Дэлхийн банк эдийн засгийн ТӨВ КОРИДОРЫГ эрх баригчдад сануулав

2019 оны 06 сарын 05

                                                                          - ЭКСПОРТЫГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ  АРГА ЗАМУУДЫГ ОНЦОЛЛОО -

Хуруу биш хошуу нэмдэг ихэнх улстөрчдийн хувьд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоогоор хэмжихийг хүсэмжилж буйгаа хэлж ярих нь их. Харин эдийн засагт идэвхжил мэдрэгдэхтэй зэрэгцэн зөв бодлогоор залуурдах шаардлагатайг тэдний олонх нь ухаардаггүй. Энэ оны эхний улирлын байдлаар манай эдийн засаг 8.6 хувьтай гарсан нь  өнөөгийн нөхцөл байдал, багтаамжийн хувьд  хангалттай өндөр үзүүлэлт гэдгийг хэлэх эдийн засагчид байгаа юм. Сүүлийн үед бараг хүн бүрийн амнаас их өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байна гэсэн үгс гарах болсон. Тэгвэл эдийн засагт эерэг дүр зураг давамгайлахтай зэрэгцэн идэвхжилийг зөв удирдах нь өсөлтийн  тогтвортой хийгээд  хүртээмжтэй чанарыг сайжруулахад чиглэх ёстой болоод байна. Мөн өсөлтийг бүрдүүлж буй тоон үзүүлэлтүүд чухам аль аль хэсэгт илүү төвлөрөөд байна вэ. Цөөн нэр төрлийн ашигт малтмалын экспортыг дагаж орсон хэдэн ам.долларын хэд хэчнээн нь эргэж гарч байна вэ. Хэдэн хувь нь  түгжигдмэл салбарт шингэж, хэчнээн нь эргээд мөнгөний урсгал дагуулах салбар, чиглэлүүдэд очиж байна вэ гэхчлэн олон асуудал ярих хэрэгтэй болох юм. Товчхондоо, төрийн зүгээс   өсөлтийг хүртээмжтэй байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн учраас иргэдийн хувьд “манай хаалгаар тэр өсөлт чинь орохгүй байна” гэж дуугарахаас аргагүй. Өнгөрсөн жил манай улсад гаднаас 12 тэрбум гаруй  ам.доллар орж ирсэн бол буцаад гарч явсан нь 5.9 тэрбум ам.доллар байгаа юм. Импорт дагаж гарах ам.долларын урсгалыг багасгах гол зохицуулалтыг төрөөс хийх ёстой. Гэтэл эдийн засгийн бүтцээ тэлэхэд хамгийн түрүүнд хаашаа чиглэж ажиллах ёстойгоо ч зөв эрэмбэлж, тодорхойлж чадаагүй байгааг  дурдах хэрэгтэй байх.

Өөрсдийн  асуудал бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хамгийн сайн мэдэх ёстой бид өөрсдөө ийм тодорхойгүй байр байдалтай байхад олон улсын байгууллагуудын зүгээс манай асуудлыг шийдвэрлэх олон л санал санаачлагуудыг гаргаж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас манай улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, экспортыг илүү өрсөлдөөнтэй болгон төрөлжүүлэх гол арга замуудыг шинэ тайландаа өгүүлжээ.

Улаанбаатар хотоор дамжин БНХАУ ба ОХУ-ыг холбох тээврийн гол сүлжээ болох Монголын эдийн засгийн төв коридор нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж, уул уурхайн нөөцөөс бусад бараа бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх таатай боломжийг олгохоор байгаа ч  ашиглалт бага, ахиц дэвшилгүй гэх юмгүйг тайланд онцолжээ. Эдийн засгийн коридорыг үр өгөөжтэй ашиглахад хоёр хөршийн хандлага чухал ч Дэлхийн банкны тухайд манай эрх баригчдыг илүү санаачлагатай, үр ашигтай ажиллахыг сануулж байна.


 МАРТИН РАЙЗЕР: ЭДИЙН ЗАСГИЙН ТӨВ КОРИДОРЫН ПОТЕНЦИАЛЫГ БҮРЭН АШИГЛАХ НЬ ЧУХАЛ

Ноос, ноолуур, мах, арьсан эдлэл үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээний шинжилгээ тайлан нь хөдөө аж ахуйн гол гурван салбарыг шинжлэх замаар эдийн засгийн төв коридорын гүйцэтгэлийн дутагдлыг шинжлэхэд чиглэсэн аж. Түүнчлэн эдгээр салбаруудад тулгарч буй сорилтуудыг оношилж, эдийн засгийн төв коридорын потенциалыг бүрэн ашиглах боломжийг нэмэгдүүлэх, эдгээр боломжийг ашиглахад шаардлагатай бодлогын зөвлөмжийг хуваалцжээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад уул уурхай, түүхий эдийн экспорт тааламжтай эерэг байсан ч дэлхийн зах зээлд Монгол Улсын агробизнесийн бүтээгдэхүүний эзлэх хувь бага хэвээр байна. Монгол Улсын харьцангуй давуу талыг эдийн засгийн коридор, ялангуяа Эдийн засгийн төв коридортой холбоотой сул талууд ихээхэн хойш нь чангааж буйг Дэлхийн банкнаас тодотгож байгаа юм.

Дэлхийн Банкны Хятад, Солонгос, Монгол Улсыг хариуцсан захирал Ноён Мартин Райзер “Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг төрөлжүүлэхэд Эдийн засгийн төв коридорын потенциалыг бүрэн ашиглах нь чухал. Энэхүү тайлан нь Эдийн засгийн төв коридорын үр өгөөжийг хэрхэн сайжруулах, хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн бэхжүүлэх талаар Монгол Улсын эрх баригчдад чухал мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна” гэсэн бол  тус банкны ахлах эдийн засагч Марчин Пиатковски “Эдийн засгийн төв коридор сул хөгжсөний дээр ашиглалт бага байгаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, экспортын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төрөл зүйл, хэмжээг хязгаарлаж байна. Эдийн засгийн төв коридороор илүү их бараа бүтээгдэхүүн экспортолж чаддаг болсон цагт л түүний  эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, улмаар экспортын чанар сайжирч Монгол Улсын хөгжилд саад болж буй сөрөг нөлөөллийг зогсооно” гэсэн байна. Түүнчлэн Эдийн засгийн төв коридорын үйл ажиллагааг сайжруулахад богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээнүүд авч болохыг зөвлөжээ.

Хилийн боомтуудын бүх байгууллага агентлагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохицуулах, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх худалдааны хэлэлцээрүүдийг дэмжих, Улаанбаатар хот орчимд хөдөө аж ахуйн шинэ кластер бий болгох, худалдаа, гаалийн хяналт, хүнсний аюулгүй байдлын талаар ОХУ болон Хятад улстай одоо хүчин төгөлдөр байгаа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг дунд хугацаанд авч хэрэгжүүлж болохыг санал болгосон байна. Тэгвэл дунд хугацааны бодлогын шийдлүүд нь Эдийн засгийн төв коридорын дагуу төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг бүрэн дагаж мөрдөх, Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх Гэрээг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top