Газрын тосны үнийн өсөлт шатахууны үнийг ДАРАМТАЛЖ эхэллээ

2019 оны 05 сарын 02

Манай улс хөрсөн дороо тостой гэдгээ мэдэж, анхны Ерөнхийлөгч дээлээ тосдож байснаас хойш олон он улирчээ. Яг өнөөдрийн тухайд бид хойд хөршөөсөө  газрын тосны бүтээгдэхүүний хэт хамааралтай хэвээрээ байна. Гэхдээ цаасан дээрх төслүүдийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явааг хэлэх нь зөв байх.

Өчигдөр /2019.05.01/ Ашигт малтмал, газрын тосны газраас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон уг арга хэмжээ нь 2027 он хүртэл төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичигт заасан Монгол Улсын Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд болж буйг зохион байгуулагч АМГТГ-аас тодотгож байв. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс газрын тосны салбар дахь алдаа хийгээд онооны аль алийг хөндөж байв. Тэрчлэн Газрын тосны хуульд яаралтай хоёр, гурван зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг салбарын ахмад эрдэмтэн хэлж байлаа.

 Газрын тосны салбарын өчигдөр, өнөөдрийн өнгө төрхийг харахад манай улсын нутаг дэвсгэрт газрын тосны тав, нүүрсний давхаргын метан хийн долоо, шатдаг занарын дөрвөн эрлийн гэрээ хэрэгжиж байгаа аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 22 талбайд газрын тосны хайгуул, гурван талбайд олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй юм байна. Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд Монгол Улс олборлогч орон болж, олборлолтод шилжсэн гурван талбайн хувьд 332,64 сая тонн  газрын тосны нөөц, 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлжээ. УИХ-ын тогтоол болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гарч, “Монгол газрын тос боловсруулах  үйлдвэр” компанийг байгуулсан. 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар гараанаас гараад буй. Тэгвэл манай улсын олборлолтын хэмжээ цаашдаа жилд 1 сая тонн орчим байх тул газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг АМГТГ-аас мэдэгдэж байлаа.



ОУВС ШАТАХУУНЫ ҮНИЙГ  АВТОМАТААР ТООЦОХ ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙНА
 

2018 онд шатахууны үнийг таван удаа нэмж, эргээд 250 төгрөгөөр буулгаад байсан импортлогчид 2019 оны дөрөвдүгээр сард литр тутамд 50-80 төгрөгөөр нэмэгдүүлснээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл АМГТГ-аас дараах мэдээллийг өгч байна. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллараар, мөн дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх гурван сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам.доллараар, тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллараар, А-80, Аи-92 автобензин 53 ам.доллараар тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байна. Одоогийн байдлаар А-80 автобензин  666 ам.доллар/тн, Аи-92 автобензин 696 ам.доллар/тн, дизелийн түлш 640 ам.доллар/тн болоод байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжүүд 116.5 мянган тонноос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байгаа гэлээ.

Мөн нэг зүйлийг тодотгоход, Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны Ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-29-ний өдрүүдэд манай улсад ажиллажээ.

ОУВС нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд хэрэгжүүлсэн байна. Тодруулбал,  шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизм манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил болгох, тогтмол мэдээлж байх, улс төржилтөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн   огцом өөрчлөлтийг багасгаж, зах зээлийн зарчимд уялдуудах давуу талтай болно гэв.  ОУВС-гийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байгаа аж.

УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай хэлэхдээ “Ихэнх шатахууны Онцгой албан татварыг тэглэчихсэн байгаа учраас одоогийн нөхцөлд Онцгой албан татвараар зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаа. Цаашид ОУВС-гаас зөвлөсний дагуу энэ арга, аргачлалыг хэрэгжүүлээд явах тал руу анхаарах байх. Гэхдээ Сангийн яам, УУХҮЯ, Засгийн газрын хэмжээнд зөвшилцөх байх” гэлээ.

Мөн тэрбээр шатахууны үнийн өсөлт болоод гадаад шалтгааны талаар дараах мэдээллийг өгч, "Дэлхийн зах зээл дээр гурван сард газрын тосны үнэ өсч дөрвөн сард манайд зарж байгаа үнэ дээр шууд нөлөөлж байгаа юм. Таван сарын үнийг бид Оросуудаас авчихсан. Үнэ тодорхой хэмжээгээр өсчихсөн байгаа. Бид шатахууны үнийг аль болох хамгийн бага нэмэгдэх талаас нь л  нефть импортлогч компаниудтай ярилцаж, зөвлөмж өгч байгаа. Нөхцөл байдлыг харахад шатахууны үнэ 50 биш зуу, хоёр зуу, гурван зуу төгрөгөөр нэмэх нөхцөл бүрдчихсэн байгаа. Манай Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг  бага хэмжээгээр нэмээч ээ гэсэн зөвлөмж л өгдөг. Тулган шаардсан чиглэл өгдөггүй. Нийт дүнгээрээ 80 төгрөгийн  нэмэгдэлтэй байна. Ер нь компаниудаас газрын тосны үнэ нэмэгдэж байна. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Нэг сараас хойш бараг 150 ам.доллараар нэмэгдчихсэн байгаа. Тийм учраас үнээ нэмье гэсэн асуудлыг байнга тавьж байгаа. Бид бол үнийг нэмж болохгүй ээ л гэсэн зөвлөмжийг өгч байгаа. 2018 оны сүүлээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан  учраас бид үнээ буулгах шаардлага тавьсан. Импортлогчид ч үнээ буулгасан. Одоо бол нөхцөл байдал өөр байна. Ираны эсрэг хориг тавьсан АНУ-ын хоригоос шалтгаалан Хятад, Энэтхэг зэрэг орнууд Иранаас газрын тос экспортлох боломжгүй болж байна. Мөн Ливи улсын дотоодын хямрал нь газрын тосны олборлолтын хэмжээ огцом буурахад нөлөөлж байна. Ийм нөхцөл байдал цаашид үргэлжилбэл Брэнт төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(119.40.100.154) 2019 оны 05 сарын 03

илүү балай юм чалчихийн оронд ХЭЖИНГ хийгээч тэнигүүдээ…….

0  |  0
Top