"Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай ганцаарчилсан буюу бие даасан уран бүтээлээ эхлүүлжээ. Тэрбээр энэ оны анхны уран бүтээл болох "Хуурч болохгүй" хэмээх цоо шинэ клипээ цацаад байна. Энэхүү дууных нь аяыг "Хурд" хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр зохиож, үгийг Гэрэл бичиж, клипийг "ACE" энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ.
"Sweetymotion хамтлагийн клипний санд зохиолтой, жүжигчилсэн найруулгатай уран бүтээл ховор байдаг аж. Тэр ч утгаараа найруулагч Д.Тулга дуучин Ц.Сарнайгийн жүжиглэх нууц авъяасыг ил болгож, шинэлэг өнгө төрхтэй харуулахыг зорьжээ.
Клипэнд шинэ хосуудын учрал дундуур өөр нэгэн эмэгтэй гэнэт гарч ирэн, хуурч буй үзэгдлийг гаргажээ. Энэ үеэр Ц.Сарнай бүжигчин, жүжигчин М.Бямбааг тас хийтэл алгадаж хүртэл амжина. Хууралт хэмээн андуурсан бодлын учир зангилаа төгсгөлдөө аз жаргалтай хайрын түүх болон үргэлжилдэг.
Сүүлийн үед "Тэнгэрээс буусан од" киногоороо үзэгчдийн талархлыг хүлээж буй "Хувьсал" продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай ихэр залуугийн дүрд тун чадварлаг тогложээ. Ц.Сарнайг шинэхэн дурлалт залуутайгаа хэрхэн хоршин тоглосныг түүний шинэ бүтээлээс үзээрэй.
"Чин үнэнч хайртайгаа учирсан бол хайртай түүнийгээ хэзээ ч бүү хуураарай. Монголын минь ухаалаг залуус нэг нэгэндээ үнэнч байж, хайр сэтгэл, халуун дотно харилцаагаа үргэлж бат бэх байлгаэ, үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай амьдарч, аз жаргалаар дүүрэн байх болтугай" хэмээн клипний нээлтийн үеэр дуучин Ц.Сарнай онцолж байв.

Сэтгэгдэл ( 2 )
Гоё... андуурал бжээ
Гоё гоё амжилт