Үнийн өсөлтийн ЦААНА...

2019 оны 06 сарын 04

Ирэх 2020 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд инфляцийн түвшин найман хувиас ихгүй байхаар тусгасан. Төв банкны хувьд жилийн инфляцийг найман хувьд барих зорилттой байгаа. Харин Азийн хөгжлийн банк гэхчлэн олон улсын байгууллагуудаас инфляцийг 8.5 хувьд хүрч магадгүй гэсэн таамаглалыг танилцуулаад буй. Инфляцийг өсгөхгүй байх, иргэдээ үнийн дарамт дор зүдрээхгүй байх нь төр засгаас анхаарах ёстой гол асуудал. Инфляци буюу үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл нийгмийн анхаарлын  төвд байдаг. Тэгвэл  энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг  хувь, өмнөх оны эцсээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн. Цаашлаад инфляцийн өсөлтийг хязгаарлах бодит боломж юу байна вэ гэдэг асуудал мэдээж гол нь. Үүний тулд урхаг шалтгаануудаа бид сайн анзаарах ёстой. Төв банкнаас гаргасан энэ оны эхний улирлын байдлаарх эдийн засгийн тоймд инфляцийн нөхцөл байдлыг хэрхэн авч үзсэнд анхаарал хандуулъя.

Инфляци буюу үнийн өсөлт энэ  оны эхний улиралд бүх бүс нутгаар өсөлттэй гараад байгаа юм. Ингэхдээ хүнсний үнийн инфляци  Улаанбаатараас бусад бүсийн хувьд ерөнхий индексээсээ илүү байгаа нь хүнсний хэрэглээний гол зүйл болох махны үнийн өсөлттэй голчлон холбоотой байна.

Нэг килограмм хонины махны үнэ бүс бүсийн хэмжээнд 19,5-28,1 хувь  өссөн бөгөөд хамгийн их өсөлт Хангайн бүсэд, хамгийн бага өсөлт Улаанбаатар хотод байна. Долларын нэрлэсэн ба бодит ханшийн өсөлтийн зөрүү 7,8 хувь буюу бодит өсөлт нь 2,8 хувь, сар бүрийн хэлбэлзэл нь огцом өөрчлөлтгүй жигд байгаа нь “муу л бол зүүн хойд талын овоохой” болдог ханшийн инфляцид шилжих үр нөлөө бага буйг харуулж байна.

Инфляцийн өсөлтийн хүчин зүйлүүдийн задаргааг энд авч үзэлгүйгээр зөвхөн махны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулж харахад махны үнийн өсөлтийн өрхийн төсөвт үзүүлэх дарамт нэмэгдсэн байна. Уг дарамтыг багасгахын тулд төр, засгаас авч хэрэгжүүлж буй болон авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үндэслэлийг сайн гаргах нь чухал гэж Төв банкны зүгээс үзэж байна.

Юуны өмнө жил бүрийн 4,5-р сард тохиолддог улирлын хэлбэлзлийг анхаарах ёстой.  Олон жилийн дунджаар жил бүрийн өдийд инфляцийн геометрийн дундаж болон медиан өсөлт түүхэн байдлаараа бусад саруудаас  өндөр байдаг. Гэхдээ энэ нь махны үнэ жилийн энэ үед өсдөг дараа нь тогтворждог гэсэн хэвшмэл сэтгэлгээ, эсвэл зах зээлийн үнийг буулгах, үнийн өсөлтөд ченжүүд гэх мэт буруутай гэж үздэг, тагнуулынхан хүртэл оролцож шалгадаг төрийн оролцооны паник сэтгэлгээний алинаар ч бүрэн тайлбарлагдахгүй, илүү гүнзгий нийгэм, эдийн засгийн гэж болохоор шалтгаантай гэдгийг одооноос бодлогын түвшинд анхаарах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Махны үнийн өсөлтийг эдийн засгийн талаас нь тайлбарлахын тулд малын үнэ, малын түүхий эдийн үнэ, зах зээлийн бүтэц, хандлагыг анхаарах, нийгмийн талаас нь тайлбарлахын тулд малчин өрхүүдийн бүтэц, мал хөрөнгийн бүтцийн өөрчлөлт, орлого, хэрэглээний тал дээр өрнөж буй үйл явц, хөдөөгийн ядуурал, орлого, хөрөнгийн тэгш бус байдлын үйл явц хэрхэн өөрчлөгдөж буйг иж бүрэн, өргөн хүрээтэйгээр судлах нь зайлшгүй болсон байна.

. Малын гаралтай түүхий эдийн үнийн өөрчлөлт, бүс нутгаар

Мал аж ахуйн бүтээгдэхүүний бүсийн дундаж үнийн сүүлийн дөрвөн  жилийн эхний улирлуудын хандлага, олон жилийн дунджаас харахад зах зээлийн нэг ерөнхий зүй тогтол ажиглагддаг. Энэ нь малын үнийн өсөлт, бууралт, малын түүхий эдийн үнийн өсөлт, бууралт, зах зээлийн байдал хоорондоо урвуу хамааралтай. Өөрөөр хэлбэл, малын үнэ төрлөөрөө өссөн үед малын түүхий эдийн үнэ буурдаг  байдал юм. Цаашид инфляцийн хүлээлтийг удирдах зорилгоор бүс нутгийн инфляцийн судалгааг гол бараа, түүхий эд, хэрэглэгчдийн бүлгээр ялгавартайгаар хийх, мөнгөний бодлогын үр нөлөө бүс нутгуудад хэрхэн тархаж буй талаар анхаарах нь зүйтэй. Энэ нь мэдээж зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төдийгүй нийгэм, эдийн засгийн бусад хүчин зүйлүүдээр тайлбарлагдахаар байгаа. Тэрчлэн цаашид гүнзгийрүүлж судлах, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төрийн бодлогын үр нөлөө төдийгүй малчин өрхүүдийн behavioral шинж талаас нь анхаарвал зохих юм.

Махны үнэ бүрдэлтийн нийлүүлэлтийн хэлхээний бүрдэл хэсэг бүр дээр үнийн өсөлтийг эрэн сурвалжилж хэн нэгэн буруутныг тодруулах гэхээсээ малчин өрхүүдийн дунд сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй нийгэм,  эдийн засгийн үйл явц, түүний хандлагыг тодорхойлох нь малын, махны үнэ яагаад өсдөг вэ гэдгийг тодорхойлоход ч хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Сүүлийн арваад жил малчин өрхүүдийн дунд хөрөнгийн ялгарал буюу малын тоо, сүргийн бүтэц, чанар гэх мэтээс үүдсэн орлого, хэрэглээний томоохон өөрчлөлт явагдсаны үр дүнд өнөөгийн байдлаар нийт малын олонхи (80 хувь орчим) нь нийт малтай өрхийн цөөнхөд (45 хувь орчим) харъяалагдах болсноор махны зах зээлийн нийлүүлэлтийн талд өөрсдийн мал, махаа зарах хэрэгцээ гэхээсээ илүү зах зээлийн эрэлтийг дагасан, сонжсон, хүлээсэн, үнийн, зах зээлийн мэдээллийн асиметрик байдлаас гарсан, илүү “entrepreneur” шинжтэй болсон малчин өрхүүд махны зах зээлийн нийлүүлэлтийг голчлон хангаж байна. Товчхондоо бол эдгээр нийлүүлэгчийн хувьд Улаанбаатар хотын хэрэглэгчид хямд үнэтэй мах идэх эсэх нь төдийлөн хамаатай сэдэв биш гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top