Компанийн ажилчид, менежер, төрийн ажилтнууд танилцуулгаа амжилттай болгох гэж хичээдэг. Гэсэн хэдий ч яг яаж эхлүүлэхээ мэддэггүй. Зарим нь хөгжилтэй зүйлс ярьж хүмүүсийг татахыг хичээдэг бол бүр зарим нь нуршсан тоон баримтаар эхлэх нь бий. “Аливаа ажлын эхлэл нь л хамгийн чухал” гэж эртний Грекийн аугаа сэгэгч Платон хэлсэн удаатай. Тэгвэл энэ удаагийн дугаарт АНУ-ын илтгэх урлагийн багш, Well Said Inc., компанийн захирал Дарлен Прайсын зөвлөгөөг хүргэж байна.
Сонирхолтой түүх ярьж өг
“Танилцуулга, илтгэл тавьж байгаа хүмүүсийн дийлэнх нь энэ аргыг ашигладаг. Ашигласан хүмүүсийн дийлэнх нь амжилттай болсон байдаг юм шүү” гэж Д.Прайс ярьж байна. Таны танилцуулгатай холбоотой ямар ч сонирхолтой түүх байж болно. Гагцхүү та түүнийг нэг их нуршилгүйгээр богино хугацаанд хүмүүст ойлгуулах, басхүү анхаарлыг нь татах шаардлагатай. Д.Прайсын зөвлөж байгаагаар энэ яриа дөнгөж 60-90 секунд л үргэлжлэх учиртай аж. Хэрвээ та түүхээ хэтэрхий удаан ярьвал бүтэлгүйтэл болж хувирах талтай.
Анхаарал татам асуулт асуу
Илтгэх урлагийн багш нар үүнийг ихэнх шавь нартаа зөвлөдөг. Хэрвээ та үнэхээр олон нийтийн анхаарлыг ярьж буй зүйлдээ төвлөрүүлэхийг хүсвэл яагаад асуултаар яриагаа эхлэж болохгүй гэж. “Тухайн хүн өөрөө асуултаа чанга дуугаар тавих ёстой. Гэхдээ энэ хашхирна гэсэн үг биш. Хамгийн гол нь таны асуулт итгэл төрүүлэхүйц байх ёстой шүү” гэж Д.Прайс хэлжээ. Асуултын хариулт нь хүмүүсийг хэт бодолд автуулж болохгүй. Хэрвээ тэгэх аваас таны илтгэл болон танилцуулгын эхний 5 минут ойлгох хүн бараг гарахгүй байж болох юм. Хариулт нь “тийм” эсвэл “үгүй” байхаар тооцож асуугаарай.
Санаанд оромгүй баримт, мэдээллээр эхэл
Статистик мэдээлэл илтгэлд тэр бүр хэрэглэгдээд байхгүй ч хэрвээ жорыг нь тааруулбал амжилтанд хүргэж болдог. Үүний нэг жишээ гэвэл Калифорнийн нэгэн сэтгэл судлалын байгууллагын танилцуулга. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар танилцуулга бэлдсэн багш нар “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тохиолдож болох аюул занал, эрсдэлийг мэдээлээгүйгээс шалтгаалан АНУ-д жилдээ 400 мянган хүн амиа алддаг” гэж эхлэж байжээ. Калифорни мужийн засаг захиргаа энэ илтгэлийн дараа тэдний боловсруулсан технологийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт гаргасан байна. “Аливаа нэгэн тоо баримт, статистик мэдээлэл нь таны танилцуулах гэж байгаа гол асуудалтай шууд холбогдож байх ёстой” гэж Д.Прайс хэлжээ.
Сэтгэгдэл төрүүлэхүйц онч үг ашигла
Ингэхдээ та олны амны уншлага болсон эшлэл, афоризмуудаас аль болох татгалзаарай. Таны хэлсэн эшлэлийг хүмүүс мэдэхгүй атлаа сэтгэгдэл төрүүлцэхүйц байх нь хамгийн чухал. Гэхдээ хэн хүний мэдээд байдаггүй жирийн хүний хэлсэн үг хүмүүсийн тархинд буухгүй байх нь бий. “Алдарт зохиолч Марк Твейн нэгэнтээ “Хэрвээ хоёр хүн нэг зүйл дээр санал нийлж байвал, нэг нь гарцаагүй зөрж байгаа” гэж хэлсэн байдаг. Тиймээс үзэгчдийн дунд санал нийлэхгүй хүн гарна. Санал нийлэхгүй хүн юу ярих бол гэдгэт анхаарлаа хандуулах бол санал нийлж байгаа нь таны илтгэлийг үндсэнд нь хүлээн зөвшөөрнө гэж ойлгож болно” гэж Д.Прайс ярьжээ.
