ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Өнөөдөр 2019.03.26. Монгол эх оронд маань нар 06 цаг 43 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 1 градус, ялимгүй хуртай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр Вьетнамд Залуусын өдөр, Украинд Үндэсний гвардын өдөр, Бангладешт Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр хайлтын алдарт “Google” компанийг үүсгэн байгуулалцсан Ларри Пэйж, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Анна Каренина” зэрэг алдартай киноны од Кира Найтли, Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Мэттью Греверс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1934 оны энэ өдөр Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат /I цахилгаан станц/ ашиглалтад оржээ. Тэгвэл 1956 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ, ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийв. 1958 оны энэ өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулжээ. 1963 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглав.

1910 оны энэ өдөр Манжийн харьяанд байсан дотоод Монголын Их хүрээнд Монгол лам нар болон Манж хятад худалдаачдын хооронд зодоон болжээ. Хүрээнд гурван монгол лам, Хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, зодолдсонд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоон хийж буй монгол лам нарыг баривчлан, цагдаагийн газар руу авч явахыг оролджээ. Харин хүрээний олон монгол тэд нар руу дайрч, улмаар хятад пүүсийг эвдэв.

2006 оны энэ өдөр Хятад, Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцжээ. 2010 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан билээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1934 оны энэ өдөр Их Британи улсад жолооны курсүүд байгуулагдаж, жолоочдыг сургаж эхэлжээ. 2005 оны энэ өдөр БНХАУ-ын боловсруулсан салан тусгаарлах үзэлтэй тэмцэх тухай хуулийг эсэргүүцэж Тайванийн нийслэл Тайпей хотод 200-300 мянган хүнийг хамарсан жагсаал болсон билээ. 2010 оны энэ өдөр Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн “Чонан” хөлөг онгоц пуужинд харвуулж, 46 далайчин амиа алдав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч үүнийг Хойд Солонгосын хийсэн үйлдэл гэж зэмлэсэн.

2017 оны энэ өдөр ОХУ-ын 99 хотод авлига, хээл хахуулийг эсэргүүцсэн жагсаал болж байв. Оросын судалгааны "Левада" төвөөс явуулсан судалгаагаар нийт иргэдийн 38 хувь нь тус эсэргүүцлийг дэмжиж байсан бол 67 хувь нь Ерөнхийлөгч Путинийг энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр ихрийн ордныхон амжилтаар дүүрэн байна. Тэгвэл хонины ордныхон аливааг хэтрүүлэлгүй ухаалаг байгаарай.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ. Бар, морь жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Энэ өдөр хулгай дээрмийг номхотгох, хүүхэд үрчилж авахад сайн. Харин хэрүүл маргаан хийх, нүүж суухад таатай биш. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top