ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Өнөөдөр 2021.03.22. Билгийн тооллын 09. Монгол эх оронд маань нар 06 цаг 51 минутад мандлаа. 19 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Монгол Улсад өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна.

Өнөөдөр Нобелийн шагналт Америкийн физикч Бартон Рихтер, Ираны анхны Ерөнхийлөгч Адолхассан Банисадр, Мауритиус улсын хоёр дахь Ерөнхийлөгч Гассах Утийм, Америкийн сагсан бөмбөгч Маркус Кемби, Америкийн жүжигчин Рийз Уидерспүүн зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

1936.03.22: Улсын XX бага хурлаар Д.Догсомыг УБХ-ын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус томилжээ.

1981.03.22: Монгол хүн сансарт нисэв. Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибеков, Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар "Союз-39" хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийсэн юм.

1990.03.22-24-нд: АИХ-ын 11 дэх удаагийн наймдугаар чуулган хуралдаж, П.Очирбатыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар, Ш.Гунгаадоржийг СнЗ-ийн даргаар тус тус сонгов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917: АНУ дэлхийд анх удаагаа Оросын түр Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.

1935: Перс улс албан ёсоор Иран хэмээн нэрлэгджээ.

1945: Каирт Арабын улсуудын лиг үүсгэн байгуулагдав. Лигийн бүрэлдэхүүнд хамгийн түрүүнд Египет, Сири, Ливан, Ирак, Иордан, Саудын Араб, Йемен оров.

1963: “The Beatles” хамтлаг “Please Please Me” цомгоо гаргажээ.

1995: Оросын сансрын нисэгч Валерий Поляков сансарт хамгийн удаан буюу 437 хоног, 18 цаг ажиллаад эх дэлхий рүүгээ буцаж ирэв.

Энэ өдөр үс засуулбал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top