Б.Соёлмаа: Хөл хорио тогтоохтой зэрэгцэн төсвөө тодотгох ёстой байсан

2020 оны 05 сарын 26

КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд МУИС-ийн дэд профессор, судлаач Б.Соёлмаатай ярилцлаа.

Коронавируснээс шалтгаалсан дэлхийн эдийн засгийн хямрал өмнө тохиолдож байсан шокуудтай харьцуулах аргагүй өргөн хүрээг хамарч буй тул бие биеэсээ суралцаж, туршлага, шинэ санаагаа хуваалцаж байж л энэ байдлыг даван туулна гэж тэрбээр онцолсон.

Тодотгоход, Zindaa.mn мэдээллийн сайтын Эдийн засгийн алба КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булангаар дамжуулан эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийг эрэлхийлсэн мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. 

 


 

-Коронавирус Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг асуулт 2020 он гарснаас  хойш  хамгийн их анхаарал татсан асуулт боллоо. Энэ оны эхний улирлын байдлаар  манай улсын ДНБ-ий агшилт  хоёр оронтой тоогоор хэмжигдлээ. Хэрэв энэ өндөр хэмжээний агшилт хоёрдугаар улиралд давтагдвал оны эцэст эдийн засаг нэлээн тааруу үзүүлэлттэй гарах болов уу. Уг нь ОУВС-гийн сүүлийн тооцоололд манай эдийн засгийг энэ онд  нэг хувиар агшина гэсэн байсан. Та эдийн засгийн судлаачийн  хувьд коронавирусний эдийн засаг дахь  нөлөөллийг хэрхэн тооцож, дүгнэж байна вэ?

-Энэ оны эхний улирлын манай эдийн засгийн уналт сүүлийн хорин жилд ажиглагдаагүй их уналт. Хятадын эдийн засаг нэгдүгээр улиралд 6.8 хувиар уналттай гарсан нь 1970 оноос хойш, сүүлийн 50 жилд ажиглагдаагүй их уналт. АНУ, Европын холбоо  гээд дэлхийн том эдийн засгууд хөл хорионд арай хожуу орсон гэхээр одоо хоёрдугаар  улиралд мөн л иймэрхүү рекорд эвдсэн уналтын тоонууд л гарах болов уу. Эдийн засгийн өмнө тохиолдож байсан шокуудтай харьцуулах аргагүй өргөн хүрээтэй хямрал болж байна. Британийн “Royal Economic Society”-ээс онлайн зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэн Daren Acemoglu энэ хямралыг 1918 оны испанийн ханиадны дараа тохиосноос хойш 90 жилд болоогүй хямрал болохоор байна гэж дүгнэсэн. Хямрал цаашид лавтай хоёр улирал дараалан үргэлжлэх шинжтэй. Эдийн засгийн хямрал богино үргэлжлээд дуусвал сайн, удаан хугацаанд үргэлжлээд эдийн засгийн потенциалаа урт хугацаанд унагаавал муу. Тэгэхээр энэ хямралыг сүүлийн хувилбарынх болгохгүйн тулд яах ёстойг л бодох цаг.

Хятадын PMI (purchasing manager’s index) хоёрдугаар  сард олон жилийн дунджаасаа эрс унаад 35 болсон байснаа  гурав, дөрөвдүгээр саруудад  эргээд хэвэндээ орсон байна. Тэгэхээр манайд хоёр, гуравдугаар улирал гайгүй байх найдвар байх шиг. Гэхдээ вирус мөддөө зогсохооргүй, Хятадад эргээд хоёр дахь давлагаа үүсэх байх гэх мэт мэдээллийг харахаар үнэхээр тодорхойгүй л байна даа. Дээрээс нь Хятадын том экспортлогч улсуудад нөхцөл байдал сайжрахгүй бол бас л хэцүү.

