Өнөөдөр 2021.03.16. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 07 цаг 03 минутад мандлаа. 18 цаг 58 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Литвад Номын хулгайтай тэмцэх өдөр бол Латвид Латвийн легионы өдөр юм.
Энэ өдөр Бразилын хөл бөмбөгч, дасгалжуулагч Марио Загалло, армян гаралтай Америкийн эмч, физикч, соронзон резонансын томографыг зохион бүтээгч Реймонд Ваган Дамадьян, Хятадын шатарчин, дэлхийн аварга Жу Чэнь, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Норвегийн Ерөнхий сайд Йенс Столтенберг, Германы хөл бөмбөгч Патрик Херрманн, Америкийн сагсан бөмбөгч Блейк Гриффин, Английн хөл бөмбөгч Тео Уолкотт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1964 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж, эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юанийн эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлжээ.
2000 оны энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргажээ.
2010 оны энэ өдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
2013 оны энэ өдөр Засгийн газрын хуралдаанаас Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1979 оны энэ өдөр Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнамын хилийг давж эх нутаг руугаа буцжээ. Ингэснээр Вьетнам-Хятадын дайн дуусжээ.
2014 оны энэ өдөр Украины Крымийн хойг бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд оров.
Энэ өдөр үс засуулбал Эд мал баялаг төгөлдөр болно.
Өнөөдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Энэ өдөр буян номын үйл эхлэх, сүм, дуган сэргээх, их хүмүүнтэй уулзах, байр авахад сайн. Харин газар ухах, нохой худалдаж авах, балгадын суурь тавихад таагүй.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )