Ямар улс цар тахлыг даван туулж ЧАДАХГҮЙ вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдээс үүдэн Йемен улс коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулж чадахгүй гэж НҮБ үзэж байна.

Тус улсыг өлсгөлөнд нэрвэгдүүлээд байгаа иргэний дайн, коронавирусний оношлуур, эм бэлдмэл худалдан авах боломжгүй байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Цар тахлаас өмнө йеменчүүд дэнгэ чичрэг өвчин, хумхаа, холерыг давж гарсан бөгөөд үүний улмаас ард иргэдийнх нь дархлаа суларчээ. Түүнчлэн, тус улсын хүн амын 80 хувьд гаднын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна. Тус улсын ихэнх эмнэлгүүд хаалгаа барьсны улмаас Йемений хүн амын дөрөвний нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаагаас гадна сүүлийн жилүүдэд хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй аж.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Жан Николь Бозегийн мэдэгдсэнээр, коронавирусний цар тахал Йеменийг давагдашгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Коронавирусний оношлуур хомстолтой байгаа тул халдвар авсан хүний тоог нарийвчлан гаргах боломжгүй байна гэж тэрбээр анхааруулжээ. Албан ёсны мэдээллээр, тус улсад 212 тохиолдол бүртгэгдэж, 39 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top