- Манай эдийн засгийн агшилтын 2/3  нь уул уурхайгаас, 1/3 нь үйлчилгээний салбарын үйл ажиллагаанаас хамаарсан байна.  Вируснээс хамаарсан эрсдэл хэвээрээ байхад эдгээр салбаруудын эрсдэл ч хадгалагдаж таарах байх. Эдийн засгийг агшаах эрсдэл тодорхой байгаа ийм үед алдагдлаа нөхөх өөр ямар боломжууд эдийн засагт байж болох вэ?

-Уул уурхайн хувьд бол хэзээ гадаад эдийн засгийн байдал гайгүй болохоос хамаарах болохоор бидний зүгээс хянаж чадах зүйл бага. Үйлчилгээний салбарын эрэлт бол дотоодын зах зээлээсээ хамаарна. Уг нь өвчний тархалтыг дотооддоо хяначихсан байгаа юм чинь  дотроо бол хөл хориогоо цуцлаад эдийн засгаа хэвийн болгоход болох юм шиг. Гэхдээ яг хөл хориог цуцлах уу, өвчний тархалт хэр эрсдэлтэй байгаа зэрэг нь эрүүл мэндийн салбарын хүмүүсийн мэдэх зүйл. Вирус тархалт мөддөө зогсохгүй бол эдийн засгийн хувьд яах вэ гэвэл үнэндээ тодорхой зүйл хэлэхэд хэцүү.

Харвардын бизнесийн тойм сэтгүүлд гарсан нэг нийтлэлд эдийн засгийн бодлого болон эрүүл мэндийн салбарын хүмүүс аль аль нь бүтээлч байх хэрэгтэй боллоо. Шинэ нөхцөл байдал үүссэн, энэ удаагийн хямрал өмнө тохиож байсан хямралуудаас өөр байгаа учраас инновац, шинэ санаа гаргах шаардлага тулгарч байна гэж бичиж. Нэгдүгээр сард гэхэд хэдэн зуугаараа Covid эдийн засгийн судалгаанууд гараад эхэлчихсэн. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. Covid-той холбоотой судалгааны ажлуудыг үнэгүй уншиж болж байгаа. Уг нь бол шинэ судалгааны ажлууд чинь үнэтэй байдаг. Дэлхий нийтийг хамарсан айхтар өвчин, хямрал болоод байгаа болохоор бие биеэсээ суралцаж, туршлага, шинэ санаагаа хуваалцаж байж л энэ байдлыг даван туулна. Би бол хувьдаа тэдгээр судалгааны ажлуудтай танилцаж, том судалгааны төв, их сургуулийн судлаачдын судалгааны ажил, байр суурийг сонсож, гаднын том бизнесүүд ямар арга хэмжээ авч буйг цаг алдалгүй уншиж, мэдээллийг авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж эдийн засагтаа ямар арга хэмжээ авах тухайгаа хэлэлцэх хэрэгтэй байх. Жишээ нь Хятадад хөл хорионоос болоод хоолны газрууд үүдээ барихад хүрч, ажилчид нь ажилгүй болох үеэр ресторанууд нь ачааллаа дийлэхээ байсан хүргэлтийн компаниудтайгаа түр гэрээ хийж ажилчдаа ажиллуулсан байгаа юм. Хүргэлтийн компаниуд бол энэ хямралаар эрэлт нь огцом өссөн цөөн бизнесийн нэг шүү дээ. Чикагогийн их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Chang-Tai Hsieh энэ жишээг дурдаад, эндээс АНУ суралцах боломж юу байна гэсэн байсан. Шинжлэх ухаанаараа дэлхийд тэргүүлдэг улсын тэргүүлэх эрдэмтэд тодорхой шийдэл олох гээд, яах вэ гээд судлаад, хэлэлцээд байж байна. Бид цаг алдахгүй шинэ судалгааны ажил, мэдээллийг уншиж, хоорондоо хэлэлцэх нь өнөөгийн нөхцөлд шийдэл олоход чухал байх.

- Коронавируснээс шалтгаалсан эдийн засгийн  хямралт нөхцөл байдал  буюу шинэ шокийг таних, түүнд хариу үйлдэл үзүүлэх, дасан зохицсон маягийн тохируулга бодлого хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардах байх л даа. Гэхдээ дэлхийд ч манайд ч үүсээд буй нөхцөл байдлыг харахад эдийн засагт, нийгэмд цаг алдахгүй хурдан түргэн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх нь яах аргагүй чухал байх шиг?

-Хөл хорио тогтоож, тархалтыг барьж чадсан гэдгээрээ манай улс хурдан, оновчтой ажиллаж чадсан. Одоо харин эдийн засагтаа хохирол багатайгаар хямралыг даван туулах дээр анхаарах хэрэгтэй байна. Нийтийг хамарсан цар тахал тархахаас сэргийлэх гэдэг дээр шийдэл их тодорхой байсан. Хөл хорио. Харин эдийн засгийн хямрал гэдэг зүйл бол бидний хувьд харьцангуй шинэ зүйл. Харьцангуй гэж байгаа нь бусад улсуудтай харьцуулахад бид хэдэн удаагийн эдийн засгийн хямралтай нүүр тулсан бэ гэдгээр нь хэлж байна. 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэний дараахан системийн шилжилтээс болоод хямарсан. Түүнээс хойш томоохон хямралууд гэвэл 2009, 2014 оны хямралууд. Үндсэндээ хоёр удаагийн хямрал гэж хэлж болно. Тэгэхээр бид эдийн засгийн хямралыг даван туулах тал дээрээ туршлага багатай. Тиймээс энэ тал дээр биднээс туршлагатай улсуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харж, суралцах нь чухал. Том эдийн засгууд маш их хэмжээгээр тэлэх бодлого хэрэгжүүлж байгааг анхаарууштай. Тэлэх, хумих гээд энэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх хугацаа нь маш чухал гэж үздэг. Уг нь хөл хорио тогтоох үед л эдийн засаг хямрах нь тодорхой байсан. Тэгэхэд гуравдугаар  сард л эдийн засаг дэмжих тухай яриад тун саяхнаас л хэрэгжиж эхэлж байх шиг байна. Манай хувьд эрт арга хэмжээ авч болох байсан. Хөл хориотой зэрэгцээд л төсвийн тодотгол хийгээд эдийн засагтаа мөнгө оруулсан бол хоёрдугаар улиралд ядаж үйлчилгээний салбарын өсөлт гайгүй гарах боломж бүрдэх байсан байх.     

- Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжихийн тулд гэсэн тодотголтой шийдвэрүүдийг гаргасан. НДШ-ээс аж ахуйн нэгжүүдийг зургаан сар чөлөөлөх, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох гэхчлэн. Эдгээр арга хэмжээнүүд иргэдийг ажилтай орлоготой байлгах бодит дэмжлэг мөн үү?

-Ийм бодлогыг ямар сувгаар хэрэгжүүлэх вэ. Зорилтот бүлэг нь хэн байх вэ. Ямар механизмаар хэрэгжүүлэх вэ гэх мэт олон зүйлийг бодолцож байж хэрэгжүүлэх шаардлагатай. Чиний хэлээд байгаа арга хэмжээний хувьд эдгээр асуултад хариулт нь бол бэлэн байгаа биз. Гэхдээ энд бид анхаарах хэд хэдэн юм байна. Ямар ч бодлого амжилттай хэрэгжихэд засаглалын чанар, тогтвортой байдал их чухал. Энэ үнэхээр хэрэгтэй хүмүүстээ хурдан шуурхай хүрч байгаа юу. Үйл ажиллагаа нь доголдсон гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа бол? Манайд засаглалын чанар их тааруу болохоор би үүн дээр ийм эргэлзсэн асуулт тавьж байна л даа. Яг бизнес эрхэлдэг, үнэхээр үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдээс асууж, судалж үзээгүй болохоор хэр хэрэгжиж буйг нь сайн мэдэхгүй байна.

-Үйл ажиллагаа нь зогссон, орлогогүй болсон аж ахуйн нэгжүүдэд НДШ-ийн чөлөөлөлт бол дэмжлэг биш гэж хэлэх, үзэх хүмүүс байгаа л даа?

-Тэдгээр байгууллагуудын хувьд ажлын байраа алдсан хүмүүс нь ажилгүйдлийн тэтгэмжээ авч болох баймаар. Гэхдээ нөгөө л хүнд суртал, засаглалын асуудалтай болохоор энэ ажилгүйдлийн тэтгэмжийг авах нь хэр боломжтой зүйл байдгийг бас сайн судалж үзээгүй болохоор мэдэхгүй байна.

-Коронавирустэй холбоотойгоор гаргасан шийдвэрүүдийн зардал зургаан их наяд. Дээр нь энэ оны төсвийн алдагдлаа нэмэхээр нийтдээ найм орчим их наяд төгрөг  тооцооноос гадуур зарцуулагдаж байна. Улс орнуудын хариу арга хэмжээг харахад төсөв, мөнгөний бодлогоо зөөллөж байгаа л даа. Гэхдээ эдийн засагт нийлүүлж буй мөнгө нь хүрэх ёстой газартаа, дэмжих ёстой салбартаа очих нь чухал. Манай тухайд эдийн засгийн дотоод салбаруудаа идэвхжүүлэх, орлоготой байлгахад чиглэсэн арга хэмжээ авахгүй байна. Өөр ямар боломжууд байна гэж та харж байна вэ?

-Төсөв  алдагдал ихтэй байгаа. Дээрээс нь тооцооны гадуурх энэ их зарлага гээд энэ хүнд үе удаан үргэлжлэхгүй байгаасай гэж л найдах үлдэж байх шиг байна. Өмнөх өр  ямар байгаа билээ. Нэмээд энэ онцгой үед гарсан  зардлуудын өр гээд хэцүүхэн л дүр зураг ирээдүйд харагдаж байна. Хурдан шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэдэг шалтгаанаар төсвийн тодотгол хийхгүй байх шиг байна. Тодотгол хийхгүйгээр гарч буй тооцооноос гадуур явж байгаа энэ зардлуудыг хаанаас санхүүжүүлж буйг хянахад хэцүү л юм. Монголбанкнаас зээлж байгаа байх, баялгийн сангаас авч байгаа юм болов уу гээд л таасан байдалтай байна. Уг нь ил тод хэлээд явах ёстой байх. Жишээ нь Ерөнхий сайд эдийн засгийг дэмжих арга хэмжээний мэдэгдэл гаргах үеэрээ төсвийн тодотгол хийхгүй, гэхдээ төдий хэмжээтэйг зээлээр авна, төдий хэмжээний мөнгийг нь ийм ийм сангуудаас авна гэх мэт ямар ямар эх үүсвэрээр санхүүжүүлэхээ ил тод хэлэх ёстой баймаар.

Эдийн засгийг дэмжих арга хэмжээний хувьд үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг дэмжих арга хэмжээ. Тэгэхээр хэр үр дүнтэй байгааг хоёрдугаар улирлын статистик харуулах байх даа. Одоохондоо дүгнэхэд арай эрт байна. Өөр ямар боломж байгааг би хэлж мэдэхгүй байна. Түрүүн хэлсэнчлэн туршлагатай эрдэмтдийн хийж буй судалгаа, зөвлөгөөг хараад суух нь одоогоор хийж чадах зүйл байна. Тэр хүмүүс хүртэл тодорхой гарц гаргалгаа хэлж чадахгүй л байдалтай байна.

-Ирэх дөрвөн жилд Монгол Улс 15 тэрбум шүргэсэн ам.долларын өр төлнө. Коронавирус хөрөнгө оруулагчдыг үргээж буй ийм үед бидний төлөх өрийн зардал улам л нэмэгдэж таарах байх. 1-2 жилийн дараа коронавирусний учир начир олдох байх. Харин Монголын эдийн засгийн нөхцөл байдал ужиг асуудалтай хэвээрээ байна байх. Тиймээс хүнд үед ч маргаашаа харах ёстой тийм үү?

-Тэр их өрийн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авч болох эсэхийг нь мэдэхгүй юм. Хойшлуулчихвал сайн л байна. Уг нь ОУВС, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагууд цар тахлын үеэр улсуудын өрийг хойшлуулах арга хэмжээ авч байгаа. Манайхтай ижил нөхцөл байдалтай улсууд олон байгаа. European network on debt and development гээд байгууллагаас дунд болон бага орлоготой улсуудын өрийг түр хойшлуулах арга хэмжээг авах шаардлагатай гэсэн асуудлыг хөндсөн байна. Ганцхан ОУВС, Дэлхийн банк гэсэн олон улсын байгууллагуудаар зогсохгүй бусад зээлдэгчдийг ч мөн өрөө түр хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байна. Бидний хувьд нэгэнтээ тавьчихсан өрөө төлөх нь тодорхой хэдий ч яг одоо бол хэмнэлтийн горимд байх боломжгүй хэцүү үе.

Харин эдийн засгийг дэмжих үйл ажиллагаанд гарч буй зардлуудын эх үүсвэрийг хяналттай байлгах, хэрэгжилт нь үр дүнтэй, зөв хүндээ хүрч буй тал дээр л болдог бол хяналттай баймаар байна.

-Эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсныг танай судалгаанаас харсан. Та судалгааны дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

-Гуравдугаар сарын дундуур судалгааг авсан. Ирэх зургаан сард хоёрдугаар улирлын судалгааг авна. Хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх оны мөн үеэсээ 14 нэгжээр буурсан. Өнөөгийн байдлын индекс нь 56-гаас 49 болж, ирээдүйн байдлын индекс нь 121-ээс 103 болж огцом буурсан. Томоохон худалдан авалтууд харин тогтвортой байхаар байсан. Аялал жуулчлалаас бусад нь. Хөл хорионоос болоод аялал жуулчлал хийх төлөвлөгөө огцом буурсан.

-Олон улсын түвшинд эдийн засагт итгэх иргэдийн итгэл уналттай байгаа байх. Та судлаачийн хувиар тоо баримттай мэдээлэл өгөөч?

- Хэрэглэгчид хаа сайгүй л их гутранги болж байгаа нь тодорхой. Хятадын хувьд хоёрдугаар сар л их хэцүү байж. Түрүүн хэлсэн PMI огцом буурсан. Хэрэглэгчдийн итгэлийн индекс  нь хоёрдугаар сард бас огцом буурсан. 2019 оны дөрөвдүгээр  улиралд хамгийн өндөр 126 байснаа 2020 оны хоёрдугаар  сард 119 болж буурч. Гуравдугаар  сард бага зэрэг өссөн байна. Европын улсуудын хувьд нэлээд их буурч. 2020 оны дөрөвдүгээр  сарын байдлаар хасах 10 байна. Хамгийн багадаа хасах 23 болж байсан юм байна. Өмнөх оны мөн үеэсээ хоёр дахин буурсан. АНУ-ын хувьд өмнөх оны мөн үеэсээ бараг 30 орчим нэгжээр унасан. Их Британийн Хэрэглэгчдийн итгэлийн индекс  хамгийн их уналттай байгаа. Өмнөх оны мөн үеэсээ бараг  гурав дахин унасан. 1981-2020 оны хооронд хамгийн багадаа хасах 39 болж байсан нь 2008 оны хямралаар юм. Гэтэл энэ оны таван сард Их Британийн  Хэрэглэгчдийн итгэлийн индекс  хасах 34 болсон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.24) 2020 оны 05 сарын 27

Төсвийн тодотголоос бусдаар pmi-c өөр мэдэх юмгүй хүн юм. Манайхны професоруудын дийлэнх нэг иймэрхүү.

0  |  0
Top