад байгаа крипто валютуудын хувьд дараах шаардлагуудыг зарим талаар хангаж чадахгүй байна. Жишээлбэл ямар нэгэн койноор хүссэн дэлгүүртээ ороод худалдаж авч чадаж байгаа юу, үнийн хувьд хэлбэлзэлгүй байж чадаж байгаа гэдэг эргэлзээтэй. Тиймдээ ч олон эдийн засагчид үүнийг хамгийн эрсдэлтэй хэрэгсэл гэж тодорхойлсоор байна.

Олон төрлийн эрсдэл крипто валютын ард нуугдаж байгаа учраас үүнийг танин мэдэх, потенциалыг нь тодорхойлохын тулд олон улс, орны төв банкууд аль хэдийнээ судлаад эхэлжээ. Зарим улс тухайлбал Эстони, Гүрж зэрэг улсууд өөрийн гэсэн крипто валют гаргана гэдгээ мэдэгдээд удаагүй байна. Иймэрхүү бүтээлч шийдвэр гаргаж байгаа улс орнууд байхад Өмнөд Солонгос, БНХАУ, Малайз зэрэг улсууд зарим төрлийн биткойныг арилжаалах, олборлохыг ор тас хориглох шийдвэр гаргасан. Энэ нь нэг талаар иргэдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Нөгөө талаас нэн шинэ зүйлд хуучинсаг хандаж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Хэрэв төв банкууд өөрийн гэсэн найдвартай крипто валютууд гаргаад ирвэл зах зээл дээр байгаа бусад крипто валютуудын ханшид нөлөөлнө гэсэн үг.

 

Бид хэрхэх вэ

Дээр өгүүлсэнчлэн манай улс цахим үндэстэн болох зорилго тавьсны хувьд блокчейн технологийг түлхүү судалж, энэ салбарт мэргэжилтэн бэлдэх нь асар чухал. Энэ нь нэг талаас бүх зүйлийг нэг системд төвлөрүүлэх хялбар платформ байгаад зогсохгүй, нөгөө талаас байсгээд хоёр хөршөөс халдчих гээд байдаг кибер эмзэг орчинд өөрсдийгөө хамгаалах хамгийн боломжтой хувилбар юм. Хөгжиж буй улс орнууд үүнийг аль хэдийнээ судалж эхэлсэн бөгөөд манай урд хөрш БНХАУ ойрын хугацаанд блокчейн технологийг төрийн үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зорьж байна. Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс орнууд ч энэ талын судалгааг хэдийнээ хөгжүүлжээ. Тогтсон санхүүгийн системтэй, том эдийн засагтай учраас нэн шинэ энэ технологид эмзэг хандаж байгаа тул одоогоор хөгжиж буй улс орнууд блокчейн технологийг сонирхож байна.

Биткойн, Итериум зэрэг аливаа крипто валютыг олборлоход эрчим хүч маш чухал. Яг одоо бол бүс нутагт төдийгүй дэлхий дахинд эрчим хүчний үнэ маш бага орны нэгээр манай улсыг нэрлэдэг. Энэ талаас харвал крипто валютын “хаб” буюу кластер байгуулвал уул уурхайгаас илүү ашиг олж мэднэ. Үүнийг байгуулах хамгийн боломжит өөр нэг шалтгаан бий нь БНХАУ-ын засаг захиргаа аливаа төрлийн крипто валютын олборлолт, ашиглалтыг хуулиар хориглосон явдал. Өвөр Монгол маш боломжит хувилбар байсан учраас засаг захиргааны нэгжийн хувьд Хятад улс ихээхэн анхаарал хандуулж байна. Тиймээс бид энэ үеийг ашиглан крипто валютын “хаб” байгуулахаар зорих хэрэгтэй. Ингэснээр гаднын мэргэжилтнүүдийг Монгол Улсад татаад зогсохгүй, блокчейн технологийг хурдан хугацаанд зохион бүтээх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top