Анхаарал татах зураг ашигла
Хүн чихэндээ биш нүдэндээ итгэдэг гэсэн үг бий. Магадгүй таны танилцуулганы гол санааг нэг зураг харуулчихаж болох юм. Гэхдээ таницуулгаа дуусан дуустал гэрэл зургаар “бөмбөгд” гэсэн үг биш. Цахилгаан бараа зохион бүтээдэг нэгэн компанийн гүйцэтгэх захирал ажилтнууддаа Мөсөн уулын зураг үзүүлээд “Титаник юу мөргөж сүйрсэн бэ?” гэж асуусан байна. Тэнд цугларсан хүмүүс бүгдээрээ л “мөсөн уул” гэж хариулсан гэдэг. Харин захирал үүний дараа “Тиймээ мөсөн уул мөргөсөн. Гэхдээ ихэнх мөсөн уул усны хөвөөнөөс доор байдаг. Тиймээс та бүхэн аливаа эрсдэлийг тооцоолохдоо үүсэн бий болох нөхцөл шалтгааныг нь бодож байгаарай” гэж хэлжээ.
Бүтээлч үзүүлэн ашигла
Зарим илтгэл ярихаасаа илүүтэй үзүүлэн ашиглавал үр дүнд хүрэх нь бий. Тиймээс анхаарал татах үзүүлбэр бэлтгэж ч болох юм. Гэхдээ урлагийн үзлэгт үзүүлдэг “шог гараа” шиг байж болохгүйг санах хэрэгтэй. VP нэртэй даатгалын нэгэн компанийн захирал олон нийттэй харьцах албаны ажилтадтай уулзах үеэрээ бүгдэд нь нэг, нэг ширхэг теннисний цохиур өгчээ. Тэгээд бүгдээр нь бөмбөг цохиулсан байна. Тэгээд ажилчдаасаа “Их Дуулгын тэмцээнд түрүүлэхэд юу чухал вэ” гэж асуусан гэдэг. Гэтэл зарим нь “цохиур”, “гутал”, “тамирчин” гэж янз янзын хариулт өгсөн байна. Захирал сарын дараа яг энэ цагтаа цугларахыг сануулаад сарын дараа уулзжээ. Мөн л сарын өмнө асуусан асуултаа ажилтнуудаасаа асуухад өмнөх шигээ л хариулт өгч байлаа. Харин захирал нь ажилтнууддаа “Энэ бол сайн дасгалжуулагч байдаг юм. Тиймээс та нар олон нийтийн санал, шүүмжийг байнга сонсч байх хэрэгтэй” гэж хэлж байсан ажээ.
Богино дүрс бичлэг үзүүл
Таны ярих сэдэв, танилцуулах зүйлтэй чинь авцалдаж байгаа ямар ч төрлийн богино бичлэгийг та үзүүлж болно. Гагцхүү сонирхолтой байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Алдарт зохион бүтээгч Стив Жобс “iPod” төхөөрөмжөө олон нийтэд танилцуулах үедээ том хөгжим барьсан 80-аад он, cd тоглуулагч барьсан 90-ээд оны бичлэг үзүүлээд. Яагаад халаасанд багтаж болохгүй гэж асуусан богино бичлэгээр эхэлж байсан түүхтэй. Энэ жишээг америкийн нийгмийн ухааны сургуулиуд их ашигладаг байна. “Заавал богино бичлэгээр эхлэнэ гэсэн дүрэм байхгүй ч заримдаа энэ нь маш зөв шийдвэр байдаг. Хэрвээ сэдэвтэй чинь тохирохгүй бол үзүүлэх гээд хэрэггүй” гэж Д.Прайс ярьжээ.
Таны тавих танилцуулга, илтгэлд чинь амжилт хүсье. Яагаад туршаад үзэж болохгүй гэж?.
Сэтгэгдэл ( 1 )
Наааяяс\n