Өнөөдөр 2021.03.18. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 06 цаг 59 минутад мандлаа. 19 цаг 01 минутад жаргана.
Улаанбаатарт цастай. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр. Аруба улсад өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Туркт Галлиполигийн дурсгалын өдөр, Сирид Багш нарын өдөр юм.
Энэ өдөр Францын кино найруулагч Люк Бессон, Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөг, Грэммийн шагналт Айрин Кара, жүжигчин, модель, дуучин Ванесса Уильямс, гитарчин Жерри Кантрелл, Грэмми, Алтан бөмбөрцөгийн шагналт дуучин Куин Латифа, дуучин Адам Левайн, Бразилын жүжигчин Жованна Антонелли, Оросын уран гулгагч, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Алексей Ягудин, Англи, Америкийн жүжигчин Лили Коллинс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлжээ. Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг эзлэн авчээ. Журамт цэрэг дөрвөн хороотой бөгөөд хороо бүр 100 цэргийн зохион байгуулалттай байв. Цэргийн жанжнаар Д.Сүхбаатар, хороодын даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, Ч.Базарсад, О.Цэрэндорж нарыг томилжээ.
1963 - БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид хоёр улсын Засгийн газрын 1963 оны харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурав. Протоколд Хятадаас Монголд торго дурдан, машины сэлбэг хэрэгсэл, химийн түүхий эд болон өргөн хэрэглээний бараа зэргийг, Монголоос Хятадад адуу, шар тос, өлөн болон төрөл бүрийн арьс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтов.
2010 - Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай зөвлөмж, тэмдэглэл гаргажээ.
2013 - Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Польш, ЗХУ-ын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулжээ.
1937 - Испанийн бүгд найрамдах арми италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.
1959 - Хавайг захирах гэрээнд гарын үсэг зуржээ.
Өнөөдөр үс засуулбал Эд, мал арвидна.
Эл өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье